HYUNDAI EQUUS

Hyundai компанийн хамгийн том дээд ангиллын, люкс, суудлын седан загвар бөгөөд Equus гэдэг нь латин хэлний ”морь” гэсэн үг юм байна. 2009 оноос шинэ загварыг нь гаргасан бөгөөд хойд хөтлөгчтэй, BMW 7 series, Mercedes S-class, Audi A8, Lexus LS-тэй өрсөлдөхөөр гарсан байна.

1-р үе (1999-2009он)

1999 онд Японы Mitsubishi Motors-той хийсэн гэрээний дагуу бүрэн хэмжээний люкс автомашин үйлдвэрлэн дотоодын зах зээлд Mercedes S class, BMW 7-той, өөрсдийн үйлдвэрлэгчдээс Ssang Yong Chairman-тэй өрсөлдөхөөр үйлдвэрлэж эхэлсэн байна. Солонгост энэ загвар их амжилт олсон бөгөөд бас нэлээн хэдэн улсад гаргадаг болсон.

Анхны үе нь Mitsubishi Proudia гэх урд хөтлөгчтэй 5.1 метр урттай 1.9 метрийн өргөнтэй суудлын автомашиныг тэр чигт нь авч үйлдвэрлэсэн. Уртасгасан лимузин загварыг дотоодын зах зээлд 92 сая 510 мянган воноор худалдаалжээ. Энэ уртасгасан лимузин нь мөн л Mitsubishi Dignity гэсэн япон дахь лимузин хувилбар нь юм байна. Эдгээр нь Солонгос, Хятад, дундад Азид худалдаалагдсан.

Хөдөлгүүр нь 3.5 литрийн V6 Sigma, 4.5 литрийн V8 8А80 (Omega) гэсэн хөдөлгүүртэй ба мөн л япон эх хувилбартайгаа адил юм. Тухайн үед өндөр октантай бензин хэрэглэдэг хөдөлгүүр нь Солонгосын энгийн бензинд тохиромж муутай байсан учир хэсэг хугацааны дараа Hyundai-гийхан өөрсдөө GDI хөдөлгүүрийг нь энгийн MPI форсунктой болгон өөрчилсөн.

Hyundai Equus 1-р үе
Hyundai Equus 1-р үе

2003 онд урд нүүрийн хэсэг болон салоны хэсгийн зарим зүйлийг шинэчилсэн. Үүнд арын зорчигчид зориулсан 7 инчийн дэлгэц, кисенон их гэрэл, урд талын зогсоолын зайн мэдрэгч зэрэг орно. 2005 оноос Mitsubishi Motors нь Proudia болон Dignity загварынхаа үйлдвэрлэлийг зогсоосноор Солонгос дахь загварын хөдөлгүүрт өөрчлөлт оржээ.

3.3 болон 3.8 литрийн V6 Lambda серийн Hyundai-ийн өөрсдийн бүтээсэн хөдөлгүүрийг хэрэглэх болсон, харин автомат хурдны хайрцагт өөрчлөлт ороогүй байна. Ингээд 2008 он гэхэд дараагийн шинэ загвар гарах болж энэ загварын үйлдвэрлэл зогссон бөгөөд дараачийн загвар нь хойд хөтлөгчтэй тэс ондоо болсон юм.

Hyundai Equus 1-р үе
Hyundai Equus 1-р үе

2-р үе (2009 он- )

2009 оны 3 сард Hyundai шинэ загварын дээд ангиллын загвараа “VI” кодтойгоор гаргасан. Энэ нь түрүү үеийн загвараас урт бөгөөд, том, хөдөлгүүр нь өөр болсон юм.  Хуучин загвараас зөвхөн зах зээлд аль хэдийн нэр хүндтэй  болсон Equus нэрийг нь л авч үлдсэн.

Дотоодын зах зээлд 3.8 литрийн хөдөлгүүртэй “Prime” болон 4.6 литрийн “Prestige” гэсэн 2 хувилбараар үйлдвэрлэгддэг. 2009 оны 8 сараас Хятадын зах зээлд гаргасан.

2010 онд Forbes сэтгүүлийн хамгийн сэтгэл хөдөлгөм 10 машин буюу “10 exciting cars for 2010” гэсэн шалгаруулалтад бичигдсэн байна.

2-р үеийн Hyundai Equus
2-р үеийн Hyundai Equus

2010 онд Хойд Америкийн авто үзэсгэлэнд тавигдсанаар Америкт анх хөл тавьжээ. Мөн оны Нью-Йоркийн үзэсгэлэнд 4.6 литрийн V8 хөдөлгүүртэй боловч Hyundai Genesis-ээс 10 морины хүчээр илүү хүчтэй буюу 385 морины хүчтэй хөдөлгүүр, 5.0 литрийн V8 429 морины хөдөлгүүртэй загварыг нийтэд танилцуулсан юм.

5.0 литрийн хөдөлгүүр нь 2011 оноос захиалгаар тавигдах ба 2012 оноос Hyundai Genesis-т тавихаар төлөвлөсөн. Америкийн Equus нь капотны дээр босоо суулгасан эмблем, урд нүүрийн тор нь хэвтээ шугамтай, i-Pad төхөөрөмжтэй.

2-р үеийн Hyundai Equus дотор салон
2-р үеийн Hyundai Equus дотор салон
Лимузин загвар

2009 оны 9 сард энгийн загвараас 300мм урт лимузин загварыг гаргасан бөгөөд V8 5.0 литрийн 368 морины хүчтэй хөдөлгүүр тавьсан. Седан загварт байхгүй хэвтээ шугамтай урд нүүр, хөл амраагч автомат тавцан, суудлын массаж зэрэг олон нэмэлтүүдтэй. 2009 онд ерөнхийлөгчид зориулсан 5.5 литрийн хөдөлгүүртэй тусгай загварыг үйлдвэрлэжээ.

Hyundai Equus лимузин загвар
Hyundai Equus лимузин загвар