TOYOTA FJ CRUISER

2006 онд Toyota-гаас гаргасан шинэ загварын SUV ангиллын авто машин бөгөөд Токиогийн ойролцоох Хамура хот дахь Hino хүнд машины үйлдвэрт үйлдвэрлэдэг. Эхлээд хойд Америкт зориулан үйлдвэрлэсэн боловч японы дотоодын фэнүүд их байсан учраас 2010 оны 12 сараас японы зах зээлд зориулан баруун талдаа жолоотойгоор гаргаж эхэлжээ.

Тун удалгүй нэгэнт баруун талдаа жолоотой хувилбар гарсан тул 2011 оны 4 сарын 11-ээс Австрали, Шинэ Зеланд руу гаргаж эхэлсэн байна.

Дугуй гэрэл, зууван хэлбэрийн нүүр, TOYOTA бичээс, цагаан дээвэр зэрэг нь анхны Landcruiser FJ40-ийг санагдуулам болсон юм, угаасаа ч түүнээс санаа авсан гэж зохион бүтээгчид нь ярьдаг. 2000 онд Род Миллен гэгч Landcruiser 100-ийн арал хөдөлгүүр болон FJ45-ыг нийлүүлэн Retrocruiser гээгчийг угсраагүй бол FJ Cruiser шинээр төрөхгүй байсан байж ч магадгүй, эсвэл түүнээс шал өөр SUV төрөх байсан юм билүү.

FJ CRUISER

Род Миллерийн хийсэн Retrocruiser
Род Миллерийн хийсэн Retrocruiser

Ялангуяа эгц урт нарийн урд шил, бахим бүдүүн урд талын багана зэрэг нь өөрийн эрхгүй хуучны стилийг санагдуулдаг. Хэдий тийм ч аэродинамикийн үүднээс авч үзвэл энэ нь сул тал бөгөөд  үүнийг засах санаачлага гарч байсан боловч тэр чигээр нь үлдээсэн юм. Хойд Америкт бол энэ нь бүхэлдээ модерн стиль оруулсан гэж үздэг.

Үндсэн арлыг Landcruiser Prado-ийн рамыг тэнхлэг хоорондын зай нь 2690мм байхаар богиносгож, тэнхлэг хүч дамжуулах ангийг Toyota Tacoma-аас авснаар 4Runner (Hilux Surf) болон Prado-г эвцэлдүүлж хийсэн загвар болсон юм. Туслах кроп нь 6 шатлалтай механик, байнгын Fulltime 4 дугуйн хөтөлгөөтэй ба 5 шатлалтай автомат кроптой нь урд дугуйн хөтлөгчийг салгах Parttime хийцтэй.

Rolls-Royce шиг дэлгэгдэж онгойдог
Rolls-Royce шиг дэлгэгдэж онгойдог

Хөдөлгүүр нь Prado, 4Runner, Tacoma-д тавьдаг 4.0 литрийн 1GR-FE хөдөлгүүртэй боловч тухайн хэрэглэгчийн хэрэглэдэг бензиний октан, хурд зэрэгт уялдуулан хэд хэдэн төрлийн ECU болон, хий хуваарилах механизмаар тоноглодог байна. Бүх загваруудын рычаг шалан дээр байрлалтай. Хорт хаягдлын хэмжээг 50% бууруулсан.

Хаалга нь дунд баганагүйгээр дэлгэгдэж онгойдог ба урд суудлын аюулгүйн бүс нь хойд хаалганд байдаг нь зарим үед хойд хаалгыг онгойлгоход түвэгтэй болгодог юм. Салоны багаажны хэсгийн шалыг зөөлөн материалаар бүрсэн. Агааржуулагчийн удирдлага, хаалганы дотор бариул, рычаг зэрэг нь хэрэглэхэд эвтэйхэн том.

Япон дахь хувилбар нь зүүн урдаа хажуу доод талыг харах жижиг тольтой ба крыло дээрээ жижиг дохионы гэрэлтэй, хойд номер нь бампер дээр байрлахаар хийгдсэн. Мөн хойд бампер дээр нэмэлт гэрэлтэй болсон ба Америкийн загварт бол гэрэл цацруулагч л байдаг. Мөн хөгжмийг стандартаар бус нэмэлт сонголтоор хийлгэх боломжтой байдаг.