ИХ ҮСРЭЛТ - ХЯТАД УЛСЫН ЗАМЫН ХӨГЖИЛ

Хэрвээ бид баяжихыг хүсч байвал зам барьж эхлэх ёстой

Хятадад шинэ замыг цагт 750 метрийн хурдтай барьж байна. Харин бид хөрш орны туршлагыг судалж “Хятадын зам барих гайхамшгийн” талаар дараах нийтлэл бэлдлээ.

ОГТ ОРГҮЙГЭЭС

Одоогоос 50 жилийн өмнө БНХАУ аж үйлдвэрлэлийн салбарт илүү анхаарал хандуулж зам барилгын ажлыг бүр мөсөн орхисон юм. Тиймдээ ч асфальтан замын уртаар буурай хөгжилтэй орнуудтай нэг түвшинд байв. Харин 80 -аад оноос Хятадын төр засаг зам тээврийн салбарыг улс орны хөгжлийн хэмжүүр болгосноор “Хятадын зам барих гайхамшиг” ийнхүү эхэлсэн юм. Түүгээр ч барахгүй “Хэрвээ бид баяжихыг хүсч байвал зам барьж эхлэх ёстой” гэсэн уриа иргэн бүрийн ухамсарт сууж эхлэв. Ингээд 1985 оноос улс болон хот хоорондын хурдны зам тавих бодлогыг хэрэгжүүлж эхлэн чанарын стандарт тогтоож, гадны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн (төрийн сан, зам тээврийн татвар, хурдны замын татвар, машин худалдан авалтын татвар гэх мэт) нэгдсэн журам гаргаж “Зам барилгын хууль” баталсан.

Анх 1988 онд Шанхай-Чяндин (18,5 км) хооронд хурдны зам тавьснаар Хятадын “Их үсрэлт”-ийн түүх эхэлсэн гэдэг. Үүнээс хойш АНУ болон Европын зам барилгын 50 жилийн ажлыг хятадууд ердөө 10 жилд гүйцэтгэсэн юм. Хурдны зам тавьснаар улс орны зам барилгын ажил түргэсээд зогсохгүй хүрз, түрдэг тэрэг, зам тэгшлэгчийн үйлдвэрлэл нэмэгдэж олон сая ажлын байр бий болсноор эдийн засаг яахын аргагүй сайжирсан юм.

Өнөөгийн байдлаар хурдны зам барих ажил нь “хөл дээрээ зогсож” 21 -р зууны эхэнд нийт уртаар 10.000 км хүрсэн. 2002 онд энэ тоо нь 20.000 км болж 2008 онд хурдны замын урт 60.000 км хүртэл өссөн!  

Харин 2013 он гэхэд БНХАУ-н асфальтан замын нийт урт 4,1 сая км болж хурдны замын нийт урт 104.500 километрт хүрснээр улсын дээд амжилтыг тогтоосон юм. Статистикийн хувьд авто замын хөгжлийн ойрын таван жилийн (2011-2015 онуудад) төлөвлөгөөг харвал 200.000-аас дээш хүн амтай хотууд хурдны замаар холбогдох төлөвлөгөөтэй байгаа. Түүгээр ч зогсохгүй Хятадад 300.000 гаруй гүүр байдгаас 1000 орчим нь нэг километрээс дээш урттай юм. Тиймдээ ч ердөө хорьхон жилийн дотор БНХАУ нь орчин үеийн зам барилгын үзүүлэлтээр дэлхийд хоёрт жагсах нь мэдээж хэрэг.

НУУЦ ТЕХНОЛОГИ

Хятадууд шинээр юу ч сэдээгүй. Гагцхүү эдийн засгийн хөгжил, зорчигч болон тээвэр зуучийн чиг хандлага, автомашины өсөлт гэх хүчин зүйлүүдийг нарийн судалж гаргасан зам тээвэр хөгжлийн бодлого чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд ч төрийн санд их хэмжээний мөнгө байхад зам тээврийн хөгжилд хангалттай хөрөнгө хаяхаас өөр аргагүй л дээ.

Одоо дийлэнх хотуудыг холбосон ч жил бүр 12 тэрбумыг төсөвлөсөөр байна.

Асуулт: Яагаад манай улс хангалттай хөрөнгөтэй хэрнээ одоог хүртэл нэг ч хурдны замгүй юм бол? 2005-2011 оны хооронд Хятад улс нь хурдны замын барилгын ажилд жилд 17-18 тэрбум ам. доллар зарцуулж байсан бол одоо дийлэнх хотуудыг холбосон ч жил бүр 12 тэрбумыг төсөвлөсөөр байна.

Хэдийгээр орон нутаг, мужийн захиргаа нь зам барилгын явцыг нийтэд нь хянадаг ч эхний ээлжинд тендерт ялсан гүйцэтгэгч компани бүх зардлыг гаргадаг. Ингээд ажлаа гүйцэтгэж дуусгасны дараа төр засаг зөвхөн гэрээнд заасан (илүү ч үгүй, дутуу ч үгүй) мөнгийг олгодог. Тэгэхээр зам барилгын ажил гүйцэтгэгч компани нь гаргасан зардлаа түргэн буцааж авахын тулд ажлаа богино хугацаанд гүйцэтгэх учир нийт зам барилгын салбар хурдацтай хөгжих нь дамжиггүй. Үүнд, 25 жилийн чанарын баталгааны гэрээ байгуулдаг учир зам нь ч сайн байх нь мэдээж юм.

 20 сая гаруй хүн амтай Шанхай хот зам тээврийн асуудлыг маш оновчтойгоор шийдсэн.  Гол нууц нь аль болох их зам ба олон түвшний уулзвар барихад оршиж байгаа юм.
20 сая гаруй хүн амтай Шанхай хот зам тээврийн асуудлыг маш оновчтойгоор шийдсэн. Гол нууц нь аль болох их зам ба олон түвшний уулзвар барихад оршиж байгаа юм.
МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭР

Хятадын газар нутгийн дийлэнх замаар зорчиход үнэ төлбөргүй байдаг. Харин төлбөртэй замыг хоёр төрөлд ангилдаг. Нэгдүгээрт, улсын буюу төрийн  мөнгөөр барьсан, нөгөөх нь байгууллага пүүсийн буюу компани өөрийн хөрөнгөөр барьж янзалсан. Жолоочийн хувьд аль ч замаар зорчиход ялгаа байхгүй ч хуулийн дагуу ашиглалтад орсноос хойш улсын зам 15 жил, харин байгууллагын зам 25 жилийн дараа төлбөргүй болдог. Жижиг тэрэг километр тутамд цаг, улирлаас хамааран 0,25-0,6 юань (79-190₮) төлдөг. Харин ачааны машин 0,5-1,4 юань (157-410₮) хооронд хэлбэлздэг учраас европын ханшаас ялгаагүй болж таардаг. Гэхдээ Европ болон Японыг бодвол хот доторх хөдөлгөөн нь үнэгүй. Өөрөөр хэлбэл Шанхай хотын хамгийн сүүлийн үеийн технологиор барьсан 6 түвшний уулзвараар зорчиход мөнгө төлдөггүй бол Токиод энэ төрлийн уулзвар төлбөртэй.

Би хувьдаа хятадын авто замаар олон удаа зорчиж байсан болохоор ялангуяа хойд нутгаар эвдэрч гэмтсэн зам ихтэй байдгийг мэднэ. Гэсэн хэдий ч шинэ зам, гүүр болон олон түвшний уулзварын барилгын хурдыг харвал үнэхээр гайхмаар. Зарим хэсгээр газар нутаг нь ч танигдхааргүй болтол өөрчлөгдөж эзгүй хээр талд хурдны зам, цаашлаад хоёр түвшний уулзвар баригдсан байх жишээтэй. Харин хамгийн их сэтгэлд хүрсэн зүйл гэвэл гурван жилийн өмнө баригдсан Дунхайн гүүр юм. Газрын зураг үзвэл энэхүү гүүр нь далайгаар тавигдсан мэт сэтгэгдэл төрүүлэх ч үнэн хэрэгтээ тийм биш. Далайн худалдааны эргэлтээр дэлхийд тэргүүлэх Шанхайн боомт нь Янцы голын адагт байрладаг учир чингэлэг тээврийн том хөлөг онгоц хүлээн авах боломжгүй юм. Энэ асуудлыг шийдэх үүднээс Яньшань хэмээх бичил арал дээр шинэ боомт барьж эх газартай нь 32,5 километрийн урттай гүүрээр холбосон. Гайхалтай бүтээн байгуулалт гэж үүнийг л хэлэх байх. 6-8 эгнээ тэгш зам, тод гэрэлтүүлэг гээд энэ бүхэн жолооч бүрт далайгаар явах мэт мэдрэмж төрүүлнэ. Ахин сануулахад Дунхайн гүүрийг ердөө 3 жилийн дотор л барьсан юм шүү. Үүгээр ч барахгүй Шаньдунь мужид 36,5 км үргэлжлэх гүүр ч бий. Нэмж хэлэхэд, дэлхийн хамгийн урт 10 гүүрийн 7 нь Хятадад байдаг.

ТЭГВЭЛ БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Бид хятадын туршлагыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Нэг үеийг бодвол манай улсын зам барилгын ажил ахисан ч суралцах зүйл их байгаатай уншигч та санал нийлэх байх.
30 жилийн өмнө гэхэд л хятадын ард түмэн замаар гайхуулах зүйлгүй байсан шүү дээ. Бид ч мөн улс орноо хөгжүүлэхийн тулд зам барилгын ажилд одооныхоос илүү хариуцлагатай хандах хэрэгтэй юм болов уу?

 32 километрийн урттай Дунхайн гүүр Шанхайн боомтыг Яньшань аралтай ийнхүү холбож байгаа нь.
32 километрийн урттай Дунхайн гүүр Шанхайн боомтыг Яньшань аралтай ийнхүү холбож байгаа нь.