ДОРНОД АЙМАГ НААДМААС ӨМНӨ НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОГДОНО

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын эхний 80 км замын хөдөлгөөнийг өнгөрөгч Бямба гарагт нээсэн.

Тэгвэл үлдсэн 63 км-ын 35 км замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 4-нд нээх бол мөн сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр үлдсэн 28 км замын хөдөлгөөнийг нээхээр гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. Одоо “Насны зам”, “Өвөрзалаат”, “Хансуун зам” компаниудын ажил үлдээд байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг болох аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд энэ жил Дорнод аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож дуусч байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Баянхошуу, Хавирга, Ульхан боомт чиглэлийн 550 орчим км авто замын ТЭЗҮ, зураг төсөл хийх боловсруулах ажлыг гүйцэтгэсэн нь цаашид хилийн боомтуудруу хатуу хучилттай авто зам тавих ажлын эхлэл нь болж буй аж.