УРУГВАЙ УЛС - ГҮҮРЭЭР ЖУУЛЧДЫГ ТАТНА

Уругвай улсын Laguna Garzon-д байрлах гүүр нь хэлбэрийн хувьд энгийн гүүрнүүдээс маш өвөрмөц тул олны анхаарлыг татаж байна. Учир нь энэхүү гүүр нь тойрог хэлбэртэй юм.

Энэхүү гүүрийн архитектур дизайныг Уругвай улсын архитектур Рафаел Виноли гаргасан бөгөөд өмнө нь улсынхаа чимэг болсон Carrasco хэмээх гялалзсан нисэх онгоцны буудал болон Нью-Йорк дахь 432 Park Avenue тэнгэр баганадсан өндөр барилгын дизайныг зохион бүтээсэн байна.

Энэ удаагийн бүтээл болох Laguna Garzon гүүрийг барихдаа 2 зүйлийг сайтар тооцоолж хийсэн гэдэг: Энэ нь гүүрээр олон хүмүүсийг, хурд багатайгаар туулуулж байгалийн гоо үзэсгэлэнг бишрүүлэх далд зорилготой ажээ.

Гүүр баригдахаас өмнө сувгийг гатлага онгоцоор л туулдаг байв. Харин гүүр баригдсанаар өдөрт 1,000 гаруй автомашин зорчиж байгаа гэсэн тоог Consultatio Real Estate компани мэдээлсэн байна.

Тойрог гүүрний нэг талаар хойш чиглэлд явах бол нөгөө талаар урагш чиглэлд явж сувгийг гаталдаг байна. Бусад энгийн гүүрнээс ялгаатай тал нь тойрог хэлбэрийн тулд жолооч нар зайлшгүй хурдаа саах шаардлагатай болдог ажээ.
 
Энэхүү төслийг 11 сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд 10 сая ам.долларыг Аргентина улсын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Eduardo Costantini гаргажээ.

Constantini компанийн мэдэгдсэнээр тус гүүр нь жуулчдыг өөртөө татахаас гадна гүүрний ойролцоо далай, байгаль зэргийг харах цэг, загасчлах газар байгаа нь Rocha, Maldonado бүс нутгуудын соёлыг холбох гүүр болсон хэмээжээ. Улмаар гайхалтай архитектурын тусаар Rocha бүс нутгийн эргийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл болно гэх тодорхойлсон байна.

Энэхүү гүүр Уругвайн соёлын нэгэн шинэ үеийг нээх болно гэдгийг төслийг санаачлагч нар дурдсан байна. Maldonado бүс нутгийн хөгжил дундаж түвшинд байгаа бол Rocha бүс нутаг бараг хүний гар хүрээгүй юм. Хөрөнгө оруулагчийн зүгээс тус газрын 35% нь л хөгжүүлэлтийг хийж үлдсэн хэсгийг ногоон бүс хэвээр нь байлгаж аялал, жуулчлалын цогц бүтэц бий болгохоор ажиллаж байгаа юм байна.