ХАЛААСНЫ ЦАГДАА

Нийтлэлч Алексей Воробьев-Обухов, Михаил Колодочкин нар ямар ч алкотестер согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг ялгаж таньдагт эргэлзлээ.

Xүн төрөлхтөн Аристотелийн үеэс л “Байгаль хоосон орон зайг тэвчдэггүй” гэх хэллэгийг улиг болтол давтсаар ирсэн. Гэсэн ч бид бусдын эрх ашгийг зөрчихгүй нь тулд хууль тогтоомжийн дагуу “0” орон зайд амьдрахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ урьд нь жолоочийн цусан дахь (эсвэл амьсгалын хий дэх) спиртийн агууламжийн зөвшөөрөгдөх түвшин 0.3 промилле байсан бол өдгөө энэ заалт улам чангарч 0.0 промилле болжээ.

Инженер, физик зэргийн нарийн мэргэжилтнүүд ямар ч хэмжигч багаж тэг заадаггүйг мэддэг болохоор “Ийм хэмжүүр байх боломжгүй!” гэж уулга алдана. Нэмээд, жолооч нарын эрүүл мэнд, хэрэглэдэг хоол хүнс харилцан адилгүй байдгийг мартаж болохгүй. Үүнд, спиртийн хольцтой эм, дусаалга хэрэглэхээс өгсүүлээд тараг, үзэмний шүүс эсвэл зүсэм хар талх идэхэд л спиртийн агууламж 0.0-ээс дээш гардаг аж. Ер нь жолооч бүр алкотестер (согтуурал шалгах багаж – ред.) хэр үнэн заадаг эсэхийг туршиж үзэхийг хүсдэг байх.

Ер нь жолооч бүр алкотестер (согтуурал шалгах багаж – ред.) хэр үнэн заадаг эсэхийг туршиж үзэхийг хүсдэг байх.

Тиймээс бид 300-3000 рубль (9000-90,000 төг) буюу хямддаа орох зургаан ширхэг алкотестер худалдан авч туршилт явуулахаар шийдлээ. Эдгээрээс тав нь цахим: Хятадын Alco Check AD 118 (№ 5), ALK-HW 03 (№ 2), Солонгосын SAFEDRIVE DELUXE (№ 4), ALCOSCENT DA 7000 (№ 1) болон Хонконгийн AlcoSafe kx 1200 (№ 3). Зургаа дахь нь Орост үйлдвэрлэсэн АТ 003 буюу зөвлөлт засгийн үед хэрэглэж байсан үлээхэд хүч шаарддаг Шинкаренко-Моховын гуурстай төстэй эд.

Дээрх төхөөрөмжийн заалтыг амьсгалын хий дэх этанолын хэмжээг тодорхойлдог Алкотектор PRO 100 cоmbi гэх мэргэжлийн алкотестерээр давхар хянана. Уг алкотестерийн үнэ нь дээрх хэдийн үнийн нийлбэрээс 20 дахин их байдаг учир “Согтуу”, “Эрүүл” гэсэн хоёрхон гэрэлтэй энэхүү төхөөрөмжийг хувьдаа худалдан авахыг хүсэх хүн тэр бүр олдохгүй биз.

Ингээд аюултай туршилтад сайн дураараа оролцохыг зөвшөөрсөн гурван хүнд оройжин согтууруулах ундаа уулгав. Эхний хүнийг архиар, нөгөөхийг нь шар айргаар, харин эмэгтэй оролцогчийг хагас чихэрлэг улаан дарсаар дайллаа. Хагас цаг тутамд нэг хундага уулгах маягаар таван удаа хэмжилт хийв. Сүүлчийн хэмжилтийг маргааш өглөө нь авсан. Хоёр өдрийн турш хийсэн хэмжилтээ хүснэгтлэн, үр дүнг нь жагсаахад “Группенфюрер Мюллер үнэн хэлжээ. Хэнд ч итгэж болохгүй юм байна” (“Хаврын 17 учрал” кино – ред.) гэсэн дүгнэлтэд хүрэв. Хэмжилт хийх үеэр алкотестерийн гэрэл анивчин тус бүртээ өөр өөр заалт харуулж байсан. Харин хариугаа химийн урвалаар илэрхийлдэг “балар эртний” гуурс эхний хундагны дараа шууд л өнгөө өөрчиллөө.

Багаж дээрх онгорхой завсар руу хэр оновчтой бас хүчтэй үлээж буйгаас шалтгаалан заалт бүр өөр байсан учраас гуурсгүй алкотестер нэлээд түвэг учруулав. Тэгэхээр хэрэв та алкотестер худалдан авахаар бол гуурстайг нь сонгоорой гэж зөвлөе. Ядаж л халамцуу үедээ онож үлээхийн зовлонгүй. Мөн иж бүрдэлд гуурсны олон ширхэг амсар таглаа дагалдан ирдэг учраас олуулаа явж байхдаа солиод хэрэглэж болно.

Хэмжилтийн дэлгэрэнгүйг доорх зургаас, харин туршилт явуулах аргыг фото зургаас сонирхоно уу. Эцэст нь, согтолтын хэмжээг тогтоох “За рулём” сэтгүүлийн нэрэмжит энгийн шалгуурыг уншигч олондоо урамшуулал болгон хүргэж байна. Та бүхэн баярын ширээн дээр хэчнээн алкотестер байгааг тоолж үзнэ үү? Ганцыг ч олоогүй бол нэлээн нойрмог байна гэсэн үг. Хэрэв 1-4 ширхэг олсон бол унтаж амарсан нь дээр. Тавыг олсон бол онц, та эрүүл байна! Харин бүр арваадыг олсон гэж зүтгээд эхэлбэл бушуухан такси дуудаад харьсан нь дээр гэж зөвлөх байна.

Группенфюрер Мюллер үнэн хэлжээ. Хэнд ч итгэж болохгүй юм байна

ОРОЛЦОГЧДЫН СПИРТИЙН АГУУЛАМЖ

Мэргэжлийн алкотестерийн заалтыг улаан хэсгээр, бусад алкотестерийг 1-5 хүртэлх тоогоор тэмдэглэсэн байгаа. Ингэхдээ 5 дахь алкотестерийн 0.2 хүртэлх промилле заалтыг ногоон, харин 0,4–2,0 хүртэлхийг улаанаар тус тус илэрхийлэв.

ПРОМИЛЛЕ ХЭМЖЭЭСИЙН ТУХАЙ БОЛОН МГ/Л-ЭЭС ЯЛГАЖ ТАНИХ НЬ

Литр дахь миллиграммын харьцаа (мг/л) болон промилле (‰) зэрэг нь секунд, цаг гэдэг шиг нэг хэмжүүрийн нэгж биш юм. Тодруулбал, мг/л-ээр амьсгалын хий дэх, харин промиллегээр цусан дахь спиртийн хэмжээг илэрхийлдэг.

Ерөнхийдөө дээрх хоёр хэмжээг бие биетэйгээ урвуу хамааралтай (нэг нь ихсэхэд нөгөө нь дагаж ихэсдэг) гэж тооцдог. Жишээлбэл, цусан дахь спиртийн хэмжээ 1‰ байвал үлээхэд 0.45 мг/л гардаг. Зарим алкотестер заалтаа мг/л-ээр илэрхийлдэг бол зарим нь промиллед шилжүүлж харуулдаг. Ойролцоо тооцоо гаргахын тулд мг/л-ийг промиллед шилжүүлэх эсвэл шууд хоёрт үржүүлж болно. Жишээ нь, 0.5 мг/л гэдэг нь ойролцоогоор 1‰ юм.

Фотозураг