ТОМ АХЫН СҮҮДЭР ДОР - TOYOTA PRADO

#NEWS

Хуучин Land Cruiser Prado худалдан авахдаа сонголтоо хэрхэн хийх, эвдрэл гэмтлийг нь хэрхэн засварлах талаар зөвлөж байна.

Toyota-гийн автомашинууд найдвартай гэдгээрээ алдартай билээ. Ялангуяа second-hand-ийн зах зээл дээр энэ нь илт харагдана. Тодруулбал, Toyota автомашинууд бусдыгаа бодвол ханшаа сайн барина. Land Cruiser Prado ч бас энэ жишгээс хазайхгүй. Ингээд Prado-гийн тухай ярилцацгаая.

Өмнөтгөл

Дэлхийн хоёрдугаар дайны дараах Япон орон. Наран улсын зохион бүтээгчид улсыг нь эзэлсэн Америкийн армийн Jeep машины загварт үндэслэн бартаат замын эвтэйхэн жижиг тэрэг зохион бүтээснээр Land Cruiser-ийн түүх эхэлжээ. Тухайн үед япончууд өөр загвар сэтгээгүй байсан. Иймд анхны бартаат замын машин нь Toyota Jeep гэж нэрлэсэнд гайхах зүйл алга. Цэргүүдээс өөр хэн ч унаж чадахааргүй автомашин тухайн үедээ амжилт олоогүй нь ойлгомжтой. Технологийн дэвшлийг хөдөлгөгч хамгийн гол захиалагч болох Японы эзэн хааны арми татан буугдсан цаг үе байлаа.

J70 1984-1990

Хөдөлгүүр: Бензин 2.4 л/ Дизель 2.4л/ Турбо 2.4л Хурдны хайрцаг: 5МТ
Хөдөлгүүр: Бензин 2.4 л/ Дизель 2.4л/ Турбо 2.4л Хурдны хайрцаг: 5МТ

Тиймээс япончууд гадаад зах зээл рүү, тэр дундаа ижилхэн зүүн гарын хөдөлгөөний дүрэмтэй, дайны дараах, шинэ техникээр маш их гачигдаж байсан орнуудад экспорт хийх бодлого баримталж эхэлжээ. Үүний тулд өмнөх загварыг үндсээр нь өөрчилж сайжрууллаа. Тохилог байдлыг нь нэмэгдүүлснээр хүмүүс Toyota-г унах дуртай болжээ. Ийнхүү 1956 онд өнөө цагт алдрын оргилд баттай зогсох болсон Toyota Land Cruiser-ын шинэ түүх эхэлжээ. Тухайн үед 20 гэсэн дотоод индекстэй байж.

Богино баазтай Toyota Land Cruiser 70 (LJ71G). Уг автомашиныг 1984–1990 оны хооронд үйлдвэрлэж байв. Энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо хэд дахин нэмэгдэж, хотын гудамж их ачаалалтай болж бартаат замын том овортой автомашинаар зорчиход улам хүндрэлтэй болж эхэлсэн. Хүмүүс нүсэр автомашинаас татгалзах болов. Ингээд Toyota-чууд мянга мянган үнэнч хэрэглэгчээ алдахгүйн тулд 1985 оны аравдугаар сард шинэчлэгдсэн Land Cruiser Light загварыг үйлдвэрлэж эхэлжээ. Загварын дотоод индекс нь LJ71G. Хотын  хөдөлгөөнд зориулагдсан универсал гэсэн тодотголтой ч болоод авав. Түүний урд тэнхлэгийг пүрштэй болгосны ачаар явдал нь зөөлөрч, жолоодоход хүртэл илт сайн болсон байна. Хэдийгээр бартаат зам туулах чадвар нь буурсан ч хэрэглэгчид үүнд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Шинэ автомашиныг 84 морины хүчтэй, 2.4 литр ажлын багтаамжтай хөнгөн бөгөөд шатахуунд хэмнэлттэй шинэ турбо дизель хөдөлгүүрээр тоноглосон байв.

Тэгсэн ч борлуулалт бага байсан нь ийм жижиг шийдэл хийх нь хангалтгүй гэдгийг Toyota ойлгожээ. 1990 оны дөрөвдүгээр сараас дахин шинэчлэл хийж нэлээд боломжийн бүтэцтэй, шинэ төрхтэй автомашин бүтээж хэрэглэгчдэд хүргэв. Энэ цагаас хойш хөдөө хээр аялах дуртай хүмүүс уг автомашиныг худалдан авах болов. Учир нь долоон хүн чөлөөтэй зорчих боломжтой болсон төдийгүй бат бөх раам, бүх дугуйн хөтлөгчийн ачаар хүссэн газартаа саадгүй хүрэх боломж бүрдсэн юм.

Нууц зэвсэг

2000-аад оны үеийн Prado-ийн хамгийн гол давуу тал нь бат бөх чанар, тав тух болон бартаат зам туулах өндөр чадвар зэргийг гайхалтайгаар  хослуулж чадсанд оршино. Ямар ч бартаат замыг  туулахад бэлэн гэсэн дайчин зан нь генээсээ улбаатай гэмээр. Тиймдээ ч Land Cruiser Prado хол явалттай амортизатортай, тэнхлэг хоорондын дифференциал түгжих боломж бүхий байнгын бүх дугуйн хөтлөгчтэй, бууруулах дамжуулга бүхий хүч хуваарилах хайрцагтай. Харин тусгай тоноглолтой Prado-оор тултал нь давхисан байх магадлал өндөр шүү. Энэ үеийн Prado-д ABS, дугуй хий эргэхийн эсрэг A-TRC систем, чиглэлийн тогтворжилтын VSC систем, Downhill Assist Control уруудахад туслах систем зэрэг тухайн цаг үедээ ховорт тооцогдох тоноглол суурилуулж эхэлсэн. Засмал зам дээр Prado-гоос седаных шиг эвтэйхэн жолоодлогыг мэдэрч чадахгүй.

J70 1990-1996

Бензин: 2.4л/2.7л Дизель: 2.4л/2.8л/3.0л Кроп: 4АТ/5МТ
Бензин: 2.4л/2.7л Дизель: 2.4л/2.8л/3.0л Кроп: 4АТ/5МТ

Хийн өргөгч бүхий тэнхлэгээр тоноглосон хувилбарын давуу тал нь кузовыг 6 см-ээр нэмж өргөх боломжтой. Бартаат замаар явах үед саад давах өнцгийг нэмж болно гэсэн үг. Гэхдээ газраас хойд мостны редуктор хүртэлх зай өөрчлөгдөхгүй гэдгийг санаж байгаарай. Үйлдвэрээс ирдэг дугуйтай үед газраас редуктор хүртэлх зай 220 мм байна.

Дээхэн дурдсанаар салон нь үнэхээр сайхан. Хамгийн алдартай өрсөлдөгч болох Pajero-той харьцуулахад Prado-д хамаагүй саруулхан. Жолооны хүрд болон жолоочийн суудлын тохируулгын явалт нь сагсан бөмбөгчид шиг өсгөлүүн биетэй хүмүүсд  хүртэл хангалттай. Хойд эгнээний суудлын түшлэг тохируулгатай учраас шаардлагатай тохиолдолд түшлэгүүдийг буулгаад ор болгох боломжтой.

1990-ээд оны үеэс Land Cruiser нь худалдан авагчдын төлөө “нутаг нэгт” Mitsubishi Pajero-той ширүүн өрсөлдөж байсан түүх бий. Өрсөлдөөний явцад хоёр тал бүтээгдэхүүнээ байнга сайжруулснаар худалдан авагчид л хожсон..Сонирхуулахад, Prado-ийн ойрын хамаатны тоонд платформ нэгтэй Hilux Surf/4Runner цувралууд ордог.

Toyota Hilux Surf (N185)

ХӨДӨЛГҮҮР

Prado бензиний 4.0 литр болон 2.7литр, дизелийн 3.0литрийн турбо гэсэн үндсэн гурван төрлийн хөдөлгүүртэй. Эдгээр хөдөлгүүр найдвартай гэдгээ батлан харуулж чадсан хэдий ч онцолж дурдах ёстой хэдэн зүйл байна.
Топ зэрэглэлийн зургаан цилиндртэй, 4.0 литрийн багтаамжтай, 249 морины хүчтэй 1GR-FE бензин хөдөлгүүр нь хамгийн урт насалдаг бөгөөд асуудал үүсгэдэггүй агрегат гэдгээ батлан харуулсан.
Хий хуваарилах механизм дахь хүчлүүр нь дуу чимээ бага гаргадаг гинжтэй бөгөөд гинж нь 250–300 мянган км гүйлтийг даах чадвартай, тун дажгүй. Тэр бүү хэл, 10 мянган км тутамд зөвхөн синтетик тос хийж явсан нөхцөлд бүр 400 мянган км явчихна!
Хавхлагын механизмын зайг Toyota-гийн бусад хөдөлгүүрийн адил шайбаар тохируулна. 300 мянган км гүйлтийн дараа ч бүх эд ангийн элэгдэл, зайны хэмжээ нь боломжийн хэмжээнд байдаг гээд бод доо!

1GR-FE

163 морины хүчтэй, дөрвөн цилиндртэй арай энгийн 2TR-FE хөдөлгүүр найдвартай гэдгээ харуулсан хэдий ч ийм хүнд жинтэй автомашинд чадал нь хангалтгүй байдаг. Хурдтай явахын тулд жолооч хөдөлгүүрийг нэлээн хүчилнэ. Тэжээлийн  системийн насжилт нь ашиглаж буй шатахууны чанараас шууд хамаарна. Найдвартай ШТС-аас шатахуунаа авсан тохиолдолд инжектор нь 300 мянган км гүйлтийг элбэг даана. Бензин насос нь ойролцоогоор 200 мянган км гүйлтэд хүрэлцээтэй.

Хөргөлтийн системийн насосыг 180–200 мянган км гүйлттэй үед солиход болно.  Стартер, генератор, агааржуулагчийн компрессор гэх зэрэг цахилгаан төхөөрөмжүүд оролцоогоор 250–300 мянган км-ийн дараа шалгаад үйлчилгээ хийх хэрэгтэй болдог. Мэдээж хөдөлгүүр угаах эсвэл бартаа туулах үед шавар, ус оруулаад эвдчихээгүй тохиолдолд. Toyota-ийн бараг бүх автомашины хувьд дээрх тоо адилхан байдаг, Prado ч энэ жишгээс хазайхгүй. Мөн эд ангиудын байдлаар тухайн автомашины жинхэнэ гүйлтийг тодорхойлж болно.

1GF-FTV

Харин 1KD-FTV дизель хөдөлгүүр нь асуудал үүсгээд байдаг. Энэ дизель хөдөлгүүрийн 163 морины хүчийг нь 173 болгож нэмэгдүүлсэн боловч төрөлхийн эмгэгүүдийг засаагүй. Хий хуваарилах механизмын ремень нь хамгийн эмзэг газар. Түүнийг 120 мянган км гүйлт тутамд солихыг зөвлөдөг ч эрсдэлээс зайлсхийе гэвэл 100 мянган км яваад сольж заншвал зүгээр. Ингэхдээ заавал оригинал сэлбэгээр солихыг зөвлөж байна. Үнэндээ ч хөдөлгүүр өндөр эргэлтээр ажиллаж байх үед ремень тасарвал хөдөлгүүр цохино. Ер нь Toyota анхнаасаа ременьтэй механизм тавьснаараа хэрэглэгчдийн бухимдлыг ихээр төрүүлсэн байдаг. Дизель хөдөлгүүртэй автомашины хувьд энэ үнэхээр буруу шийдэл гэж хэлж болно.

Турбо шахагчийн систем нь дараагийн сул газар нь юм. Уг нь 150–200 мянган км гүйлтэд ажиллах нөөцтэй гэж үздэг. Турбин шахуургын энэхүү систем дотор хуванцар араа бий. Энэ арааны ажлын нөөц нь турбин руу орсон агаарын хоолойн цэвэр байдлаас шууд хамаарна. Тиймээс автомашин эзэмшигч бүр хөдөлгүүрийн тосоо солих тоолондоо агаарын хоолойг шалгаж занших хэрэгтэй. Форсунк болон өндөр даралтын түлшний насосны ажлын нөөц нь чанартай түлш ашигласан тохиолдолд дунджаар 200 мянган км гүйлтэд хүрэлцэнэ.

1KD-FTV

Дээрх хөдөлгүүрүүдээс гадна 3.4 литрийн багтаамжтай, 185 морины хүчтэй 5VZ-FE хэмээх бензин хөдөлгүүр тааралддаг. Энэхүү хөдөлгүүрийг өмнөх үе буюу 90-р цувралд ашиглаж байсан бөгөөд зөвхөн Японы дотоод зах зээлд борлуулах зорилгоор суурилуулж байсан юм билээ. Мөн 3 литрийн багтаамжтай, 131 морины хүчтэй 1KZ-TE гэсэн дизелиэс гадна 95-105 морины хүчтэй 5L-E гэсэн энгийн хөдөлгүүр бүхий Prado автомашинууд Зүүн Өмнөд Азийн зах зээлээс оруулж ирсэн нь харагддаг. Ийм хөдөлгүүртэй автомашиныг сонирхоод хэрэггүй шүү. Хямд үнэд нь хууртав даа.

1KZ-TE

2TR-FE

Алийг нь сонгох вэ?

Хөдөлгүүрийн сонголтод тусад нь анхаарал хандуулмаар санагдлаа. 3 литрийн турбо дизель хөдөлгүүрийн техник үзүүлэлт 4 литрийн багтаамжтай бензин “найзаасаа” хамаагүй илүү байдаг. 150 мянган км-ээс дээш гүйлттэй хуучин автомашин худалдан авах үедээ сайтар бодож тунгаахыг зөвлөж байна. Дизель хөдөлгүүрийн давуу талыг автомашинаа цоо шинээр нь авч байгаа хүмүүс л бүрэн хэмжээгээр нь мэдэрч чадна. Харин гүйлттэй  автомашин худалдан авсан хүмүүс дизель хөдөлгүүрээс өгөөж хүртэх бус хий хуваарилах механизмын ремень тасрах, турбо болон түлшний систем өндөр үнээр засуулах гэх зэрэг гэмтлүүдтэй нүүр тулах магадлалтай. 249 морины хүчтэй хөдөлгүүрээс өндөр татвар авдаг нь үнэн боловч 1GR-FE хөдөлгүүрт 92 бензин ашиглаж болох давуу талтай.

Энэ зуур жолооч нарын хэлдэг “Өнөөдөр дизель таны мөнгийг хэмнэх ч ирээдүйд түүнийгээ эргүүлээд авчихна” гэсэн үг тун оновчтой санагдана. Бартаат замын аялалд дурладаг хүмүүсийн хувьд ямар ч тохиолдолд дизель хөдөлгүүртэй хувилбарыг сонгох байх. Тэдэнд хөдөлгүүрийн хамгийн доод эргэлтэн дээр хамгийн дээд эргүүлэх хүч үзүүлэх  хөдөлгүүр л хэрэгтэй. Харин өдөр тутмын амьдралдаа ашиглая гэвэл 2.7 литрийн бензин хөдөлгүүр бүхий Prado-г сонгон авахад хангалттай. Аз таараад танагтай хэрэглэсэн ийм Prado-г авч чадвал засварт нь хамаагүй бага мөнгө зарцуулах болно.

ХУРДНЫ ХАЙРЦАГ

Тосоо хугацаанд нь сольж явсан тохиолдолд 2.7 литрийн хөдөлгүүртэй механик эсвэл автомат хурдны хайрцаг ямарваа нэгэн асуудал үүсгэхгүй. 2002–2003 оны хуучин автомашинуудад хүртэл хурдны хайрцаг эвдэрсэн тохиолдол бараг байдаггүй гээд хэлчхэд болно. 2005 онд Toyota компани ээлжит шинэчлэл хийхдээ дөрвөн шатлалт автоматаа таван шатлалтай болгож өөрчилсөн юм. Дашрамд хэлэхэд, тосыг нь 100 мянган км тутамд солих ёстой бөгөөд хүнд нөхцөлд ашигласан тохиолдолд хугацааг хоёр дахин багасгах нь зөв шийдэл болно.

Хүч хуваарилах хайрцагны тухайд гэвэл тэнхлэг хоорондын дифференциал түгжих системийн цахилгаан хүчлүүр асуудал үүсгэдэг талтай. Энэ нь дотроо бас л хуванцар детальтай гэдгээс улбаатай. Байнга засмалаар явдаг бол жийргэвч, таван булны хуванцар хамгаалалт, дугуйн бул зэрэг эд анги 200–250 мянган км гүйлтэд элбэг хүрэлцэнэ. Хөшүүрэг, өндгөн тулгуур, рулийн тяг, амортизаторын тулгуур, босоо тэнцүүлэгч гэх зэрэг тэнхлэгийн бусад эд анги ч бас ийм хэмжээний зайнд явчих нөөцтэй. Тэр бүү хэл хөндлөн тогтворжуулалтын стабилизаторын деталиуд 150 мянган км гүйлтийг тэсвэрлэх чадвартай гээд бод доо! Харин жолооны хүрдний гол эртнээс Toyota-гийн автомашинуудын сул тал байсаар ирсэн. Тухайлбал, 120-150 мянган км гүйлтийн дараа холбогч эд ангиуд нь илт суларсан байдаг. Гол төлөв 7–8 жил ашигласан автомашинд энэ үзэгдэл илүүтэй тохиолдоно. Энэ хугацаанд хөдөлгөөнтэй эд ангиуд тосгүйдсэнээс үүдэлтэй болов уу.

Автомашины насыг тодорхойлоод өгөх бас нэг зүйл бол тоормосны систем байдаг. Тоормосны шингэнийг хоёр жилд нэг удаа сольж заншвал поршен зэвэрч муудахаас урьдчилан сэргийлнэ. Зургаагаас илүү насжилттай автомашинд жил бүр солих хэрэгтэй. Харин колодк солих бүрт бэхлэгчийг нь давхар шалгаж, шаардлагатай тохиолдолд цаг тухайд нь засварлуулж занших нь зүйтэй. Зогсоолын тоормосны трос зэвэрч муудсан байх нь мөн л автомашин олон жил ашиглагдаж байгааг илэрхийлнэ. Тросыг солиход тийм ч хэцүү биш.

Одоо хийн өргөгчид үүсдэг зарим асуудлын талаар хэдэн зүйл өгүүлье. Германы алдартай брэндүүдтэй харьцуулахад хий хуримтлуулах дэрнүүд нь 200–250 мянган км гүйлтийн нөөцтэй. Гэхдээ эдгээрийг тогтмол шалгаж занших хэрэгтэй. Учир нь дэрнүүд цоорсон тохиолдолд хий шахдаг насос зогсолтгүй ажиллаж эхэлнэ. Улмаар олон цагийн ачааллаа даалгүй жагсаалтаас гардаг. Үүнээс гадна KDSS датчик болон амортизаторыг холбосон цахилгааны утас багагүй асуудал үүсгэдэг. Датчик эвдэрвэл сольж л таарна. Цахилгааны утаснуудыг бага зардлаар засварлах боломжтой.

J90 1996-2002

Бензин: 2.7л/3.4л Дизель: 3.0л/ТД3.0л Кроп: 5МТ/4АТ
Бензин: 2.7л/3.4л Дизель: 3.0л/ТД3.0л Кроп: 5МТ/4АТ
Кузов засварчдын мөрөөдөл

Кузовын хэсэгт асуудал үүсгэдэг цорын ганц зүйл нь нөөц дугуйтай хойд хаалга. Энэ хаалга жин ихтэй тул санаснаас богино хугацаанд нугаснууд нь эвдэрчихдэг. Энэ нь ноцтой биш ч гэлээ хойд хаалга үргэлж чахрах нь тээртэй. Нугасны зай завсрыг шахаж боох гэх зэрэг энгийн аргаар энэ дууг алга болгох боломжгүй.

Нугасыг шууд солих хэрэгтэй. Зөвхөн хуурай дулаан уур амьсгалтай газар ашиглахад зориулсан Prado-д дээр дурдсанчлан зэвийн эсрэг нэмэлт хамгаалалт хийгээгүй байдаг тул автомашины доод хаалт, раам зэрэг нь зэвэрсэн байх магадлалтай. Мөн салоны хойд хэсгийн агааржуулалтын системийн хамгаалалтгүй хоолойнууд зэвэрсэн байх вий. Бас рааман дээр тогтоосон дугаарын хэсгийг бүү мартаарай. Азаар зэвэрч эхлээгүй байвал энэ хэсгийг зэвээс хамгаалах будгаар түрхэж аваарай.


J120 2002-2009

Бензин: 2.7л/4.0л Дизель: 3.0л/3.4л Кроп: 5МТ/6MT/4АТ/5AT
Бензин: 2.7л/4.0л Дизель: 3.0л/3.4л Кроп: 5МТ/6MT/4АТ/5AT

J150 2009~

Бензин: 2.7л/4.0л Дизель: 2.8л/3.0л/ТД3.0л Кроп: 5МТ/6МТ/4АТ/5АТ/6АТ
Бензин: 2.7л/4.0л Дизель: 2.8л/3.0л/ТД3.0л Кроп: 5МТ/6МТ/4АТ/5АТ/6АТ

Үүгээр Land Cruiser Prado-д үүсдэг асуудлын жагсаалтыг хаая. Эдгээрээс бусад эвдрэл нь нэг бол хэт их гүйлттэй, үгүй бол замын осолд өртсөн автомашинуудад тохиодог юм. Ер нь бартаат замаар байнга л давхиад байвал ихэнх эд ангийн ажлын нөөц минутаар, хэдхэн зуун метрээр хэмжигдээд эхлэх болно. Харин үүнийг яавч хэвийн ашиглалт гэж хэлэхгүй бизээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.