ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ?

АНТИФРИЗ

Автомашины антифризын түвшинг шалгаж байгаарай. Техник үйлчилгээний газруудаар очоод шингэн хөлдөх градусыг тогтоолгож шаардлагатай тохиолдолд солиулах хэрэгтэй.

ШИЛ АРЧИГЧ, ШИЛ АРЧИГЧИЙН ШИНГЭН

Өвөл эхлэхээс өмнө шил арчигчийн резинийг эсвэл шил арчигчийг бүхэлд нь солино. Ашиглалтын явцад шил арчигчийн резин хатуурч арчиж цэвэрлэх бус усаа нилд нь нялж үзэгдэх орчин хязгаарлах тал бий. Автомашины урд шилийг халуун агаараар үлээлгэж байхдаа шил арчигч дээр тогтсон цас мөсийг цохиж унагаахгүй байхыг зөвлөе.

Ингэснээр урд шилээ хагалж цав үүсэхээс сэргийлнэ. Үүнд хасах температурт хөлддөггүй шил арчигч шингэн хийж хөлдсөн цасыг эвтэйхэн хусахад л хангалттай.

ДУГУЙ

Хэзээ зуны дугуйг өвлийнхөөр соливол зохистой вэ?  

- Гаднах температур 5-7°C хүрсэн ч өвлийн дугуй эдэлгээний чанараа алддаггүй. Манайх шиг хүйтэн оронд өвлийн дугуйг 10-р сарын эхээр соливол зохино.

Яагаад зуны дугуйгаар өвөл явж болохгүй вэ?

- Зуны болон өвлийн дугуйг үйлдвэрлэхэд өөр төрлийн резинэн материал ашигладаг. Хүйтэнд зуны дугуй уян хатан чанараа алдсанаар замтай барьцалдах нь муудан, “хатуурч” хөлдсөнөөр тоормосны замыг уртасгадаг. Харин өвлийн дугуй хөлддөггүй учраас замтай барьцалдах чадвараа алддаггүй. Анхааруулахад, бүх дугуйгаа өвлийнхөөр солих хэрэгтэй. Жич: Дугуйнууд нэг загварын адилхан хээтэй байх ёстой.

Бүх улирлын дугуй мөнгөний хувьд хэмнэлттэй байдаг. Эдгээр нь өвөл зуны дугуйг орлож чадах уу?  

- Үйлдвэрлэгчид өвөл болон зуны дугуйг орлох зорилгоор бүх улирлын дугуйг хийдэг. Бүх улирлын дугуйг “All season” гэсэн бичгээр таньж болно. Эдгээр дугуй нь өвөл аюулгүйн байдал хангаж зун тав тухтай, зөөлөн явдлыг бүрдүүлэх учиртай юм. Гэхдээ үүнийг дунджаар 0°C буюу өвөлдөө тэг градустай газар хэрэглэхийг зөвлөдөг байна. Мэргэжилтнүүдийн үзэхээр манайх шиг өвөл зундаа температурын асар их зөрүүтэй эрс тэс уур амьсгалтай газар бүх улирлын дугуй тохирдоггүй юм байна. Дугуй бол юуны түрүүнд автомашины аюулгүй байдлыг хангах ёстой тул үүн дээр хэмнэлт хийх нь зохисгүй аж.

ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС, ТОСЛОГОО

Дараагийн чухал ажлын нэг бол хөдөлгүүрийн тосыг солих явдал юм. Өвөл хагас синтетик эсвэл бүтэн синтетик тос зүгээр байдаг. Жишээлбэл 10W40-тэй минерал болон синтетик тос авч үзье. Хөдөлгүүрийн ажлын температурын үед эдгээрийн зууралданг чанар адилхан аж. W үсгийн ард байгаа 40 гэсэн тоо зууралданг чанарын үзүүлэлт юм. Тэгвэл яагаад синтетик тос илүү гэж?

Хасах температурт синтетик тосны зууралданг чанар үнэхээр бага байдаг болохоор хөдөлгүүр илүү амархан асдаг. Шинэ тос хийхдээ тосны фильтрээ солихоо мартуузай. Үүний дараа очлууруудаа шалгаад шаардлагатай бол шинээр солино. Ер нь очлуурыг 10-15 мянган километр тутамд сольдог. Автомашины динамик, хүйтэнд хөдөлгүүрийн асах төлөвт очлуурын чанар ихээхэн хувийг эзэлдэг. Гаазаар ажилладаг автомашинд Brisk төрлийн очлуур зохино.

АККУМУЛЯТОР

Жолооч нар өвлийн тэс хүйтэнд гадаа хонуулсан автомашинаа яаж асаахаа тэр бүр мэддэггүй. Муу аккумулятор бага зэрэг хүйтрэхэд л ажиллахаа больдог. Иймд аккумулятор оо үргэлж шалгаж шаардлагатай бол шинээр авах хэрэгтэй. Дараагийн хуудсаар аккумуляторын талаарх дэлгэрэнгүй зөвлөгөөг уншаарай.