ЭНЭ САРААС ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

НЗДТГ-т өнөөдөр 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.

2017 оны нэгдүгээр сард гарсан НЗД-ын захирамжид Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжийг авах талаар тусгасан. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрийн хэвлэлийн бага хуралд зохион байгуулсан юм.

Нийслэлийн Татварын Газрын тасгийн дарга, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Очирсүрэн “2017 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 1,6-гаар төгссөн 80,382 тээврийн хэрэгслээс 36,636 буюу 45 хувь нь татвараа төлсөн байна.

2,7-гоор төгссөн 89,878 тээврийн хэрэгсэл татвар төлөх ёстойгоос 34,370 тээврийн хэрэгсэл буюу 38 хувь нь төлжээ.

Нийслэлийн төсөвт АТӨЯХ-ийн албан татвараас 5 тэрбум 250 сая төгрөг, авто зам ашигласны төлбөрөөс 2 тэрбум 450 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна. 1,6,2,7-гоор төгссөн, замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь албан татвараа төлөөгүй байгаа” гэв.

Дээрх шалтгааны улмаас албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.

1,6,2,7-ГООР ТӨГССӨН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ЭРЧИМТЭЙ ШАЛГАЖ ЭХЭЛНЭ

ЗЦГ-аас төлбөр хураамжийг хуулийн хугацаанд хураахтай холбогдуулж хурандаа Б.Батболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Гуравдугаар сараас эхлээд татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг үүргээ гүйцэтгэж буй цагдаа зогсооно.

Тухайлбал 1,6,2,7-гоор төгссөн тээврийн хэрэгслүүдийг ойрын хугацаанд эрчимтэй шалгаж эхэлнэ. Хэрэв тээврийн хэрэгсэл татвараа төлөөгүй байвал тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй жолоочид торгуулийн арга хэмжээ оногдуулж, холбогдох бичиг баримтыг зохих байгууллага руу шилжүүлэх арга хэмжээ авна.

Жолооч нартаа хандаж хэлэхэд 1,2 дугаар сард татвараа төлөөгүй бол яаралтай төлнө үү” гэв.

Авто тээврийн татвар, төлбөр хураамжаас 2016 онд нийслэлийн төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсны 87 орчим хувь нь биелэгджээ. 2017 оны хувьд 26.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх шаардлагатай байгаа юм.

Статистикаас харахад 484,738 тээврийн хэрэгслээс татвар төлөх ёстой нь 434,858 бөгөөд үүний 77.9 хувь нь татвар төлжээ.