1 ДҮГЭЭР ХОРООЛЛЫН ХОЙД ДҮНЖИНГАРАВ ХҮРТЭЛ ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ 25 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ БАРИНА

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” зохицуулагч Б.Батболд болон төслийн багийнхан гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн хүрээнд хийгдэх авто замын трасстай танилцлаа. 

Монгол Улсын Засгийн газрын 196-р тогтоолоор баталсан “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжих уг төслийн хүрээнд 1 дүгээр хорооллын хойд дэнжээс Шархад, Ботаник, Дүнжингарав хүртэл дөрвөн эгнээтэй 25 км хатуу хучилттай зам тавигдах юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангах хийгээд эдийн засгийн үр ашигтай хот болгоход төслийн зорилго оршино. Одоогийн байдлаар гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн инжеренгийн судалгаа хийгдэж дууссан бөгөөд холбогдох албаныхан газар дээр нь очиж цаашид хэрэгжүүлэх ажлаа ярилцлаа. Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих уг төслийг бодит хөрсөн дээр буулгахад нийслэлийн Авто замын хөгжлийн газар болоод газрын албаны хоорондын уялдаа холбоо, дэмжлэг ихээхэн чухал байгааг төслийн удирдлагууд онцолж байв.

Тухайлбал, гэр хорооллын шинэ их тойруу замыг холбоход 1100 орчим айлын газрыг чөлөөлөх асуудал бий гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Мөн ойрын жилүүдэд Засгийн газар хийгээд нийслэлээс явуулах бусад төсөл, хөтөлбөртэй зам, дэд бүтцийн хувьд харилцан холбоотой байх учиртай юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн багийнхан ирэх долоо хоногт ажлын уулзалт дахин хийхээр тохиролцлоо. Энэ үеэр нийслэл хотын мастер төлөвлөгөө болоод бусад төслийн ажлыг “Шинэ их тойруу” төсөлтэй харьцуулан, боловсруулсан судалгаа шинжилгээг дахин нягтлахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.