КЛАССИК SKYLINE-ИЙН СЭЛБЭГИЙГ ДАХИН ҮЙЛДВЭРЛЭНЭ

80, 90-ээд оны хуучин машин эзэмшигчид цөөнгүй бий. Зарим жолооч нарын хувьд үйлдвэрлэл нь зогссон загварыг унана гэдэг сэлбэг хэрэгслээс авахуулаад асуудал үүсэх нь тодорхой.

Зарим нэгэнд нь аз тохиож афтермаркет үйлдвэрлэгчийн сэлбэгийг ашиглах боломж олддог. Худалдаж аваад, суурилуулаад хэдэн 7 хоногийн дараа дахиад л үүсэх нь түгээмэл байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэх гарц бий болжээ.

Ниссан компани 'Heritage Parts Program' төслийг хэрэгжүүлж эхэлснээ зарласан байна. Тус төслийг хариуцах баг нь өндөр хүчин чадал бүхий Нисмо компанийн харъяалалд явах бөгөөд классик Ниссан машины сэлбэгийг албан ёсоор нийлүүлэх болсон байна.

Хамгийн эхэнд нь алдарт R32 GT-R загварын сэлбэгийн үйлдвэрлэлтийг эхлүүлэх бөгөөд цаашид R33, R34-ийн жолооч нарт шинэ сэлбэг авах боломжийг олгох юм байна.

Компанийн хэлснээр төслийг энэ жилийн намар эхлүүлж, шинэ сэлбэгийг тийм ч удаахгүйгээр зах зээлд гаргана гэсэн юм. Тэгэхээр одооноос R32 олж аваад төслөө бэлдвэл боломж гарч ирлээ.