ФОТО: ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦОО БАРИХ ГҮҮРЭН ГАРЦНЫ ШАВЫГ ТАВИЛАА

Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавих ёслол хийлээ.

Энэхүү гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг төвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү " Өнөөдөр Хотын захирагчийн өгсөн албан даалгаврын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг цэгцлэх ажил болон энэхүү шинэ гүүрний төслийг албан ёсоор эхлүүлж байна. Улаанбаатар хотод нийт 16 төлбөртэй зогсоол албан ёсны зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа.

Харин 48 авто зогсоол зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудлуудыг цэгцлэх болно.

Гүүрийг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй ажил юм" гэв.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх аж
  1. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр,
  2. Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,
  3. Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,
  4. Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай,
  5. Төмөр зам дээгүүр явган хүний гүүр
  6. Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн байна.

Харин төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх юм байна
  1. Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
  2. Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпын гудамжийг өргөтгөж шинэчлэх барих.
  3. Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
  4. Үндсэн шинэ гүүрнээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
  5. Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар тус тус төлөвлөжээ. Гүүрийг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.