М.МӨНХГЭРЭЛ: БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН СИСТЕМИЙГ БИД ӨӨРСДӨӨ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА

Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн,  цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс бэлэн бус торгуультай холбоотойгоор зарим иргэнд үүсч буй асуудлыг хэрхэн шийдэж буйг тодрууллаа.  

-Иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо ямар нэгэн зөрчил гаргаад торгууль төлж байгаа. Гэтэл торгуулийн төлбөрөө банканд тушаачхаад байхад нь хасалт хийхгүй байна гэдэг гомдлыг гаргаж байна?

-Бэлэн бус торгуулийн системийг цагдаагийн байгууллага 2013 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний дата центр, арилжааны банкууд, бэлэн бус торгуулийн системийг хийсэн “Смарт слоушн” гэдэг гурван компанийн нэгдсэн үйл ажиллагаа байсан юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкаар дамжуулан иргэд торгуулиа төллөө. Тэр торгуулийн мэдээлэл нь “Смарт слоушн”-аар дамжиж, Үндэсний дата центрийн torguuli.mn сайтад очиж, иргэдэд бэлэн бус торгууль нь төлөгдсөн үү, үгүй юу гэдэг мэдээллийг өгдөг байсан юм.

Бэлэн бус торгууль төлөх үедээ тухайн торгуулийн хуудас буюу шийтгэврийн бар кодыг хийж торгуулиа төлөх ёстой. Гэтэл зарим банкны теллерүүд ч, манай иргэд ч энэ талын мэдлэггүйгээсээ болоод овог нэр, регистр, машины дугаар гэхчилэнгээр өөр ямар нэгэн тэмдэглэгээ хийснээс болоод энэ нь төлөгдсөн төлөвт шилждэггүй байсан. Тиймээс иргэн торгуулийн төлбөрөө төлчхөөд байхад сайтан дээр төлөгдсөн гэдэг мэдээлэл ордоггүй. Нэлээд иргэд ийм гомдол гаргаж, манайд хандаж байлаа.

Бид ч Үндэсний дата центр, “Смарт слоушн”-нд зохих шаардлагыг тавьсан. Ингээд 2017 оноос эхлээд цагдаагийн байгууллага бэлэн бус торгуулийн системийг өөртөө авч ажиллуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газрын Мэдээлэл технологийн төв дэргэдээ аваад иргэдийн бэлэн бус торгууль төлөгдсөн, үгүйг хардаг сайтыг өөрсдөө хөгжүүлээд явж байна. үнээс хойш энэ асуудлаар гомдол гаргах иргэдийн тоо харьцангуй буурсан.

Яг ямар асуудал үүсэж байна вэ гэвэл 2015, 2016 онд торгууль төлж байсан хүмүүс энэ онд машинаа бусдад шилжүүлэх, худалдах гэхээр нөгөө төлсөн торгуулиуд нь төлөгдөөгүй гэж гарч ирээд байгаа тохиолдлууд бий.

-Тэгэхээр ийм асуудалтай иргэд яах вэ. Магадгүй машин тэргээ зарж борлуулах гээд байдаг. Нөгөө хүн нь ямар ч зөрчилгүй, бичиг баримт нь асуудалгүй машин авна гэх нь ойлгомжтой?

-Торгуулиа төлчхөөд байхад төлөгдөөгүй гэдэг мэдээлэл гарч ирээд байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримтаа банкны гүйлгээний баримтын хамт авчран Замын цагдаагийн албаны 106 тоотод ирж шалгуулж болно. Ингээд манайхаас Замын цагдаагийн газрын Мэдээлэл технологийн төвд хүсэлт явуулаад төлөгдсөн төлөв рүү шилжүүлэх боломжтой. Үүнээс гадна иргэдээс ирдэг бас нэг гомдол яваагүй газар, эсвэл хөдөлгөөнд оролцоогүй өдөрт торгуулийн хуудас ирчихсэн байна гээд байдаг. Энэ нь мөн л бэлэн бус торгуулийн системийн сүлжээтэй холбоотой.

Цагдаагийн албан хаагчдын хэрэглэж буй багаж нь скайтелын сүлжээгээр ажилладаг. Зарим тохиолдолд сүлжээгүй болох, тасалдах тохиолдолд 1-2 секундээр сүлжээ алдаж зааснаасаа болоод энд явж байгаад зөрчил гаргасан машиныг Баян-Өлгийд гэж байршлыг заах нь бий. Иргэд торгуулийн хуудас буюу шийтгэвэр дээрээ байршлыг буруу бичигдсэнийг “Би энд яваагүй” эсвэл “Энэ өдөр хөдөлгөөнд оролцоогүй” гэдэг гомдол гаргаад ороод ирдэг. Ингээд шалгаад үзэхэд Баян-Өлгийд биш ч аль нэг газар явж байхдаа зөрчил гаргачихсан байдаг юм.

-Гэхдээ 2015, 2016 оны мөнгө тушаасан банкны баримтаа хүмүүс хаячихсан байх магадлал өндөр. Энэ тохиолдолд яавал дээр вэ?

-Хэрэв танд гүйлгээ хийсэн банкны баримт байхгүй тохиолдолд хэдэн оны хэддүгээр сарын хэдэнд гүйлгээ хийснээ, үгүй ядаж сараа багцаалж байх ёстой. Ийм тохиолдолд манайд ирээд шүүлгэх боломжтой юм. Иргэд бэлэн бус торгууль буюу цагдаагийн алба хаагчийн тавьсан торгуультай холбоотой асуудлаар гарсан гомдлоо манайд тавьж, Замын цагдаагийн албаны 106 тоотод ирж шүүлгэн шийдүүлж болно.

Харин гэрийн хаягаар ирж байгаа торгууль буюу камерт бичигдсэн зөрчилтэй холбоотой асуудлаар Замын хөдөлгөөний удирдлагын төв буюу Улаанбаатар хотын банкны шилэн барилгын есөн давхарт очиж гомдлоо шийдүүлэх боломжтой юм. Мөн цагдаагийн байгууллага иргэддээ аль болох чирэгдэл учруулахгүйн тулд Torguuli.police.gov.mn сайтаа “Голомт” банктай хамтран ажиллуулж байгаа. Тиймээс хэрэв та хүсвэл торгуулиа интернет ашиглан цахимаар төлөх боломжтой.