БЕНЗИНИЙ ШУУД ЦАЦАЛТ БУЮУ D4 ГЭЖ ЮУ ВЭ? (GDI, D-4, NEO DI) №60

Бензиний шууд цацалттай хөдөлгүүр гэдэг нь бензинийг цилиндрийн доторх шатаах хөндийд өндөр даралтаар цацах зарчмаар ажилладаг хөдөлгүүр юм. Ойролцоогоор бензинийг 50-200 атмосфер даралтаар хөдөлгүүрийн сорох ээлжээс шахах ээлжинд цилиндрийн дотор шууд цацаж очлуурын очоор өдөөж шатааж өгдөг. Энэ хэмжээнд хүртэл дараах хөгжлийн замыг туулсан юм.

  1. үе. Энгийн агаарын соролттой хөдөлгүүрт ядуу холимогоор хэмнэлт гаргах
  2. үе. Шууд цацалтыг хэрэглэснээр тэсрэлтийн дараах ажилласан хийн бүрэн шаталтыг сайжруулах
  3. үе. Агаарыг цилиндрт шахаж оруулан хэмнэлтийг сайжруулах.
  4. үе. Бүрэн шаталтыг явуулах шинэ технологид тулгуурлан ядуу холимогийг ашиглах.

Цилиндрт сорогдон орсон агаарын урсгалыг очлуурт ойрхон шахаж цуглуулсны дараа бензинийг цацаж агаар бензиний харьцааг  20:1-ээс 55:1 болтол ихэсгэсэн ядуу холимгийг бэлдсэнээр дараах шалтгааны улмаас шатахуун зарцуулалт буурах юм.

  1. Бензин насосны сул ажиллагааг багасгах
  2. Адиабат үзэгдлийн үзүүлэлтийг дээшлүүлэх
  3. Дулаан алдалтыг багасгах

Их чадал шаардсан үед агаар бензиний харьцааг 12:1 болтол бензинийг шүрших шаардлагатай ба энэ үед цилиндрийн доторх дан агаарын температур хөрж хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдсэнээр илүү чадлыг гаргах боломжтой юм. Үүний тулд холимогийн хаалтыг энгийн загвараас электрон удирдлагад шилжүүлэх шаардлага гарсан.

Шууд цацалттай хөдөлгүүрийн давуу талууд

Хөдөлгүүрийн эзлэхүүнийг багасгасан ч шаардлагатай чадлыг турбо зэргийг хэрэглэн гаргаж авдаг бол шууд цацалттай хөдөлгүүрт тэгэх шаардлагагүйгээр чадлыг нэмэгдүүлэх боломжтой ба үүнийг хөдөлгүүрийн эд ангиудын хийцийг сайжруулсанаар биелэх юм. Мөн шатахууны зарцуулалтыг бууруулах ашигтай.

Энгийн хөдөлгүүртэй харьцуулбал асаасны дараах хорт утааны хэмжээн бага байдаг. Мөн ажилласан хийн температурыг хянахад хялбар байдаг. Хөдөлгүүр хөрсөн байсан ч катализаторын температурыг нэмэгдүүлж ялгарах хорт утааг багасгаж болдог.

Сул талууд

Өндөр өртөг - Өндөр даралтын насосоор бензинийг цацдаг тул түүнд тохирсон өндөр даралтад ажиллах инжектор, поршенгийн тусгай хэлбэр зэргээс шалтгаалан өртөг нэмэгдэн  үнэтэй болдог.

Ажилласан хөө тортгийг зайлуулах

Энгийн хөдөлгүүрийг бодвол цилиндрийн дотор хөө тортог үлдэх нь элбэг. 40:1 гэсэн холимог нь хөө тортог үлдээх нь их ба энэ нь улмаар инжекторыг бохирдуулж бензин цацах горимыг доголдуулдаг.

Хий оруулах механизмд тортог суух

Оруулах клапан ба оруулах хоолойн хооронд угаараас үүсэлтэй хатуу лаг цугларах аюултай. Энгийн хөдөлгүүрт бол энэ хооронд үүссэн лагийг клапангийн гадна цацах бензин үргэлж угаан агаарын хамт цилиндрт оруулж шатаан гадагш гаргадаг. Шууд цацалттай хөдөлгүүрт зөвхөн агаар л орж ирдэг учраас уусгах бензин байхгүйгээс тэндээ хуримтлагдан улмаар оруулах клапан үүрэндээ сайн суухгүй компресс алдах, гажих зэргээр эвдрэл гарахдаа амархан байдаг. Ингэснээр хөдөлгүүрийн чадал буурч хүчгүй болох зэрэг үзэгдэл гарна.

Тогтвортой жигд шаталт явагдахгүй болох

Шатах хөндийд хөө тортог хуралдсанаар агаарын хуйлралт өөрчлөгдөн явдал дунд хөдөлгүүр унтрах, нормаль тогтворгүй болох, хүч алдах, шатахуун зарцуулалт ихсэх зэрэг сөрөг зүйлүүд гардаг. Янз бүрийн хэвийн биш дуу гардаг.

Байнга засвар үйлчилгээ шаарддаг

Мөн л хөө тортгоос шалтгаалж хөдөлгүүрийн тос бохирдох нь хурдан бөгөөд солих хугацаа ойрхон байдаг. GDI хөдөлгүүр гарч байх үед тохирох тос нь зөвхөн Мицубиши- гээс гаргасан тос байсан бөгөөд орчин үед бол SJ ангиллаас дээш тос гарснаар харьцангуй асуудал багассан боловч ер нь л ойр ойрхон тосоо солих нь зүйтэй юм.

Дуу чимээ

Өндөр даралтын инжектор нь илүү дуу гаргадаг ба сүүлийн үеийн энгийн хөдөлгүүрүүд ихэвчлэн чимээгүй болсонтой харьцуулбал дуу ихтэй гэж үздэг. Яг салон дотор сонсогдохгүй ч гадаа гараад чагнавал дизель хөдөлгүүртэй ойролцоо дуу гарах нь бий.

Хар утаа

Хуучраад ирэхээр хар утаа гарах нь ихсэх ба энэ нь цилиндрийн дотор тал хөө тортог болсноос болдог. Учир нь энгийн хөдөлгүүрт бензинтэй холимог цилиндрт орж шахагдах зуураа цилиндрийн дотор талыг цэвэрлэж байдаг бол шууд цацсан үед тийм хугацаа хангалттай байдаггүй юм.

Өндөр чанарын бензин хийх

Бензинийг өндөр даралтаар шахдаг тул өндөр октантай бензин хийхийг шаарддаг ба бага октантай бензин хийсэн үед дутуу шаталт явагдан нүүрс төрөгчийн лаг үүсэж хөдөлгүүр эвдрэх шалтгаан болдог.