ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАМ, ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр нийслэлд хийгдэж байгаа авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцлаа.

Дөрвөн томоохон уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа. Тодруулбал Оргилын уулзвар, ХААИС-ийн уулзвар, Өгөөжийн уулзвар, Авто-плазагын уулзвар юм. Эдгээр авто замын уулзварын ажлуудад Монголын 15 компани хамтран ажиллаж байна.

Эхлээд Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажлын явцтай танилцсан юм.

БОГД УУЛЫН ЗАМ 11 САРД АШИГЛАЛТАД ОРНО

ХУД-ийн 11-р хороонд хийдэж байгаа 2.4 км урт тус замын ажил нь нийслэлийн замын сангийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа. Авто замын ажил долоодугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд 11 сарын эхээр дуусах аж.


Зайсан толгойн замд 1960 оноос хойш зам засварын ажил хийгдээгүй байна. Одоогоор 7 метр өргөнтэй замыг 12 метрийн өргөнтэй дөрвөн эгнэээ зам болгон өргөтгөх ажил явагдаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Цаг хугацаатай уралдан ажиллах зайлшгүй шаардлагатай. Хавар тендерийн ажлаа нэлээн эрт зарласан.

Улаанбааатар хотын хэмжээнд замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгд эхэлсэн. Найдугаар сарын 15 гэхэд замын ачаалал ихэсдэг. Үүнээс өмнө замын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээнэ.

Зайсангийн замд шинэчлэл хийгдээгүй удсан. Богд уул руу иргэд аялах гэхчлэн замын ачаалал их байдаг.

Хавар өдөртөө 5,000 орчим иргэн машинтайгаа Богд уул руу явдаг. 10-р хорооллын урд талын зам, хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх зам, Гэмтлийн эмнэлэгийн замын ажил дууссан байгаа.  

Улсын хэмжээний томоохон эмнэлэгүүдийн гадна зогсоолыг шийдэж байна. Улсын эмнэлэгээр үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь Улаанбаатар хотын иргэд байдаг.

Иргэд үйлчилгээ авах гэж очоод маш их бухимддаг. 3-р эмнэлэг, Хавдар судлалын  болон Гэмтлийн эмнэлэг гэсэн гурван эмнэлэгийн авто зогсоолыг нийслэлийн замын хөрөнгөөр засварлаж байгаа.

ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН АЖИЛ 10 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Гадны хөрөнгө оруулалттай замын хамгийн эрчимтэй явж байгаа нь Яармагийн гүүр. Хотын төвд хийгдэх томоохон гүүрэн гарц гэвэл Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцын ажил эхэлсэн.

Энэ бүх замууд 2019 оны эхээр ашиглалтад орно.​ Яармагийн гүүрийн ажил 10 орчим хувьтай байна.

Бид хотын их тойруу гэсэн замын төсөл хэрэгжүүлж байгаа.

Хотын их тойрууг бий болгосноор хотын төвөөр дайрахгүйгээр дөрвөн зүг рүү гарах бололцоо бүрдэнэ.

Үүний нэг гол ажил Хайлааст Дарь-эхийг холбосон замын ажил байгаа. Энэ жил гүүрийн ажлыг хийж дуусгана.

Ингэснээр Долоон буудал, Дэнжийн мянга,  Хайлаастаас хотын зүүн зах руу хотын төвөөр дайрахгүй явах бололцоо бүрдэнэ" гэсэн юм.

Дараа нь Улаанбаатар хотын захирагч болон ажлын албаны хүмүүс ХААИС-ийн сургуулийн замын уузварын өргөтгөл болон ХУД 15-р хороо Богджавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.

БОГДЖАВЗАНДАМБЫН ГУДАМЖНЫ УУЛЗВАРЫН ЗАМ

Богджавзандамбын гудамжны уулзварын замыг өргөтгөснөөр дөрвөн эгнээ зам болж, баруун эргэлт хийх боломжтой болно.

Уг замын ажлыг гүйцэтгэгч компани нь наймдугаар сарын сүүлээр дуусгах төлөвлөгөөтэй байгааг дуулгаж байлаа.

ӨГӨӨЖИЙН УУЛЗВАР

"Өгөөж чихэр боов" ХХК-ийн баруун урд уулзварын замын өргөтгөлийн ажил үргэлжилж байна.

СБД-ийн 5-р хороонд хийгдэж байгаа тус зам засварын ажлыг бүрэн хийж дуусгаснаар жолооч нар баруун гар тийш эргэхдээ чигээрээ явж байгаа машинуудыг хүлээх шаардлагагүй болох аж.

Уг замын ажил 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн хүндрэл саатал гараагүй байна. Энэ наймдугаар сард замын өргөтгөлийн ажил дуусна.

Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын дарга Ж.Тогтохбаяр "Нийслэлд авто замын ажилтай холбоотой 42 төсөл арга хэмжээ хийгдэж байгаа.

Үүний нэг нь ХААИС-ийн уулзвараас KFC-ын уулзвар хүртэлх дөрвөн эгнээтэй болох зам юм.

Явган хүний болон дугуйн замтай болно. Уг замын ажил дууссанаар автобус явах боломж бүрдэнэ" гэлээ.

ГССҮТ-ЫН АВТО ЗОГСООЛ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн авто зогсоолын ажлын талаар ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан "Авто зогсоолын ажил 80 хувьтай явагдаж байна.

Яаралтай түргэн тусламж авч байгаа хүмүүс хоёр газраар орж гардаг боллоо. Иргэд яаралтай тусламж цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

ГССҮТ-д нисдэг тэрэгний зогсоол байгуулж өгсөн.

Манай улсын түргэн тусламжийн 60 орчим хувьд Гэмтлийн эмнэлэг үйлчилгээ үзүүлдэг" гэлээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.