БҮРЭН ЦАХИЛГААН МАШИНЫГ ЗАМЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛЖ, ХЯЗГААРЛАЛТГҮЙ ЗОРЧУУЛАХААР БОЛЛОО

Автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.

Захирамж гарснаар нийслэл хотын замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм. Мөн цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулна.

"НИЙТ 74 БҮРЭН ЦАХИЛГААН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БҮРТГЭЛТЭЙ БАЙГАА"

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог. Энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд дан ганц гэр хорооллоос ялгарах утаатай тэмцэх бус авто машинаас ялгарах утаатай давхар тэмцэх шаардлага тулгараад байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Байгаль орчин, ногоон хөгжлийн зорилт”-ын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг.

Цаашид Эко Улаанбаатар хот болох ажлын хүрээнд иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэсэн, ногоон хэрэглээг дэмжсэн олон ажлууд хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.