ТООРМОСНЫ НАКЛААД

Тоормосны наклаад сонгохдоо нэн түрүүнд үйлдвэрлэсэн материал болон үрэлтийн температурыг анхаарна. Энгийн автомашинд 300-350°C, харин люкс эсвэл спорт загварт 800-900°C хүртэл ажиллах наклаад тавьсан нь дээр. Түүнчлэн үрэлтийн коэффициентыг чухалчлах хэрэгтэй.

Хэрэв тэлдэг наклаад горимын хэмжээнд хүртэл халахгүй бол үрэлт муудаж, наклаад түргэн элэгдэнэ гэсэн үг. Стандартын дагуу наклаадны үрэлтийн коэффициент 0,3-0,5 хооронд эсвэл үүнээс их байх тусам илүү сайн тоормослох болно.

Тоормосны наклаадны ангилал

Үрэлтийн температур олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэр дундаас үйлдвэрлэсэн материал чухал үүрэг гүйцэтгэнэ.

50% төмрийн орцтой наклаад

30-65% төмөрлөг агуулах эдгээр наклаадын сайн тал нь дулаан сайн дамжуулдаг бол саар тал нь түргэн элэгдэж, хүйтэнд муу ажиллаж, тоормос гишгэх үед дуугардаг.

Органик наклаад

Кевлар, шил, нүүрсхүчил, өндөр хэмийн давирхай ба резин гэх зэрэг материалаар хийдэг энэ төрлийн наклаад пиланз бага элэгдүүлдэг. Нам дуутай, гэхдээ нэг чийг авбал тоормос муу барьж, түргэн элэгддэг. Тоосжилт үүссэнээс болж шахагч дискнүүд бохирддог.

Төмрийн орц багатай эсвэл бүхэлдээ төмөр наклаад

Үнэ, чанарын хувьд бусдаасаа илүү эдгээр наклаадын бүтцэд органик наклаадтай ижил материал ордгоос гадна тоормос барилт болон дулааны солилцоог сайжруулдаг ган, зэс нэмсэн байдаг. Гэм нь ган, зэс нь наклаад хурдан элэгдүүлдэг.

Керамик наклаад

Хамгийн хэрэгтэй хэрнээ хамгийн үнэтэй наклаад. Хурд сааруулах чадвараараа бусдаасаа илүү, өндөр хэмд тэсвэртэй, чийг авсан үед шинж чанараа алддаггүй, тоормосны дискэнд ээлтэй, тоосонцор бага үүсгэнэ.

ТООРМОСНЫ НАКЛААДЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Нэг автомашинд олон төрлийн наклаад тохирдог тул яг таарч тохирох наклаад сонгоно гэдэг санасан шиг хялбар биш. Юуны түрүүнд наклаадаа ямар зорилгоор, ямар нөхцөлд ашиглахыг тодорхойлж, тоормосонд ирэх ачааллыг тооцох хэрэгтэй.

Наклаадын төмөр суурь нь нугалаагүй, материал нь ховхорч хуураагүй, бүтцэд гадны биет орох ёсгүй. Мэдээж наклаадаа зах эсвэл дэлгүүрээс авах нь таны хэрэг боловч, заримдаа дэлгүүрт хуурамч наклаад харин зах дээр эсрэгээр маш сайн, чанартай бүтээгдэхүүн байж болохыг үгүйсгэхгүй.

Худалдаж авахдаа брендийн савлагаа шошгон дээрх бичгийн алдаатай эсэх, үнийг нь анхааралдаа аваарай.

ТООРМОСНЫ НАКЛААДЫГ ХЭВШҮҮЛЭХ

Шинэ наклаад тавьсны дараа харшиж, элдэв дуу авиа гараад байвал огцом тоормослох, дөрөөгөө хүчтэй гишгэхийн оронд ойр орчимд машин тэрэггүй шулуун зам руу гараад наклаадны гадаргууг тэгш шүргэлцүүлж, тоормосны дискэнд үрэлцүүлэх зорилгоор тоормосоо аажмаар гишгэвэл зохино.

САНАМЖ:

Наклаадыг хойд хоёр, урд хоёр дугуйнд хосоор нь сольдгийг бүү мартаарай. Ямар ч тохиолдолд дан ганц өрөөсөн дугуйнд сольж болохгүй шүү.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.