ХИЙН ПҮРШ ГЭЖ ЮУ ВЭ? №337

Хийн пүрш (air suspension) нь агаарыг ашигладаг. Доторх хийн даралтаар машиныг өргөж, дугуйн дээш, доош хөдөлгөөнд тохируулж хөшүүн чанараа өөрчилдөг. Анх ихэвчлэн том оврын автомашинд ашигладаг байсан бол сүүлийн үед бүхий л төрлийн автомашинд өргөнөөр ашигладаг болсон.

Давуу тал:
  • Маш зөөлөн
  • Тэвшний түвшин тохируулагч нь агаарын даралтыг автоматаар тохируулдаг тул ачаалал өөрчлөгдсөн ч машины өндрийг тогтмол барьдаг
  • Хийн пүршний хөшүүн чанар нь ачааллаас хамаарч өөрчлөгддөг тул хоосон ачаатай үед хүндийн төвийн ялгаа бага байдаг.

Сул тал
  • Даралттай агаарыг үүсгэдэг компрессор болон ачааллаас хамаарч агаарын даралтыг автоматаар тохируулдаг тэвшний түвшинд тохируулагчийн ажиллагаа нарийн төвөгтэй.

Мөн Land Rover, SsangYong, Chrysler, Subaru, Audi, Volkswagen, Tesla, Porsche, болон Lexus компаниуд өндрийг тохируулахаас гадна хатуу зөөлнийг нь тохируулах боломжийг ч олгож байна. Ингэснээр спорт машины хувьд пүршний уярах хөдөлгөөнийг хязгаарладагтай ижилхэн хатжуулж уралдааны зам дээрх тогтвортой байдлыг дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм.

Түгээмэл тохиолддог гэмтлүүд

Хийн уутны гэмтэл
Удаан эдэлгээний явцад чийгнээс болж доторх агаарын системийг гэмтээдэг. Мөн хэт хуурайшилтаас болж резиний урагдалт үүсдэг. Муу замаар үсрэх, харайх зэрэгт мөн адил хийн уут задардаг. Үүнийг шийдэхээр сүүлийн үед 2 давхар резинэн эрчлээстэй уутнууд ч түлхүү санал болгох болсон.

Агаар дамжуулах шугам
Хийн уут эсвэл суурьтай нь холбодог гуурс гэмтдэг. Тулгуур эд ангийн байнгын хөдөлгөөн, огцом хөдөлгөөнд зэрэг нь түүний элэгдлийг түргэсгэдэг. Ихэвчлэн хүнд цаг ууртай нөхцөлд ашигладаг бол түгээмэл гэмтдэг.

Өндөр тохируулагч
Уут, хавхлага, соленөйд зэргийг холбож агаар дамжуулалтыг удирддаг. Нэг тохируулчихсан байхад байнга өөрчлөөд байдаггүй ховор хэрэглэдэг эд.

Компрессор
Хийн уут нь агаараа алдаж эхэлвэл түүнийг шалгах хэрэгтэй. Хэрвээ уутнаас агаар алдагдвал компрессор түүнийг зөв төвшинд нь аваачих үүрэгтэй байдаг. Агаарын систем дэх чийглэгээс болж ихэвчлэн шатдаг.

Хуурайшуулагч
Агаарын системд эргэлдэж байгаа агаараас чийгийг салгах үүрэгтэй эд. Чийгтэй агаар нь системийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж хийн уут эсвэл компрессорыг шатаадаг.