ХАЛДВАРТЫН ЭЦСИЙН БУУДЛААС ЗҮҮН ТИЙШ 1.2 КМ УРТТАЙ АВТОЗАМЫГ НЭЭЛЭЭ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусаж, 09/05-нд нээлтээ хийлээ.

Халдвартын эцсийн автобусны зогсоолоос "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд 7м өргөн, 2 эгнээ, 2 талаараа 1,5м явган хүний зам, гэрэлтүүлэгтэй авто замыг “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл 2016 оноос он дамжуулан нийт 986 сая төгрөгийн өртгөөр шинээр хийж гүйцэтгэлээ. Тус замыг ирэх онд Офицеруудын ордны тойрогтой холбох төлөвлөгөөтэй байгаа юм.

Нийслэлийн байнгын ачаалалтай зам, уулзварууд, хуучин, тоосжилт ихтэй шороон замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөлийг хангах, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангахын тулд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил, Хайлаастын уулзвараас Дарь -Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт, БЗД, 1, 4-р хороо, Сансарын ШТС болон автобусны буудлын хоорондох явган хүний гүүрэн гарц, Аялал жуулчлалын 2,05 авто замын шинэчлэлт, авто зогсоолын хамт барих хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.