ХААИС-ИЙН УУЛЗВАРЫН ӨРГӨТГӨЛ ДУУСЛАА

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусаж, уулзварыг өнөөдөр нээлээ. Хуучин 3 эгнээ байсан уулзварыг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэх ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэлээ.

Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй бөгөөд өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 50-60 хувь нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан.

Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын уулзвар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвар гээд нийт 4 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.