ФОТО: ДАРЬ-ЭХИЙН УУЛЗВАР ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ БҮХИЙ ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦТАЙ БОЛЛОО

Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ.

Тус гүүрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан ба металл хийц бүхий энэхүү явган хүний гүүрэн гарц нь 3 м өргөн, 33 м урт, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1.56 м өргөн налуу замтай юм.  

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Б.Ганбаатар “Өмнө нь гүүрэн гарцууд цахилгаан шаттай байсан. Энэ нь дийлэнхдээ ажилладаггүй. Энэ гүүрэн гарц нь өөрөө налуу замтай байгаа нь илүү давуу талтай байна. Дан тэргэнцэртэй гэлтгүй хөл муутай, ачаа бараатай хүн ч зорчиж болохоор болсон байна” гэлээ.

Энэ хэсэгт зорчигчдын хөдөлгөөний эрчим нь цагт дунджаар 1,000, уг авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь цагт дунджаар 3,000 байдаг аж.

Мөн өвлийн цагт замын налуугаас шалтгаалан халтираа гулгаа үүсдэг, автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн  хөдөлгөөн ихтэй тул Их тойруугийн болон Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар зохион байгуулах нь явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зэрэг олон давуу тал бий болсон байна.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар мегаполис хот болсны хувьд иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн энэ гүүрэн гарц гэж хэлэхэд болно.

Улаанбаатар хотод жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах нь туйлийн чухал. Энэхүү гүүрэн гарц Баянзүрх дүүргийн хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамжинд байгуулагдсан.

Түүнчлэн сургуулийн хүүхдүүд аваар осолд холбогдох магадлал ихтэй зам учир энд хийсэн. Архитектурын хувьд шинэ шийдэлтэй. Хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн, орчныхоо нөхцөл байдалтай уялдсан гүүрэн гарц болж байна. Цаашдаа гүүрэн гарцуудыг олноор хийнэ” гэсэн юм.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

ФОТО

Гэрэл зургийг Mpa.mn

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.