ТӨМӨР МАСКТАЙ ХҮН

Сансар, эрчим хүч, автомашин, зам тээвэр гэсэн томоохон салбарт хувьсгал хийж буй тэргүүлэгч Tesla Motors, SpaceX, SolarCity, The Boring Company зэрэг компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ерөнхий зохион бүтээгч Илон Масктай WGS 2017 чуулганаар хийсэн ярилцлага.

Та урам зоригоо хаанаас авдаг вэ?

Үүнийг хоёрхон үгээр тайлбарлаж болохгүй л дээ. Би хүүхэд байхын л амьдралын утга учир юунд оршдог бол, бид яагаад энд байгаа юм бол, энэ бүхэн ямар учиртай вэ гээд их олон асуулт асуудаг байлаа. Яваандаа зөв асуулт асууж байх нь чухал гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ухамсарлах тусам асуултууд ч улам зөв болдог гэхүү дээ.

Соёл иргэншлийн сүүлийн 100 жилийг харвал хөгжил дэвшил асар хурдтай өрнөж байна. Сүүлийн 20 жилд л гэхэд хэмнэл нь бүр гүйцэгдэхээ байжээ. Таны бодлоор одооноос 20, 30 эсвэл 100 жилийн дараа байдал хэрхэн өөрчлөгдөх бол?

Ирээдүйг зөгнөх хэцүү. Анхны нисдэг онгоцыг авч үзье л даа. 1903 он, ах дүү Райт. Үүнээс хойш ердөө 66 жилийн дараа бид Сар руу анхны хүнээ нисгэсэн. Хэрвээ та 1900 онд “Сар руу нисэх болов уу?” гэж асуусан бол таныг галзуу хүн гэх байж. Интернетийн талаар ярьсан бол бүр солиорчхож гэх байсан биз.

Гэтэл өнөөдөр 100$-ийн төхөөрөмжөөр дэлхийн аль ч өнцөгт байгаа хүнтэй дүрсээ хараад ярьж болно. Ямар ч асуултын хариуг хайлтын системээс хормын дотор авна. Энэ бүхнийг хэдхэн жилийн өмнө таамаглаж хэлэхэд хэцүүхэн л байсан биздээ. Үүгээр бид одоо ямар ч таамаг дэвшүүлсэн буруу байх болно гэдгийг хэлмээр байна.

Хүн төрөлхтөн Ангараг, цаашлаад Бархасбадь гараг дээр очно. Магадгүй бид нарны аймаг дотроо аялж, хөрш од руу ч нисэхийг үгүйсгэхгүй. Миний бодлоор энэ бүхэн 50 жилийн дотор биеллээ олно. Бид автоматжилт бас хиймэл оюун ухааны гэрч нь болно гэхээр их зугаатай байгаа биз?

Юутай ч арван жилийн дараа автомат жолоодлогогүй машин ховор үзэгдэлд тооцогдоно.

Аравхан жилийн дараа юу?

Тиймээ, үйлдвэрээс гарах бүх автомашин автомат удирдлагатай болно. Өнөөгийн байдлаар Tesla-ийн бүх автомашин хүнээс дутахааргүй аюулгүй жолоодлогын мэдрэгчтэй. Бусад брэндүүд ч бидний энэ жишгийг дагана. Машинд суугаад очих газраа хэлэхэд л хамгийн аюулгүй аргаар хүрэх газраа очно.

Үүнийг цахилгаан шаттай зүйрлээд үзье. Урьд өмнө нь цахилгаан шатыг тусгай хүмүүс татуургаар хааж нээгээд залж удирддаг байсан. Гэтэл одоо бид лифт руу ороод, товчлуур дээр дараад л болоо. Бид анхнаасаа лифтийг ингэж ажилладгаар нь хүлээгээд авсан биздээ?

Та Твиттерээр Вашингтоны доогуур хонгил барьж байгаагаа мэдэгдсэн. Үүний талаар?

Миний бодлоор их хотын зам түгжрэлийн асуудлыг хонгилын системээр л шийднэ. Тэгээд энэ нь хавтгай, хоёр хэмжээст хонгилын систем биш үелсэн, хэд хэдэн давхар байх ёстой. Гол асуудал нь өрөмдөх арга барил. Хэрвээ бид аль болох бага зардлаар, хамгийн хурдан бөгөөд аюулгүй байдлаар бүрээд сурчихвал тун удахгүй хамгийн ачаалалтай хотууд ч чөлөөтэй болно. Дээшээ сүндэрлэх барилга байгууламж нь гурван хэмжээст, харин зам нь хоёр хэмжээст, нэг үе учраас хүмүүс нэгэн зэрэг гарахад түгжрэл үүсдэг.

Бидний хорвоо ертөнцийг хүлээж авах арга барил, амьдралын хэв маяг, бизнес хийх аргачлалыг юу орвонгоор нь өөрчлөх бол?

Ойрын үеийн томоохон өөрчлөлтийг автомат жолоодлого авчирна. Энэ өөрчлөлт хүмүүсийн хүлээлтээс ч ойрхон болж өрнөнө. Автомат жолоодлоготой автомашин гэдэг маш эвтэйхэн эд. Нөгөөтээгүүр машин барьж амьдралаа залгадаг өчнөөн хүн бий. Тиймээс бид эдгээр хүмүүсийн үүргийг дахин нэг ухамсарлаж дараагийн шат руу шилжилт хийхэд нь туслах хэрэгтэй. Харж л байгаарай, энэ өөрчлөлт нүд ирмэхийн зуур болж өнгөрнө.

Гэхдээ нүд ирмэхийн зуур гэдгийг бас тодруулах хэрэгтэй. Дэлхий дээрх 2 тэрбум тээврийн хэрэгсэл удахгүй 2,5 тэрбум хүртэл өснө. Жилд үйлдвэрээс 100 сая автомашин гардаг. Харин автомашины дундаж наслалт 20-25 жил байдаг.

Автомат жолоодлоготой автомашин гарч ирснээр тэр даруйд дэлхий нийтээрээ шилжилт хийхгүй нь мэдээж. Гэхдээ одооноос 20 жилийн дараа жолооч нарын ажилгүйдлийн асуудал хүндэрч, 30-40 жилийн дараа гэхэд нийтээрээ цахилгаан автомашин руу шилжинэ. Яваандаа бүх юм 100% цахилгаанжиж, хүн төрөлхтний цахилгаан хэрэглээ 3 дахин ихэснэ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.