АСАХГҮЙ БОЛ БҮҮ ХҮЧИНД!

Юуны түрүүнд өвөл машин асахгүй зовж байхад юун инээхтэй манатай байдгийг би ч мэднэ. Ийм байдалд л орохгүйн тулд энэ нийтлэлийг бичиж байгааг зөвөөр ойлгоорой.

Хүн бүрийн машины анхан шатны мэдлэгийг заавал сорьдог улирал бол өвөл юм. Цастай замын жолоодлого, хүйтэн өглөө машинаа асаах, хагарсан дугуйг чичрэн байж солих зэрэг нь бүгд л таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

Эцсийн эцэст хамгийн туршлагатай жолооч - “өвлийн дүн хүйтэнд машин асахыг хүсэхгүй бол асаах гэж хүчиндэх хэрэггүй” гэсэн зөвлөгөөг өгдөг. Тэгээд асаахгүй, яах болж байна? гэсэн асуулт танд төрж байгаа нь лавтай. Нэгэнт хөлдөөд үхлүүт болсон машиныг хүчиндэхийн оронд дулаан гараашид оруулан 1 хонуулж аргадаж байж асаахаас өөр аргагүй. Эцэстээ, машиныг ийм хүнд байдалд битгий оруулаарай л гэх гэсийн.

Тэнэг хүмүүс өөрийн алдаанаас суралцдаг бол ухаантай хүмүүс бусдын алдаанаас суралцдаг гэсэн үг бий. Өвөл ямар анх удаагаа ирж байгаа биш, өвлийн машины арчилгааг бид ямар мэдэхгүй биш.

Гэхдээ л цаас чичихээс нааш цоордоггүйн үлгэрээр юмыг яаж мэдэхэв гээд өвлийг урт улирлыг машинтайгаа эсэн мэнд давах улмаар өглөө асахгүй болтол нь машиныг зовоохгүй байх 10 зөвлөгөөг өгье.

  1. Өвөлд өвөл биш намар бүр зунаас бэлтгэх ёстой. Туршлагатай жолооч машинаа зунаас л бэлтгэдэг. Санхүүгийн бололцоотой үедээ ямар нэгэн юмаа сайжруулж, засаж, шинэчилж байдаг. Үгүй бол өвөл дуу дуугаа авалцан эвдрэх элдэв зүйлсээ хараад та барьц алдах болно.
  2. Моторын тос, бас дахиад тос. Өвөлд зориулсан 0W болон 5W-тэй хагас синтетик эсвэл бүтэн синтетик тос хийж хэвшээрэй. Өвлийн хүйтэнд тааруухан тостой моторыг асаана гэдэг бол үнэхээр хохиролтой ажил мөн. Мотор асар их элэгдэл авч өөрөө хохирч байдаг билээ. Нэг удаа асахдаа л мянга мянган км явсантай тэнцэхүйц элэгддэг гээч. Хөлдсөн тостой мотор зуурчихвал машин асаах тухай бодлоо мартаад шинэ мотор авах талаар бодож эхэлсэн нь дээр.
  1. Тосоол болон Antifreeze-ээ заавал шалгана. Доктор Авто Сүлжээний аль ч салбарт градусыг нь шалгаад хэлээд өгнө, солиод өгнө. Орж ирсэн япон машинууд -25 хавьцаа байх нь түгээмэл. Монголын өвлийг давах гэж байгаа бол багадаа -40 градусыг тэсвэрлэх шингэн хийлгэх нь өлзийтэй. Antifreeze хөлдчихвөл машиныг асаах тухай бодлоо мартаад дулаан гараашид 1-2 хонуулах талаар бодоорой.
  2. Батарейгаа хайрлаарай. Орчин үеийн машинууд батарейгүй бол юу ч биш болсон. Үнэхээр гадаа хонуулах болвол батарейгаа дулаалах эсвэл дулаан газар оруулж хонуулаарай. Одоо байгаа батарейг 3 жил эдэлсэн бол солино гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.
  1. Дулаан гарааш бол шилдэг шийдэл. Өвөл хэн жаргалтай вэ? Дулаан зогсоолд байгаа машин жаргалтай. Ямар ч тайлбар хэрэггүй энэ шийдэл бүгдэд ойлгомжтой. Гагцхүү зогсоолын хүрэлцээ, худалдаж авах болон түрээслэх өндөр үнэ нь зарим хүнд боломжгүй болгож байгаа нь харамсалтай.
  1. Сайн чанарын дулаан хучлага бол сайн шийдэл юм. Олон жилийн туршлагаар батлагдсан тул гагцхүү сайн хучлага авахыг хичээгээрэй. Гадаа -30 градус хоноход хучлага дотор -17 хавьцаа байдаг. Хучлагатай үед анхаарах ганц зүйл нь 8 цагаас илүү байлгавал гадаах температуртай ялгаагүй болдог. Өөрөөр хэлбэл аажмаар дулаанаа алдаж байдаг тул олон хоногоор тавих хэрэггүй. Ямартай ч машиныг хамгийн хохироодог хүйтэн салхинаас хамгаалдаг нь сайшаалтай.
  2. Гадаа хонуулахаар болвол “ардын” янз бүрийн аргуудыг зөв хэрэглэж сураарай. Яндангаа бөглөх, асаахын өмнө батарейгаа халаах, машин асаах үеийн зарим дүрмүүд, ассаны дараа мотор, кропоо халаах, эхний хөдөлгөөнийг хийх зэрэг дурдаад байвал нэлээн юм болно.
  3. Ид өвлийн хүйтэнд машинаа угаалгах хэрэггүй. Норсон олон эд анги барьцалдан хөлдөж өглөө нь маш эвгүй үр дүн гарах тохиолдол бий. Гагцхүү дулаан гараашид хонуулах бололцоотой үедээ л угаалгаж байгаарай. Ид хүйтэнд машинаа гадаа хонуулахдаа гар тоормос татах хэрэггүй байдаг. Халсан наклад дисктэйгээ наалдан хөлдөж, хөдлөх үед дискээ хагалах харамсалтай тохиолдол гардаг шүү.
  4. Дохиололтой асаагч суурилуулах нь тун дажгүй шийдэл юм. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад өвлийн дулаахан шөнө 1 удаа, нэлээд хүйтэнд 2 удаа, тэсгэм хүйтэнд 3-4 удаа ассан байдаг. Нэг асахдаа 20-30 минут нормальдаад унтарна.1-2 литр шатахуун зарцуулна гэж тооцвол 3000 - 5000 төгрөгийн зардал гаргаж байгаа юм. Энэ шийдэл нь гагцхүү мотор кропыг халааж, өглөө машин асах баталгааг олгодог боловч бусад олон явах эд ангийг аварч чаддаггүй нь харамсалтай.
  5. Сүүлийн ганц зөвлөгөө бол өвлийн улиралд талаас дээш шатахуунтай байлгаж хэвшээрэй. Туршлагатай жолооч тал болоод ирэхээр нь дүүргэдэг юм. Хэзээ ч шар гэрэл асаадаггүй. Хэрвээ асвал тэр дороо ШТС ордог.

Асахгүй байгаа машиныг дахин дахин дарах, улмаар хааз гишгэж баяжуулах, түүнээсээ болж свечэг тайлан галаар тэслэх, машины доор гал түлэх мэтийн бүдүүлэг зөвлөгөөг бид танд хэзээ ч өгөхгүй. Өнгөрсөн өвөл зүгээр л машинаа шатаачихсан зөндөө тохиолдол гарсан. Машин элбэгшээд хүмүүс тоохгүй л байгаа болохоос ийм бүдүүлэг байдлаар машинаа бүр эвдсэн хүмүүс олон бий.

Эцэст санаж явах ганц дүрэм бол өвлийн хүйтэн өглөө машинаа асахгүй болтол нь битгий зовоогоорой, нэгэнт асахгүй байгаа бол хүчилж асаах хэрэггүй.