ИРЭЭДҮЙН ЛАМБО

Lamborghini компани өөрсдийн цоо шинэхэн концепт загвар болох Terzo Millennio-г танилцууллаа. Концепт гэдэг нь ийм хэлбэр дүрстэйгээр үйлдвэрлэж магадгүй урьдчилсан загвар бөгөөд яг үйлдвэрлэгдэх үедээ арай өөрчлөгдөх ч магадлалтай гэсэн үг юм. Мөн ирээдүйн загвараа үүгээр илэрхийлж ч болдог.

Англи утгаараа 3-р мянган гэсэн утгатай тус загварыг АНУ-ын MIT (Massachusetts Institute of Technology) сургуультай хамтран бүтээснээр онцлог аж.

Шинэ загвар нь дугуй тус бүр дээрээ цахилгаан мотортой, супер багтаамжтай өндөр чадлын аккумулятортой байх бөгөөд бүх дугуйн хөтлөгчтэй. Кузовын хувьд карбон файбер бүтэцтэй. Гэхдээ энгийн нэг карбон файбер биш гэнэ. Учир нь өөрийгөө хамгаалдаг буюу ослын, гэмтлийн үеийг тодорхойлж эвдэрсэн хэсгийг халааснаар бүтэн болдог бүтэцтэй гэнэ шүү.