БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ АВТОМАШИНЫ ГЭРЛИЙН ТУСГАЛЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГООС ҮНЭГҮЙ ӨӨРЧИЛНӨ

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн ойрын тусгалыг энэ долоо хоногоос эхлэн өөрчлөх билээ. Энэ талаар Автотээврийн Үндэсний Төвийн Судалгаа хөгжил, чанарын удирдлагын газрын дарга Н.Зоригоос тодруулсан юм.

Улсын хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 250 мянга орчим автомашин байдгаас 100 мянгынх нь гэрлийн тусгалыг энэ жилдээ багтаан солихоор төлөвлөжээ. Автотээврийн Үндэсний Төвөөс төсөв гарган гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдцийг хийсэн байна.

Жолооч нар энэ долоо хоногоос нийслэлийн БЗД, БГД, СХД-т байрлах автотээврийн үндэсний төвийн харьяа Техник хяналтын үндэсний төвүүдэд очиж, гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэ төлбөргүй солиулах юм. Одоогийн байдлаар дээрх гурван төвд солих ажлыг хийх ч, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ хэллээ.

Буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрэл тусахдаа өөдөөс нь ирж буй жолоочийн нүдэнд гялбаж, үүнээс үүдэн гарах ослын тоо өндөр байдаг байна. Ийнхүү тус ажлыг хэрэгжүүлснээр авто ослын тоо буурна гэж тооцоолсон байна.

Мөн хувиараа автомашины засварын газар ажиллуулдаг, худалдаа эрхэлдэг иргэд Авто тээврийн үндэсний төвд хүсэлтээ гарган, мэдээллээ өгснөөр тус бэлдцийг үнэгүй олгох аж. Тодруулбал автомашины худалдаа эрхэлдэг хүн машиныхаа тоогоор авах боломжтой гэсэн үг.

Хөдөө орон нутагт ч ялгаагүй Техник хяналтын төвүүдээр дамжуулан солиулах юм байна.

Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1234 утаснаас авах боломжтой.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.