ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-НААС ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛАА ТАНИЛЦУУЛЛАА

Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарцын талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа.

Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд буюу ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Ажлын хэсгээс хоёр төрлийн санал боловсруулсан байна.

  1. Нэгдүгээрт, дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх. Ингэхдээ даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.
  2. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байна.

Цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгохоор төлөвлөж байгаа аж.

Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэх юм байна. Энэхүү төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тодотгож байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд: хоёр томоохон гүүрэн гарцын ажил нийслэл хотод эхлэх учраас авто замын түгжрэл маш ихээр гарна.

Тиймээс энэ талд онцгой анхаарал хандуулж ажиллана. Энэ зун бүтээн байгуулалттай холбоотойгоор автозамын ачаалал ихэсч, хүндрэлтэй болно.

Тиймээс иргэд үүнийг ойлгож замын хөдөлгөөндөө соёлтой, хүлээцтэй хандаж оролцохыг уриалж байна. Иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хаврын бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.