БИ БОЛОН БУСАД ХҮМҮҮС

Ялалт гэдэг хэзээ ч алдахгүйд бус, унах болгондоо эргээд босоход оршдог юм (Конфуци)

Та гэрлэн дохионы өмнө 10 огт танихгүй жолоочийн хамт зогсож байна гэж бодъё л доо. Гэтэл улаан гэрэл шар гэрлээр солигдох мөчид бүх жолооч нар ухасхийгээд хөдөлбөл та яах вэ? Ногоон гэрэл асахыг хүлээх үү? Эсвэл бусдыгаа дагаад хаазаа гишгэх үү?

Яг энэ талаар сэтгэл судлаач Соломон Аш нэгэн судалгаа явуулжээ. Харамсалтай нь ихэнхи хүмүүс ямар ч нөхцөлд яаж ийгээд л олонхтой санал нийлдэг нь тогтоогдсон байна. Энэ үзэгдлийг олон улсад конформизм буюу хүлээн зөвшөөрөгдөх гэж нэрлэдэг.

Сайн уу муу юу гэдгийг нотлох боломжгүй ч олонхоо дагах нь хүнд байгалиас заяасан чанар аж. Бид гадуурхагдахаасаа, шүүмжлүүлэхээсээ айж, бусдаас өөр байгаадаа эмзэглэдэг. Энэ айдас бол бүр эртнээс бидэнд өвлөгдөж ирсэн дотоод ухамсрын айдас гэж хэлж болно.

Учир нь, хүн бий болсон цагаасаа л сүрэглэн амьдарч амиа зогоодог байсан төдийгүй өнөөдрийг хүртэл гэр бүл, анги хамт олон, ажлын байр гээд хэсэг бүлэг хүмүүстэй зохицож амьдрах зайлшгүй шаардлагатай өдөр болгон тулгарч байна.

Тэгвэл конформизм гэдэг тийм муу зүйл юм уу? Хэрэв зээ энэ дэлхий дээр нийтийн жишгийг дагагч нар байхгүй байсан бол нэг ч ажил урагшлахгүй байсан биз дээ. Манлайлагч нар шийдвэрийг гартаа авдаг бол конформистууд ажлыг нугалдаг юм. Тэд удирдагчийн үгэнд сайн орохоос гадна тушаалыг олон таван үггүйгээр гүйцэтгэдэг.

Ийм хүмүүс л нийгмийн суурийг тавьдаг юм шүү дээ. Тэд л улс үндэстний өв соёлыг хадгалж үлддэг ба сонгуульд идэвхтэйгээр оролцон, тэтгэвэртээ гартлаа ажилладаг.

Гэлээ гээд, конформизмыг шүтэж бас болохгүй. Ийм хүмүүсийг сайн зүйлд уриалахад амархан байдаг шиг муу зүйлд ч уруу татахад амархан. Яг ийм, сайн муугийн ялгааг мэдэрч чаддаггүй, дуулгавартай хүмүүс л Гитлер мэтийн диктаторуудад үйлчилдэг байсан. Сэтгэл судлаач нар үгэнд хэт сайн ордог хүүхдүүдэд илүү анхаарал тавихыг санал болгодог нь ч бас учиртай биз.

Тэгвэл би яах ёстой вэ? Бусдыг дагах уу эсвэл өөрийн үзэл бодолдоо бат зогсох уу гэж та эргэлзэж байна уу?

  1. Ул үндэстэйгээр шүүмжилж сур. Ирж буй мэдээ мэдээлэлд ухаалгаар дүгнэлт хийж, логиктойгоор бодож сэтгэж, юманд шүүмжлэлтэй хандаж сур.
  2. Ямарваа зүйлийг хэт битгий тахин шүт. Дэлхийн хамгийн ухаантай хүмүүс ч алдаа гаргадаг. Мундаг хүн хэлсэн гээд шууд итгэж болохгүй. Заавал ийм байх ёстой юу гэдэг өнцгөөс харж сур.
  3. Шударга бай. Энэ нь бүх хүмүүсийн нүд рүү нь хараад үнэнийг илчилнэ гэсэн үг биш. Зүгээр л өөрийн хувийн бодолдоо үнэнч байж, үнэн мөнийг ялгаж сурахыг хэлнэ.

Конформизмыг нотлох зорилгоор маш олон туршилтууд явуулж байснаас хамгийн анхных буюу Соломон Ашын жолооч нар дээр хийсэн туршилтыг хамгийн оновчтойд тооцдог. Тэрээр анги дотор байсан сурагч нарын харааг шалгах хүсэлтэй байгаагаа хэлж, самбар дээр өөр хоорондоо ялихгүй ялгаатай 2 зураас зуржээ.

1 сурагчаас бусад бүх хүүхдүүд Соломонтой хуйвалдсан байсан бөгөөд 2 зураас яг адилхан хэмжээтэй байна хэмээн бүгд албаар орилж эхэлсэн байна. Туршилтанд орсон сурагч тэр даруй бусадтай санал нийлсэн бөгөөд яагаад худал хэлэх болсныг нь асуухад тэнэг харагдахаасаа эмээсэн хэмээжээ.

Эцэст нь хэлэхэд, жолооч та дүрэм зөрчигч нарыг дууриах уу эсвэл өөрийн гэсэн зөв итгэл үнэмшлээ дагах уу гэдгээ сонгоорой.