САЙХАН СЭТГЭЛТЭЙ БАЙХ НЬ АШИГТАЙ ЮУ?

Алтан боломж гэдэг өөрөө мөрөвчтэй өмд өмссөн хэцүү ажил шиг харагддаг болохоор ихэнхи хүмүүс түүнээс татгалздаг (Томас Эдисон)

Ер нь сайхан сэтгэл гэж юуг хэлэх вэ? Хэчнээн маргаантай ч гэлээ энэ бол бодож үзэх ёстой асуудлуудын нэг яах аргагүй мөн. Товчхондоо сайхан сэтгэл гэдэг нь сайн сайхан зүйл бодож, сайн үйл хийхийг хэлдэг.

Сайн үйл гэж юуг хэлж байна вэ гэхээр ямар нэгэн ашиг хонжоо, үр дагавар харгалзалгүйгээр туслалцаа хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах, дэмжихийг хэлнэ. Жолооч та нэг удаа ч болов замд явахдаа сайн үйл хийж байсан уу?

Гарцан дээр зогсох настай хөгшинг хараад машинаасаа бууж түүнд зам хөндлөн гарахад нь туслах ч юм уу, яарч байгаа хэн нэгэнд зам тавьж өгөх гээд сайхан сэтгэл янз бүрээр илэрч болно. Гэтэл дэлхий дээрх бүх хүн сайн хүн гэж үү? Бидний дунд амиа хичээсэн, харамч хүмүүс амьдарсаар л байгаа. Ингээд бодохоор сайхан сэтгэл гэдэг нь амьд явахад зайлшгүй шаардлагатай зүйл биш болж таарах нээ.

Тэгвэл жолооч та дуулгавартай, нөхөрсөг, эелдэг байх нь ямар ач тустай юм? Эрдэмтэд маш удаан хугацаанд хүний сэтгэлзүйг шинжилсний эцэст сайн хүн байхын 4 том ач тусыг олж тогтоожээ:

  1. Сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс илүү удаан амьдардаг. Учир нь, эрүүл сэтгэхүйтэй хүмүүс хэзээ ч муу зүйл хйидэггүй. Сайн сайхан зүйл бодож явдаг хүмүүсийн мэдрэлийн систем хүртэл хэвийн ажилладаг. Эерэг бодол тээдэг хүн амархан уцаарлаж, бухимддаггүй ба сэтгэлийн хөдлөлөөр мунхаг алхам хийх нь ч ховор байдаг.
  2. Хайр энэрэл биднийг улам их аз жаргалтай болгодог. Калифорнийн их сургуулийн профессор Соня Любомирски оюутнууддаа 10 долоо хоногийн турш сайн үйлийн аянд оролцож, бусдад тус хүргэх даалгавар өгчээ. Энэ хугацаанд нийгэмд хамгийн их тус хүргэж, идэвхтэй байсан оюутнууд бусад оюутнуудаас хамаагүй илүү эрч хүчтэй, аз жаргалтай болсонг тэр анзаарсан байна. Та бусдад юу өгнө, түүнийгээ л хүлээж авдаг хорвоо шүү дээ.
  3. 2005 онд Израилийн их сургуулийн явуулсан судалгаагаар сайн үйл хэрэг үйлдэх болон хүний биед орших допамин хэмээх аз жаргалын гормон 2 салшгүй холбоотойг баталжээ. Хүн бусдад тус хүргэж, "БАЯРЛАЛАА" гэдэг ганцхан үгийг сонссон даруйд түүний бие энэхүү гармоныг хүчтэй ялгаруулж, гайхалтай мэдрэмжийг авдаг байна. Түүгээр зогсохгүй, өөртөө илүү итгэлтэй болж, сэтгэл тайвшралыг ч бас мэдэрдэг нь тогтоогджээ.
  4. Сайхан сэтгэл гэдэг аз жаргалтай яг адилхан-түүнийг хэзээ ч худалдаж авч чадахгүй. Эдийн засагч нар хүн төрөлхтнийг төрөлхийн амиа хичээсэн, харамч гэж буруу дүгнэдэг. Тэгвэл сэтгэл зүйч нар энэ ухагдахууныг эрс эсэргүүцдэг. Учир нь, сайн сайхан зүйл хийх нь хүнд яг л зайрмаг идэж байгаатай адил таашаал өгдөг. Хэн нэгэнд аз жаргал бэлэглэснээр бидний дотоод оршихуй улам баяжна уу гэхээс дундардаггүй.

Хүн эхээс төрөхдөө л сайхан сэтгэлтэй төрдөггүй, энэ зан чанарыг хүн амьдралынхаа туршид хөгжүүлдэг. Жолооч та өдөр бүр сайхан сэтгэл гаргаж бусдадаа тусалж байгаарай.