УНАДАГ ДУГУЙ, ОЁДЛЫН МАШИН ХОЁРООС УРГАСАН ТҮҮХ БУЮУ OPEL

Энэ түүх эхэлсэн цаг хугацаа бол тэртээ 1837 он юм. Герман орон нам гүм. Яг энэ нам гүм шиг Рюссельхайме хэмээх хөдөөгийн бяцхан тогсон бас ажин түжин. Гэтэл хар төмөр нүдэж, хар хөлсөө урсгаж амь зуудаг Опелийн гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн юм. Тэр хүүд Адам гэдэг нэр өгсөн юм.

  • Адам Опелийн бага насанд сонирхолтой зүйл бараг л байсангүй. Жаал хүү аавынхаа жаргал зовлон ээлжилсэн төмрийн дарханы мухлагт өсч өндийсөн ба ингэхдээ эцгийнхээ хар хөлс урсаж, алх дөш хоёр нүдэлцэж байхыг өдөр болгон үздэг байлаа. Цаг хугацаа цаас хийсэх шиг түргэн түргэн өнгөрч нэг мэдэхнээ Адам 20 насыг хүрэв. Энэ үед түүнд төрөлх суурин, уйтгарт нэгэн хэвийн амьдрал нь утгагүй санагдаж эхэлсэн.

Инженер: Нэгэнт шийдсэн болохоор Адам Опель гэрээсээ явсан. Хүсэл мөрөөдөл нь түүнийг дуудсан. Залуу эрийн урт хол аялал Европ тивээс эхэлж цаашаа хөвөрсөн. Гэвч хаана ч очсон мастерын туслахаас илүү гарахгүй байсан нь анхандаа Адамд гунигтай санагдсан юм.

Таван жилийн дараа халаас хоосон Адам Опель гэртээ эргэж ирэхэд хүмүүс түүнд янз бүрээр л хандаж байлаа.

  • Хөөе нөгөөх чинь ирчихэж. Юу ч гүй болоод л буцаад ирж дээ
  • Ээ хөөрхий манай хөрш залуу яагаа юм бол доо. Бүтэлгүйтээ л болов уу даа

Тийм ээ Зарим нь шоолж, инээж, зарим нь өрөвдөж, зарим нь зүгээр л дуугүй явах. Овоолсон их алт эрдэнэстэй буцаж ирээгүй ч Опелийн сэтгэл дотор тэгэхэд гайхамшиг бий болсон байсныг хэн ч мэдсэнгүй.

Нэгээс нөгөө рүү хэрэн хэсч, өлсөж, цангаж, заримдаа цадталаа хооллож, шинэ хүрэм, бүрх малгай хүртэл худалдаж авч явсан залуу Опель Парист болсон техник технологийн үзэсгэлэнгээс  жинхнэнэ эрч хүч авч, амьдралыг хялбарчлах техник, тоног төхөөрөмж нь амжилтанд хүрэх боломж юм байна гэдгийг ойлгосон байлаа.

  • Эргэж ирсэн Адам Опель нэг хэсэгтээ л гэртээ сууж, тэр бүү хэл гадагшаа гарахаа байсныг Рюссельхайме тосгоныхон эхэндээ гайхаж байгаад сүүлдээ мартчихжээ. Тэгтэл Опель энэ хугацаанд оёдолын машин угсарч, бараг л дуусдагын даваан дээр анхны захиалга ирэв. Оролдлого нь шууд л үр ашгаа өгч эхэлсэн Опель урам зориг итгэл дүүрэн оёдлын машин угсрах ажлаа эрчимжүүлж, илүү гэрэл гэгээтэй ирээдүй рүү тэмүүлэв.

Инженер: Төдөлгүй Опель оёдлын машины үйлдвэр байгуулж, түүнийгээ өргөжүүлж эхэлсэн юм. Ингээд зургаан жил өнгөрөхөд Опелийн оёдлын машины үйлдвэр гэсэн хаягтай хоёр давхар том үйлдвэр ч сүндэрлүүллээ. Үнэхээр түүний бизнес амжилттай байсан. Тухайн үед оёдлын машин цоо шинэ зүйл байсан болохоор яг л талх шиг зарагдаж, Адам Опелийн ашиг орлого ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байсан юм. Тэр гялалзаж явлаа

Ажил төрөл таатай болоод ирэхийн үест Опель хувийн амьдралаа зохиож, илүү аз жаргалтай болохоор шийдсэн юм. Төдөлгүй тэрбээр гэр бүл зохиож, амьдрал хэмээх их далайг амраг хань, үр хүүхэдтэй туулах болсон юм. Опельд хайрт эхнэр нь 7 хүүхэд төрүүлж өсгөж өгсөн. Тэдний ихэнх нь хөвгүүд байсан юм.

Зээ: өвөө маань хэнээс ч дутахгүй сайн эцэг байсан. Тэрээр балчир хөвгүүдээ ажиглаж, тэдэнд юу хэрэгтэй байгааг нь мэдэхээр шийдсэн гэдэг. Харин оёдлын машины үйлдвэрийн эзний хөвгүүд унадаг дугуйнд үнэхээр хорхойтой байлаа. Өвөө үүнийг нь соргогоор олж харж, бас хөвгүүдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр цоо шинэ загварын унадаг дугуй үйлдвэрлэж эхлэсэн гэдэг. Гэхдээ өвөө өөрөө унадаг дугуйнд тийм ч дуртай байгаагүй гэдэг. Гэсэн ч энэ бизнес нь тун ч ирээдүйтэйн дээр унадаг дугуй улам их эрэлт хэрэгцээтэй болно гэдгийг тэр мэджээ.

  • Инженер: Унадаг дугуй үйлдвэрлэдэг болсноос хойш Опелийн бизнес өдөр хоногоор биш цаг минутаар өсч, хөгжиж, ашиг орлого нь зузаарч байсан. Тийм болохоор Адам Опель бие даасан компани байгуулах ёстой юм байна гэдгээ ухаарсан юм. Үүний үр дүнд “Адам Опел Эй Жи ” хэмээх унадаг дугуй, оёдлын машин үйлдвэрлэгч компани бий болов. Угтаа Германы алдарт авто машин үйлдвэрлэгч “Опель” моторсын түүх ингэж эхэлсэн юм.

Унадаг дугуйны бизнес нь оргилдоо хүрч, оёдлын машин үйлдвэрлэл нь европ тивийг тэргүүлж эхлэх үед Опелийн хөвгүүд өсч өндийн, өөр зүйл сонирхох болжээ. Ухаантай эцэг хөвгүүдээ дахиад л ажиглав. Залуу эрс цөм өөрөө явагч сүйх тэрэг буюу авто машин сонирхох болсон байлаа.

Түүгээр ч барахгүй яг л олон жилийн өмнөх орь залуухан, мөрөөдөмтгий аав шиг ээ залуус Опелиос өөрөө явдаг сүйх тэргэний салбарт хүч үзэхийг хүсч, ятгах болсон байна. Анхандаа Опель унадаг дугуй, оёдлын машины бизнесээ үргэлжлүүлэхийг хүсч, илүү эрсдэлтэй, эрэлт хэрэгцээ нь тодорхойгүй салбарт цаг, хөрөнгө зарцуулах гэж яарсангүй. Тэгэвч эрч хүчтэй, мөрөөдөмтгий хөвгүүдээ удаан ажиглаж, бодож тунгаасан Опель эцэстээ шийдвэрээ өөрчлөв.

  • Чингэж дэлхийн авто машины ертөнцөд “Адам Опел” мотор хүч түрэн орж ирлээ. Гэтэл авто машины зах зээлд урам зоригтой, эрч хүчтэй хөл тавьсан Адам Опель төдөлгүй өвчний улмаас нас барж, хөвгүүд нь аавынхаа гаргасан жимийг зам болгон тодруулах хэрэгтэй болсон юм.
  • Олон саад бэрхшээл байлаа, тэдэнд. Бүхнийг зааж, чиглүүлж, харанхуйд гэрэл гэгээ, хүйтэнд нөмрөг, эзгүйд эзэн болдог байсан эцэг Опель таалал төгссөн нь хөвгүүдийн хувьд хамгийн их гарз байлаа.
Инженер: Гэвч тасралтгүй хөдөлмөрлөж, тэмцэж, зүтгэсэн залуус 1899 онд Опель моторын хамгийн анхны авто машин болох Льюнцмэн загварыг бүтээж чадсан. Гэлээ ч удалгүй энэхүү загвараа олон тоогоор үйлдвэрлэхэд нь саад бэрхшээл учирлаа. Тэгсэн чинь дэлхийн нэгдүгээр дайн эхэлж, залуусын бизнес бүр ч амаргүй хүнд байдалд орсон юм.

Дайн самууны хүнд үеийг Опелийн хөвгүүд эцгийнхээ эхлүүлсэн оёдлын машин, унадаг дугуйны үйлдвэрлэлийн тусламжтайгаар давж гарсан юм. Тухайн үед залуус аавынхаа амьд сэрүүндээ хэлж байсан үг сургаалийг ажил амьдралын мөрдлөгө болгосон нь дайнд ялагдсан улс орны хэцүү, хатуу нийгэмд дахин хөл дээрээ босч ирэх амжилтын түлхүүр болсон байдаг.

  • Удалгүй ууртай шартай цэвэр цуст Аарий нарын амьдрал овоо дээрдээд ирэх үед Опель мотор цэцэглэн хөгжиж, Германы авто машин үйлдвэрлэлийн 37.5 хувийг эзлэх болжээ. Тэгэвч хэсэг хугацааны дараа Опель моторыг АНУ-ын General motors компани худалдаж авсан юм.
  • Энэ наймаа алдагдалгүй, ашигтай болсон ч гэсэн өнөөдөр жинхэнэ Опелийг үүсгэн байгуулсан Адам Опелийн компаниас зөвхөн нэр нь л үлджээ. Харамсалтай л юм

Унадаг дугуй, оёдлын машин хоёроос ургасан түүх энэ буюу. Та бүхэн мандан бадрал, унан доройтлын гэрч Адам Опел-тэй хамт байлаа..,