ХӨРГӨХӨД УЧИР БИЙ. НЭГ НЬ ЭНЕРГИ ЗАРЦУУЛНА, НӨГӨӨХ НЬ ЭНЕРГИЙГ ХАДГАЛНА

Хэрвээ хөргөхийн тулд энерги зарцуулж байгаа бол актив, энерги зарцуулахгүй байгаа бол пассив аргаар хөргөж байна гэж ойлгоно.

Mobicool-ийн Coolbag буюу Сэрүүн богц

Өөрөөр тайлбарлая. Хөргөнө гэдэг маань эсрэгээр халуунаа барих тухай ч ярьж болно. Өвлийн хүйтэн шөнө актив, пассив хоёр аргаар машинаа гадаа тавьж болно. Хэрвээ автомат асаагчтай бөгөөд шөнөдөө мотор асаж машин халааж байгаа бол гарцаагүй актив арга юм.

Автомат асагч ажиллахаас гадна моторыг асааж бензин зарцуулж байна. Харин хучаад хонож байгаа бол идэвхгүй буюу Пассив аргаар машинаа дулаалж байна. Машин өөртөө хуримтлуулсан дулаанаа хучлагын хүчээр алдахгүй тулд нэг шөнийг бол асуудал давчихдаг.

Окэй, одоо ойлгомжтой боллоо. Пассив нь урт хугацаандаа найдваргүй ч, богино хугацааны хэрэглээнд бол асуудалгүй, нэмэлт зардалгүй, бат бөх шийдэл гэдэг нь тодорхой боллоо.

Mobicool-ийн тогонд залгадаг 35 литрийн хөргүүр

Машины хөргүүрт ч ийм хоёр шийдэл бий. Хэрвээ таны хөргүүрийн хэрэгцээ өндөр, хөргөх зүйлс их, олон хоног аялах бол Актив хөргүүр шаардлагатай болох нь. Машиныхаа 12 вольтод залгаж хэрэглэнэ. Машины цахилгаанаас зарцуулах тул бензин зарцуулалтад нөлөөлнө.

Пассив шийдлийг нь та бараг гадарлаж байгаа болов уу. Халуун сав маягийн доторх дулаанаа барьдаг хөргүүр байгаа. Нэг хоноод ирэх аялалд хаваасаг.

Пассив хөргүүр дотроо гелэн мөс маягийн зүйл хийчихвэл хүйтнээ бүр ч сайн барина. Гелэн мөс гэдэг нь гэдсэндээ тавьдаг халуун жин шиг зүйл байгаа. Олон дахин хэрэглэнэ. Муудаж, эдэлгээнээс гарах тухай ойлголт байхгүй.

Ингээд та өөрийн хэрэгцээндээ тааруулан Актив, Пассив аль ч шийдэлтэй хөргүүрийг авч болно оо. Аялалд тань амжилт хүсье. Мах шинээрээ, ногоо сайхнаараа, сүү гашлаагүй, ундаа хүйтнээрээ байх болтугай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.