МАШИНАА ХУВААМААРГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ?

Цасанд, шавранд, элсэнд суучихсан байхад нөгөө л эрдэмт ах маань ирээд татаад өгчихдөг бол сайхан аа. Даанч амьдрал тэгж шийдэхгүй шдээ.

Пикаптай онгироо залуу ирээд татдаг баатар болсон чинь машиныг чинь ханз татаад хаячихвал яана.

Суудлын седаны гупер байтугай том жийпний урд тэнхлэг тэр чигээрээ мултраад гараад ирж байгаа бичлэг Youtube-ээр зөндөө бий. Tow Strap Gone Wrong Compilation гээд хайгаад үзээрэй.

Туршлагагүй хүн анх машин татахдаа ихэвчлэн угз татдаг. Хурд хүчээ буруу мэдэрч байна гэсэн үг. Хэрвээ гүн суусан хүнд машиныг буруу татвал аль нэг машин эвдэрч таарна аа даа. Энэ эрсдэлээс сэргийлж мэргэжлийн татлага бүр өөрийн даацтай, тэмдэглэгээтэй байх бөгөөд түүнээс хэтэрсэн тохиолдолд аль аль талд аюулгүйгээр тасрах зориулалттай.

Татлага тасарлаа гээд гомдолгүйгээр, үнэтэй гуперээ ханз татахаас сэргийлсэндээ баярлах хэрэгтэй.

Төгсгөлд нь нэг жишээ татъя. Тээр нэг зун би машинтайгаа татуулсан юм. Зөвхөн араасаа татуулах боломжтой байсан бөгөөд аварга том пикапаар татуулав. Намагнаас асуудалгүй гарсан боловч намайг чирэгч эр маань яагаад ч юм зогссонгүй.

Би тоормослох боловч нэмэргүй чирэгдсээр байлаа. Ямар ч хүчтэй юм, нилээн хурдтай явж байна шүү. Нэг мэдсэн миний чиглэл хазайж тэр зүүн тийшээ, би баруун тийшээ явж эхлэв. Дундуур том мод ороод ирлээ. За, би ч, модонд гэнэт татагдаад онхолдох нь дээ, гэж бодоод сэтгэл санааны хувьд өөрийгөө бэлтгэсэн шүү юм бодсоор.

Гэтэл ашгүй модонд тулсан татлага тасарч би аврагдсан юм. Нөгөө мангар эр дээр очоод яаж байгааг асуутал шаварнаас найдвартай гаргах нь зөв гэж бодсон тухайгаа хэлдэг юм даа. Күй ээ нээрээ.

Тэгж л даацтай, даацын дугаартай, мэргэжлийн татлаганд үнэхээрийн баярлаж билээ. Тэр тасраагүй бол машин бид хоёр лавтай 2-3 өнхрөх байсан даа.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.