NSX

“Бидний мөрөөдөл биелэнэ” гэсэн урианаас үүсэлтэй бөгөөд Хондаг дэлхий дахинд илэрхийлье гэдгээс үүсэлтэй загвар юм. Хөөсөн эдийн засгийн үе буюу 1989 онд анх нийтэд зарлагдан 1990 оноос 2005 он хүртэл нийт 15 жил загварын бүтэн шинэчлэлтгүйгээр үйлдвэрлэгдэн 2006 он хүртэл борлуулагдсан.

Тухайн үедээ японы автомашин дотроос хамгийн үнэтэй байв. Хөдөлгүүр нь урд хөтлөгчтэй седан загварт тавигддаг хөндлөн байрлалтай C30A загварын DOHC VTEC  системтэй 3.0 литрийн хөдөлгүүр бөгөөд NSX-ийн хувьд кузовын дунд буюу хойд тэнхлэгийн урд байрлалтай хойд дугуйгаар хөтлөхөөр тавигдсан байна. 

Мөн тухайн үедээ олон нийтэд зориулсан автомашинд байдаггүй монокок бүтэцтэй хөнгөн цагаан кузовтэй байв. Ийм учраас түүны кузовыг бүтээх ажил роботын шугамаар биш голдуу гар ажиллагаагаар хийгддэг байжээ. Дээрх бүхнээс энэ бол японы Super car гэсэн имижийг илэрхийлдэг. Үүнээс гадна гадаадад Acura NSX гэсэн нэрээр борлуулагдаж байсан.

  • 2006 оноос Америк болон европын шатахуун зарцуулалт болон хорт хаягдлын шинэ стандартыг хангахгүй болсоноор үйлдвэрлэлийг зогсоожээ.

Хөгжлийн үе шат
Анх гарснаас хойш 6 жилийн өмнө Honda шинжилгээ судалгааны төвөөс урд хөтлөгчтэй автомашин хийхээс гадна хойд хөтлөгчтэй автомашиныг бий болгох тухай судалгааны ажлын явцад дунд хөдөлгүүртэй хойд хөтлөгчтэй автомашин бүтээхээр болжээ.

Аюулгүй байдал, жолоодлого, хүчин чадал сайтай спорт автомашин бүтээх зорилго тавин хөнгөн цагаан бүхээгтэй хийх зэрэг тухайн үеийн шилдэг технологиудыг ашиглаж байлаа. Үүний зэрэгцээ Ferrari, Porsche зэрэг спорт загваруудтай харьцуулан судалсны дээр ялангуяа Ferrari 328 –ийг давахын тулд тэдгээрээс хэд хэдэн ширхэгийг худалдан авч туршсан гэдэг.

Ингээд NSX загвар гарсан даруйд F1 уралдаанд Хондагийн хөдөлгүүрээр уралддаг байсан Айртон Сенна, Накажима Сатору нар туршилт хийн жолоодсон байдаг. Хөнгөн цагаан бүхээг хир найдвартай болохыг шалгахын тулд Германы Ньюрбургийн тойргийн ойролцоох тосгонд туршилтын газар байгуулан туршсан байна.

Үүгээр дэлхийн анхны монокок дан хөнгөн цагаан бүхээгийг төгс болгосныг зарлажээ. Ямар хөдөлгүүр тавих талаар янз бүрийн санал гарч 4 цилиндртэй 2.0 литрийн хөдөлгүүр тавихаар ярилцаж байсан боловч эцэст нь Honda Legend загварт хэрэглэдэг 3.0 литрийн V6 SOHC хөдөлгүүр дээр суурилахаар шийджээ. SOHC системийг DOHC болгоход тухайн үед Integra загварт тавихаар хөгжүүлж байсан DOHC VTEC систем хэрэг болж  түүнийг V6 хөдөлгүүрт хэрэгжүүлснээр спорт биш энгийн хөдөлгүүрийн 1 литрээс 100 морины хүч гарган авах болжээ.

DOHC болсноор хөдөлгүүрийн дээд хэсэг нилээн өргөн болсноор тэнхлэг хоорондын зайг уртасгах шаардлагатай болжээ. Хөдөлгүүрийг бага зэргийн налуу байрлуулсны ачаар  ердөө л 30 мм уртасгасан байна. Хойд дугуйнаас хойш кузовын хэсгийг урт хийсэн шалтгаан нь янданг урт явуулах, хөдөлгүүрийн дулаанаас кабиныг тусгаарлах, их хурдтай үед аэродинамикийг сайжруулан тогтвортой болгоход байсан.

Тэр үеийн супер автомашинууд ихэвчлэн хүчин чадал, үзүүлэлтийг гол болгон жолоочийн ая тухыг анхаардаггүй байсан юм. Харин NSX-ийн хувьд жолоочийн нөхцөлд илүү анхаарсан загвар болсон билээ.

1-р шат  E-NA1 (1990-1996 он)
1990 онд гарсан. C30A загварын 3.0 литрийн V6 DOHC VTEC хөдөлгүүртэй ба гадна талд сөхөгддөг гэрэлтэй байсан. Мөн хөнгөрүүлсэн жинтэй Pure  Sport Grade гэх TYPE R хувилбар 1992 оны 3 сараас худалдаалагдаж эхэлжээ. 1995 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийлгүйгээр автомат хурдны хайрцагийн арааг руль дээрээс солих боломжтой болгосон. Дээвэр нь онгойдог Open top  TYPE T хувилбар гарч эхэлсэн.

2-р шат GH-NA2/GH-NA1 (1997-2000 он)
1997 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн 2000 оны хорт хаягдлын хуульд  нийцүүлсэн. Гадна талд томоохон өөрчлөлт хийгээгүй бөгөөд механик хурдны хайрцагтай загварын хөдөлгүүрийг томруулан 3.2 литрийн C32B хөдөлгүүр тавьсанаар хүчин чадлыг 280 м.х болгон нэмэгдүүлэн хурдны хайрцагийг 6 араатай болгожээ.Type S, Type R, Type S Zero гэсэн 3 хувилбараар гарах болов.
1999 онд хөдөлгүүрт тохируулга хийснээр 2000 оноос мөрдөх хорт утааны шаардлагыг 50%-иар багасгаж чаджээ.

3-р шат LA-NA2/LA-NA1 (2001-2005он)
2001 онд гадаад дизайнд анхаарсан хэсэгчилсэн шинэчлэлтийг хийсэн байна. Аэродинамикийг сайжруулах үүднээс сөхөгддөг гэрлийг хавтгай ил гэрлээр сольжээ. Энэ шинэчлэлээс хагас жилийн дараа Type R-ийг дахин гаргаж, Type S Zero хувилбарыг хасчээ. Type R-аас бусад хувилбарт CD чэйнжер, хөдөлгүүрийн хулгайн хамгаалалт тавив. Мөн 2005 оноос мөрдөх хорт хаягдлын хуульд нийцүүлэв. Арлын дугаарын код нь LA-NA-гаас ABA-NA болон өөрчлөгджээ.

2005 оны 2 сарын 22-нд Super GT уралдаанд зориулан NSX Type R GT хувилбар 3 сарын 22 хүртэл 1 сарын хугацаанд 5-хан ширхэгийг үйлдвэрлэх төлөвлөгөө байсан боловч үнэндээ 1 ширхэгийг л хийсэн гэж яригддаг ба маш их аэро китүүдтэй, өргөн урт болсон боловч үндсэн хэсгүүд хэвээрээ байсан юм. Түүний код нь ABA-NA2.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.