ГУЛГААТАЙ ЗАМААР УРУУДАХ АРГА

Гулгаатай, гөлөөн болчихсон замаар уруудах ч бас л тийм ч амархан ажил биш шүү. Ялангуяа шинэ жолооч нарт бол хөлс чахруулж, хамаг булчин чангалсан даваа л даа. Тэгвэл энэ талаар тожоо жолооч ингэж зөвлөжээ.

Цаг агаарын хүнд нөхцөлд юм уу гулгаатай замаар уруудахад гол баримтлах зарчим нь АЛГУУР, УДААН ЯВАХ юм. Гулгаатай уруу замд, яг л уулын уруу алхаж байгаа юм шиг алгуур яваарай.

Тоормосыг бага багаар өг. Хэзээ ч огцом тоормосоо гишгэж болохгүй. Ингэвэл бөгсөө хаяж, шарваж таныг бүр ч сандаргах магадлалтай. Зарим туршлагатай жолооч нар гар тоормосоо ч ашигладаг л юм. Араагаа аль болох хүндрүүлж буух хэрэгтэй. Автомат кроптой машин бол хөдөлгүүрийн хүндрүүлэгчтэй араа гэж байдаг.

Жишээ нь prius 20-д байдаг БИ гэсэн тэмдэглэгээтэй араа бол бас л уруу замд хань болдог шүү. Хэт хурдан явах юм бол та гулгаж, түүнийгээ засахын тулд рулээ хэт огцом дарах, хэт хүчтэй тоормослох зэргээс бүр ч их асуудалд орж магадгүй.

За мөн урдах машин, саад зэргийг тойрохдоо рулээ огцом дарж, бас хүчтэй тоормосолж яав ч болохгүй. Ингэвэл машин тэр чигтээ гулсаж, гулгаж болзошгүй байдаг.

Ачаа ихтэй эсвэл чиргүүлтэй явж байгаа тохиолдолд тоормос гишгэхдээ биетүүд буюу машин, ачаа хоёр нэг чигт байгаа тохиолдолд л гишгээрэй.Учир нь машин хажуу тийш гулгах, чиргүүл хөндөлдөх аюул уруу замд хамгийн ойрхон байдаг юм л даа.

Хэрэв механик тэрэг бол араагаа хүнд араанд байгаа чигээр нь тоормосоо гишгээрэй. Гулгаатай уруу замд конс буюу араа салгах педалаас хөлөө ямагт хол байлгахыг Тожоо жолооч бас танд хатуу анхааруулж байна шүү. Араа салгаатай үед дугуй хий эргэж, гулгадаг гэдгийг битгий мартаарай.

За ер нь Тожоо жолоочийн гулгаатай уруу замд танд өгөх хамгийн гол зөвлөгөө бол гэлдэрч явах юм. Ингэснээр та удирдлага алдах эрсдэл бага, сандарна гэж бараг байхгүй юм шүү.