АМОРТИЗАТОРЫН ТАЛААР БҮГДИЙГ №89

Сайн, бүрэн бүтэн амортизатортай бол донсолгоо, чичиргээг мэдрэхгүй, машин дотор чимээ шуугиангүй, тав тухтай зорчдог. Гэхдээ энэ ч хамгийн гол нь биш. Амортизаторын төлөв байдал машинтай холбоотой бүх юманд нөлөө үзүүлдэг.

Тэгш биш гадаргатай, муу хучилттай, бетон болон чулуун хучилттай зам дугуйнд чичиргээ үүсгэдэг. Хэрвээ амортизатор муу бол доргионд дугуй дээш үсэрч тухгүй явахад хүргэдэг.

Муу амортизатораас болж машин хурд авч, жигд явж чадахгүй, тоормослох болон эргэх, өгсөх ба уруудахад бэрхшээл байнга гарч байгаа нь мэдэгдэнэ.

Шалгах

Амортизатор бүрэн бүтэн эсэхийг өөрөө шалгах хялбар арга бас бий. Амортизаторын их бие дээгүүр тос гоожсон эсэхийг нүдээр хараад тогтоож болно. Дараа нь машиныхаа дөрвөн буланд гурав дөрөв дахин дарж дайвалзуулж үзээрэй.

Үүний дараа кузов чинь тэгширтлээ нэг удаа л "буцах" ёстой. Хэрэв машин удаан савлах юм уу, эсвэл цохилт тод сонсогдож байгаа бол амортизатор хэрэггүй болж солих ёстой болсон гэсэн үг.

Амортизаторын төрөл
  • Амортизаторын хувьд дан голтой болон давхар голтой гэсэн хоёр төрлийн амортизатор их хэрэглэгддэг.
  • Давхар голтой амортизаторт тулавчийн хатуу хэсгүүдийн хэлбэлзлийг зогсоох нь шингэн нэг савнаас нөгөө саванд юүлж, клапанаар дамжуулан эргүүлэн хураах ердийн аргаар хэрэгждэг.
  • Ийм амортизаторын шингэнд зууралдах чанар өндөртэй тосыг хэрэглэдэг.
  • Дэлгэрэнгүй төрлийн мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Зах зээлд хийц бүтцээрээ төдийгүй үнэ өртгөөрөө ялгаатай олон төрлийн амортизатор бий. Нэг төрлийн амортизатор ч гэсэн дотроо олон янзын загвартай байж болно. Харин тэр бүхнийг хамгийн хямд хамгийн сайн гэж рекламдах явдал ч гарч байна.

Бүтэц зохиомжийн хувьд ердийн машинд зориулсан амортизаторын үндсэн хэсэг нь тосон, хий байх бөгөөд жолооч нар 2 хэсэгт хуваан ойлгодог. Эхнийх нь дан голтой учир өртөг зардал хямд байдаг бол давхар голтой амортизатор нь нөгөөхөөс 30% орчим хувиар илүү үнэтэй байдаг.

Харин тэд нь юугаараа сайн бэ гэвэл, давхар голтой амортизатор нь хөндлөн жижиг зураас үүссэн дэржигнүүртэй замд илүү сайн. Ийм амортизатор дэржигнүүртэй замд дугуйг зам руу сайн шахаж өгдөг тул эргэлт хийх боломж илүү. Муу замаар өндөр хурдтай явж байхад  замын эргэлтэд багтах үед энэ чанар нь тод илэрдэг.

Тийм учраас жолоодлогыг эрхэмлэн эргэлт нугачаанд машинаа зөв залж байхыг хүсдэг хүмүүс давхар голтой амортизатор илүүд үздэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ хоёр төрлийн амортизаторын хоорондын ялгаа тийм ч их биш тул дан голтой амортизатор ч тав тухыг хангаж чадна.

Ажиллагаа

Ихэнх компаниуд давхих дуртай, спортын жолоодлогыг эрхэмлэдэг хүмүүст зориулан агших ба түлхэх хүчийг нь нэмэгдүүлсэн тусгай амортизатор үйлдвэрлэдэг. Ийм амортизатортай машин донсолгоо эргэлттэй замд хурдан явах үед тогтвор сайтай байх боловч нэлээд хатуу явдалтай болж тохь тух алдагдах нь бий.

Ийм маягийн амортизаторын тоонд Rancho брэндийн Rs9000 болон Tokico брэндийн High performance, Kayaba пүүсийн Ultra SR гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Тюнинг-д зориулсан тусгай амортизаторын ихэнхийг KONI ба BILSTEIN зэрэг пүүсүүд үйлдвэрлэдэг бөгөөд тэд нь хатуу, бат бөх ба үнэ ихтэй байдаг.

Мөн нь амортизаторын үнийн тухай ярихад хүрвэл, өндөр чанартай, сайн амортизатор хямд байна гэдэг үнэхээр худал юм. Тийм боловч бас сонголт хийх боломж бий.

Амортизатор үйлдвэрлэгчдийн дотор хамгийн нэр хүндтэй нь дээр дурдсан KONI ба BILSTEIN пүүсүүд маргаангүй мөн боловч тэрхүү өндөр чанартай үнэ ихтэй бүтээгдэхүүнийг заавал худалдан авна гэх нь тэр бүр зөв биш юм. Ихэнх жолоочийн хувьд тух багатай ч гэсэн тогтвортой, жолоодоход хялбар байх нь гол шалгуур болдог.

Манай оронд ихээр орж ирсэн Японы автомашинуудын хувьд үйлдвэрлэгчээс нь ихэвчлэн Tokico, KYB амортизаторыг суурилуулж өгдөг.

Амортизаторыг солих

Хэрэв та амортизаторыг төрлөөр нь солихыг хүсч байгаа бол дөрвөн амортизаторыг нэг зэрэг бүгдийг нь сольсон нь дээр. Учир нь нэг тэнхлэгт нь дан голтой, нөгөөд нь давхар голтой амортизатортай явах болвол машины төлөв байдалд өөрчлөлт гардаг.

Энэ нь аюулд хүргэхгүй ч гэсэн технологийн хувьд маш буруу юм. Түүнээс гадна амортизатораа сольчхоод элэгдсэн бөөрөнхий суурь, хэмхэрхий дээд дэр (таваг), урагдсан тоосноос хамгаалагч зэргийг аль болох шинээр сольж байвал сайн.

Тулгуурын эд анги буюу өндгөн тулгуур, гарны тулк зэрэг элэгдэж хуучирсан бол шинэ амортизатор хэвийн биш нөхцөлд ажиллах болж, ачаалал нь ихсэж, жижигхэн хонхор гүдгэрт эцэстээ тултал чангарч явсаар амархан муудахад хүрдэг.

Амортизаторыг шалгах энгийн арга

Дугуйн хэвийн бус элэгдэл

  • Амортизаторын доторх поршингийн элэгдлээс болж дугуй хазгай элэгдэх тохиолдол гардаг.

Жолоо барьж явахад хэвийн бус байдал мэдрэгдэх

  • Рулийн жолоодлого алдагдах болон жолоо булаах гэх мэт байдал гарвал.

Замын энхэл донхолд таны автомашины кузовт цохилт мэдрэгдэх

  • Төмөр замын гарам болон донсолгоотой замаар явахад тачигнасан дуу гарвал амортизатораа солих болжээ.

Амортизатораас тос гоожих

  • Хэвийн ажиллагааны vед ч гэсэн сальник элэгдсэнээс тос гоожих явдал гардаг. Энэ тохиолдолд түргэн засварын газарт хандаж амортизатораа солиулах шаардлагатай.

Та хуучин амортизатораа одоо хүртэл хэрэглэж байгаа юу?

  • Таны амортизатор хэвийн байдалд байгаа мэт харагдавч ажиллагаа нь хэвийн бус болох тохиолдол байдаг тул 20.000 км тутамд заавал шалгаж байх хэрэгтэй.

Таны амортизатор чинь ажиллагаагүй болсон уу?

  • Шалгах энгийн арга нь машины крылог дарах vед савласан (дээш доош) хөдөлгөөн олон давтамжтай савлаж байвал амортизатор муудсан байна.

ӨВӨЛ АМОРТИЗАТОР СОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Амортизатор муудаж тосоо гоожуулсан, ажиллагаагүй болсон бол өвөл зун гэлтгүй цаг агаарын нөхцөлийг үл хамааран шууд солих хэрэгтэй. Учир автомашин эргэх, огцом тоормослох үед тухайн машины хүндийн төв шилжиж байдаг.

Үүнийг амортизатор аль болох шилжүүлэхгүй хүндийн төвийг барьж байх үүрэгтэй байдаг бөгөөд муудсан тохиолдолд хүндийн төв өөрчлөгдөөд машин тэнцвэргүй болж осолд орох нөхцөлийг үүсгэдэг. Мөн амортизатор муудсан чигээрээ яваад байвал гарны тяг, шарньер, тулк зэрэг эд ангиудад хүчтэй цохилтыг дамжуулж насжилтыг богиносгож, эвдрэлд хүргэх аюултай.

Дэлхийн амортизаторын зах зээлд маш өргөн тархсан зарим гол үйлдвэрлэгчдээс товч танилцуулая:

TOKICO

  • Япон улсын нэрт Hitachi Ltd корпорацитай 2004 онд нэгдсэн TOKICO компани нь Японы Toyota, Nissan, Mitsubishi, Isuzu гэх мэт нэртэй үйлдвэрлэгчдийн автомашинд тавигддаг Genuine parts буюу оригинал сэлбэгийг үйлдвэрлэдгээрээ онцлог.
  • Энэ нь тухайн автомашинд зориулан зохион бүтээгчдийн бүтээсэн амортизатор гэсэн үг юм. Энэ амортизаторыг жишээлбэл Toyota Genuine Parts гэсэн савлагаатайгаар болон тухайн үйлдвэрлэгчийн брэнд болох TOKICO гэсэн сав баглаатайгаар худалдаанаас олж болно.
  • Гэхдээ манай орны хувьд хуурамч амортизатор худалдан авахаас болгоомжлон баталгаатай газарт хандаж байхыг зөвлөж байна.

KAYABA

  • Японы KAYABA концерны бүтээгдэхүүнийг Японы пүүсүүдээс гадна дэлхийн нэртэй үйлдвэрлэгчид болох Форд, Рено, Пежо зэрэг фирмүүд өргөн ашигладаг. Каяабагийн амортизатор замд наалдан тогтворжуулах, жолоодлогод уян хатан зэрэг эдэлгээний сайн чанараас гадна харьцангуй үнэ хямдтай байдаг байна.

KONI

  • Энэ бол зөвхөн амортизатор үйлдвэрлэлээр дагнадаг пүүс. Түүний амортизатор олон эд ангиар бусдаас өөр юм. Бас нэг ялгаа нь амортизаторын шинж чанарыг тохируулах боломжтойд оршино.
  • Заводоос нийлүүлсэн "тэг- байрлал ба "max" байрлал хоёрын хоорондын ялгаа 100%. Энэ боломжийг амортизатор замын өөр өөр нөхцөл байдал болон машин эзэмшигчийн хувийн онцгой шаардлагад тохируулан ашиглаж болдог.
  • Энэ пүүс амортизаторын 2500 гаруй загвар үйлдвэрлэдэг. Үнэ өртгийн хувьд манай нөхцөлөөр бол үнэтэйд тооцогдоно.

MONROE

  • Белги улсын Monroe компани зах зээл дээр нэлээд нэр хүндтэй юм. Түүний гаргадаг амортизатор өргөн сонголтын хамгийн сүүлчийнх нь Sensatrac болж байна. Alfa Romeo-оос Zastava хүртэлх бүх машины амортизаторын 99%-ийг зөвхөн Monroe гаргаж байна. Monroe-гийн шинэ систем нь хийн амортизатор олон жил үйлдвэрлэсэн туршлага дээр үндэслэдэг тул огцом маневрлахад түргэн хариулж, жолоодлогыг хөнгөлж өгдөг болжээ.

SACHS

  • SACHS пүүс нь бараг 65 жилийн турш амортизаторын техник үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болсоор байна. Олон жилийн туршлага, нэн шинэ материал ба технологийг ашиглах болон зохион бүтээх өвөрмөц шийдэл зэрэг нь SACHS гэсэн нэртэй бүтээгдэхүүнийг Alfa Romeo, Audi, BMW, Mercedes, Lada, Jaguar, Lancia, Peugeot, Saab, Skoda болон өөр олон үйлдвэрийн угсрах шугам дээр олж харах боломж олгожээ.
  • Ийм амортизатор үнэхээр үр ашигтай гэдгийг гол\шток\-ын хөдлөх хурд хэр тэнцүү өсөн нэмэгдэж дараа нь аажим тогтворждогоос үзэж болно. Тийм болохоор ийм маркийн амортизатор удаан эдлэгддэг, найдвартай, тохь тухтай төдийгүй аюулгүй байдлыг хангаж чаддаг. SACHS пүүс нь машины гүйлтээс үл хамааран амортизаторт нэг жилийн баталгаа өгдөг билээ.

BOGE

  • Ийм тэмдэгтэй амортизатор Германд үйлдвэрлэгддэг бөгөөд гол төлөв тэдний машинд тавигдсан байдаг. Үүнээс шалтгаалдаг юм уу, эсвэл өөр юмнаас болдог ч юм уу, мэргэжилтнүүд сайн гэж үнэлдэг энэ амортизатор Европоос өөр газар бараг худалдаалдаггүй.

GABRIEL

  • Ийм амортизатор АНУ болон Францад үйлдвэрлэгддэг боловч багаар үйлдвэрлэдэг тул зах зээл дээр их тархаагүй гэж хэлж болно.

DELCO

  • Энэ бол америк үйлдвэрийн амортизатор тул голдуу тэнд угсарсан машинуудад хэрэглэгддэг. Түүгээр ч барахгүй худалдаанд ил гардаггүй зөвхөн үйлдвэрийн цехэд л нийлүүлэгддэг байна.
  • Ийм амаржин өндөр чанартай боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манай замд нэг их тохирохгүй. Тэдний зам бол дээд зэргийн хучилттай хайвэи (Highway) болон автобанн юм.