TOYOTA LC200, LEXUS LX570 | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

Мотор

Монголчуудын андахгүй хоёр “жийп” бол Toyota Land Cruiser 200 болон Lexus LX 570 юм. Тав тух, чамин загвар, туулах чадвараараа энэ хоёр SUV дэлхийд гайхагддаг билээ.

  • Аль болох Euro 2 стандартын хөдөлгүүртэй загвар сонгохыг зөвлөж байна. Учир нь бусад хөдөлгүүрүүд манай бензин, түлшийг голдог учраас шүүрийг ойр ойрхон солих шаардлагатайгаас гадна яваандаа инжектор эвдрэх эрсдэлтэй.
  • 1GR-FE хөдөлгүүртэй Land Cruiser-г 50,000 км тутамд холимгийн хаалт цэвэрлүүлээрэй.
  • Хөдөө ихэвчлэн явдаг, бартаат замд голчлон хэрэглэдэг бол дизель хөдөлгүүртэй GX механик Euro 2 загварыг нь зөвлөх байна.
  • Дизель 4500сс V8 1VD-FTV хос турботой хөдөлгүүртэй 2008-2010 оны ЗАРИМ загварууд үйлдвэрээсээ поршин, кольц, турбо, фланж алдаатай. Үүнээсээ үүдээд хөдөлгүүрийн масло идсээр байгаад турбогоо эвддэг. Манайхан зөвхөн турбог нь солиод яваад байдаг. Гэтэл дахиад л эвдэрнэ.

LC200, Lexus570 | Түгээмэл эвдрэл, гэмтэл

Кроп 

  1. 6 шатлалт автомат кроптой LX 570-н кропны тосны өнгө, хэмжээг нь өвөл зуны техник үйлчилгээ хийлгэх бүртээ шалгуулж хэвшээрэй. Кропны тосоо цаг хугацаанд нь солиогүйгээс соронзон хавхлага болон гидроблок бохирдож олон асуудал дагуулж болзошгүй. Тухайлбал, хавхлага бохирдсоноор араа солигдох бүрт цохилт мэдрэгдэнэ. Улмаар гидроблокыг түгжих боломжгүй болж шатахуун зарцуулга ихэснэ.
  2. 2009 оны LX570-ийн хөдөлгүүр, кропыг хэт ачаалуулж болохгүй. Одоогоос арван жилийн өмнөх загвар учир кроп нь нэлээн эмзэг болсон байгаа. 100,000 км гүйлтийн дараа трансформаторыг нь сольж таардаг.
  3. Кропканд түгээмэл учирдаг гэмтлүүдэд сальник резин жийргэвчүүд муудаж тос алдах, шүүр бохирдох, дотоод эд ангиуд элэгдэж хий хааз авах, араа цохиолттой шилжих мөн цахилгаан электроникийн гэмтлүүд зонхилдог.
  4. Стандартын дагуу тохирох тосыг хийж заншаарай.
  5. Манай орны нөхцөлд 20~30мян.км тутамд кропны тосоо солихыг зөвлөж байна.
  6. Хөдөлгүүрээ халаах нь кропны тосыг давхар халааж байдаг. Халаалгүй шууд хөдөлгөөнд оролцох нь кропыг гэмтээх бас нэг шалтгаан болдог.
  7. Кропонд засвар хийлгэсний дараах 5,000км-т ажиллагааг нь хэвшүүлэхийн тулд тосны түвшингээ хянаж явахаас гадна өндөр хаазлахгүй явахыг зөвлөе. Учир нь шинээр суурилуулсан эд ангиудыг ачаалал өгөлгүйгээр бүрэн хэвшүүлсэнээр автомат кропны насжилт уртасна.
  8. ABS болон Check engine гэрэл асаалттай удаан явах нь кропны хэвийн ажиллагааг алдагдуулах шалтгаан болдгийг анхаарна уу.
  9. ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
  10. Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.
  11. Өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.

Цахилгаан

  1. Багажны хаалганы түгжээ нь сордог сордоггүйгээс үл хамааран гэмтдэг – Монголын цаг агаарын нөхцөлөөс үүдэн хог шороо орсноор автомат түгжээ хамгийн амархан гэмтдэг. Хэт их ачаа ачсан үедээ өөрөөр нь соруулахгүй байх, гараар хүчилж хаахгүй байвал урьдчилан сэргийлж чадна.
  2. ABS гэмтэл - VSC, ABS, 4LO бүгд зэрэг ассан бол тоормосны ABS системээ шалгуулна уу. Уг системийн цахилгаан утас бараг ил байдаг учир тасарч гэмтээд анхааруулах гэрэл ассан байх магадлал өндөр юм.
  3. Цаапны шарик муудсан удаан явбал ABS утсаа гэмтээх магадлалтай өндөр.
  4. Аудио өсгөгчний сэнс хүнгэнэж дуугарах гэмтэл түгээмэл тохиолддог.
  5. Бензин насосыг шатаахгүйн тулд дүүрэн бензинтэй явах хэрэгтэй. Ингэснээр халалтаас үүсэж шатахаас сэргийлнэ. Мөн бензин шүүрийг үйлдвэрлэгчээс заасан тогмол хугацаанд солиулах хэрэгтэй.

Тулгуур эд анги

  1. Таны тэрэг харин KDSS системтэй бол (VX, Евро, Америк нэмэлт тоноглол, Япон AX-G) бол урдаа хэт өндөр амортизатор тавихгүй байхыг хүсье. Өндөр амoртизатор тавьснаас болж KDSS тэнцүүлэгчийн систем эвдрэх магадлалтай. – гэхдээ энэ гэмтэл ховор үзэгдэл.
  2. LX570 дээр харин хэт өндөр амортизатор тавиад пүршээр нь өндөрлөхөд  тэнцүүлэгч их чангаалттай явдаг болчдог. Өөрөөр хэлвэл жийлттэй явдаг болчдог гэсэн үг. Ингэхээр амортизаторын доод талын втулк амархан тасардаг. Мөн хэвтээ тэнцүүлэгч резин амархан тасардаг болдог.
  3. Доод гарны втулк ерөнхийдөө байнга тасарсан унжсан явж байдаг.
  4. LC200 дээр хойд талын богино татуургын втулкууд амархан тасардаг.
  5. Нэлээн удаан явсан машины рам, тэвш хоёрыг холбодог резин муудсаны улмаас донсолгоонд мэдрэмтгий болдог.
  6. Рулийн аппарат тултал дарж ажиллуулах үед их өндөр элэгдэл үүсдэг. Үүнээс үүдэж бохирдсон тос рулийн аппарат, гидрын хүчлүүрийг амархан эвддэг. Та рулээ граж дотор болон, огцом эргэлт зэрэгт ихэвчлэн тултал нь дардаг бол тун удахгүй эвдэрнэ.

Түгээмэл асуудаг сэлбэг

  • Гадна ремен
  • Урд хойд пиланз
  • Хойд тормосны аппарат
  • Ремен чангалагч
  • Урд хойд амортизатор
  • Доод гар
  • Босоо тэнцүүлэгч
  • Урд хойд даравч резин