БАРТААТ ЗАМЫН ЖОЛООДЛОГО №121

аюулаас сэргийлэх нь аюулыг арилгахаас ямагт дээр

Хөдөө газар явахдаа “аюулаас сэргийлэх нь аюулыг арилгахаас ямагт дээр” гэдэг үгийг санаж байх хэрэгтэй. Маш чухал нэгэн зүйл бол гол ус, намагтай газар гатлах, элс, цас ба хальтаргаатай үед өөд өгсөх, уруудах, том хад чулуутай газар жолоодох болон өөртөө итгэлгүй байгаа үед ямагт автомашинаасаа бууж өөрийн биеэр замаа шалгаж байх хэрэгтэй юм.

Туулах замыг өөрөө шалгаж үзэхэд, та нэг их цаг алдахгүй бөгөөд хэрэв ингэхгүй буюу залхуурвал та “сууж” магадгүй, тэгвэл дор хаяж нэг цаг буюу түүнээс удаан, бүр хэдэн хоногоор ч саатаж болно.

Туулах зам тань хүндрэлтэй санагдвал тодорхой хугацаа алдсан ч бэрхшээлийг тойрч гарвал дээр.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ - энэ бол таны эрхэм үүрэг. Энэ нь Та БАРТААТ ЗАМЫН УРАЛДААНД оролцож, бусдад жолоодлогын ур чадвараа үзүүлж буй хэрэг огтхон ч биш.

Та автомашиндаа доорх зүйлсийг авч явж байхыг дахин зөвлөе.

  • 3-5 тоннын даацын 4-6 метр трос,
  • 2 ш. хүрз, дор хаяж 1 (өвлийн цагт өргөн хутгууртай хүрз),
  • Домкрат, механик нь гидравликаас дээр (өндөр өргөх домкрат бол сайн),
  • Сүх, гар хөрөө,
  • Усны гутал (өвлийн цагт эсгий гутал),
  • Мод, банз (4-5 мм зузаан, 1-1.5 метр урт, энэ нь аливаа газар “суухад” хэрэгтэй бөгөөд өвөл удаан “суухад” түлээ болж өгнө)
  • Дугуйны гинж, хос буюу 2 хос бол сайн. Дээр дурдсан бэрхшээлтэй замд удаан бөгөөд жигд хурдтай явах хэрэгтэй.

Бороо ба нойтон хальтиргаатай зам

  •     Нойтон зам дээр хурдаа тохируулж явах.
  •     Нойтон зам дээр тормозны зам урт байдаг.
  •     Шарваж гулгахгүйн тулд ус шаврыг тойрч гарах.
  •     Бусад жолооч нарт сайн үзэгдэхийн тулд гэрлээ асааж явах.
  •     Нойтон буюу шавартай зам дээр мостоо залгаж явах.

Үргэлж мостоо (4WD) залгаж яв. Боломжтой тохиолдолд ус тогтсон газрыг тойрч гарч бай, учир нь түүний хэр гүнзгий нь, хад чулуу болон бусад саад тотгортой гэдэг нь мэдэгдэхгүй. Шавартай бөгөөд том тэрэгний дугуй орсон гүнзгий замтай байвал автомашинаасаа бууж өөрөө шалгах хэрэгтэй. Бүү залхуур - үгүй бол дараа нь их цаг хүч шаардаж мэднэ. Газрын гадаргуу нь шавартай боловч ёроол нь хатуу, эсвэл чулуурхаг байвал явж болно.

Мостоо залган хүнд араандаа хий. Жигд хурдаар яв, хэрэв дугуй хий эргэвэл зогсоод ухар. Өөр зам сонго, зүлэг ногоотой газраар яв, эсвэл өндөрлөг газраар тойрч яв. Ус нам газар уруу л урсана шүү дээ. Автомашин “элгээрээ” суувал - домкратаар өргөж дугуйн доороо мод, чулуу г. м. зүйл хий. Замын шавартай хэсэг нь нэг их урт биш бол илүү хурдтайгаар туулахыг оролд, гэхдээ урьдчилан хад чулуу, бусад саад тотгор байгаа эсэхийг шалга. Хэрэв намагтай газар тааралдвал дугуйныхаа хийн даралтыг 0.5 атм. болтол буулгаж нэг үзэж болно, гэхдээ энэ нь ашиг тус болохгүй бол дугуйгаа дахин хийлж, байх ёстой түвшинд нь хүргэ.

Усыг мэдэхгүй бол бүү ойрт

Гол ус, намаг туулах

“Усыг мэдэхгүй бол бүү ойрт” гэдэг үг байдаг. Иймд гол гатлахын өмнө нутгийн хүмүүсээс асуу. Ойр хавьд хүнгүй байвал өөрөө голоо туулж шалга. Нэг метрийн урт мод ашигла. Хамгийн гүнзгий газрыг модон дээрээ тэмдэглэ.

Хэрэв усны гүн нь таны автомашины агаар шүүгчийн хоолойгоос давахаар бөгөөд автомашин тань агаар шүүгчийн яндангүй бол голыг туулж болохгүй. Усанд том чулуу, нүх, бусад саад тотгор байгаа эсэхийг шалга. Орос автомашинтай бол сэнснийхээ ременийг тайл. Зарим автомашин нэг л ременьтэй байдаг ба тийм бол тайлж болохгүй. Ус түлхэх WD-40 төрлийн шингэн, шүршүүр байвал түүнийг хөдөлгүүрийнхээ эд ангийг хуурай байлгахын тулд шүрш, ялангуяа цахилгааны утас, холболтуудыг.

Мостны хүндрүүлэгчийг хийж дифференциал түгжигч байвал түүнийгээ залгаж, хүнд араагаар зөөлөн бөгөөд жигд хурдаар усны урсгалын дагуу туул. Голоо гаталмагц автомашинаа зогсоож, эд ангинаас нь ус гоожиж дуусахыг түр хүлээсэн дээр. Цааш явахдаа тормоз дээрээ зөөлөн гишгэж диск, накладкаа хатаа.

Том чулуу, хад асга, хайргатай зам

Том хад, асга чулуу нь удаан үргэлжилдэггүй ч хамгийн аюултай байдаг. Автомашиныхаа доод зайг (автомашины өндөр) мэдэж мэдэрч байх хэрэгтэй, өөрөөр хэлвэл автомашины хамгийн доод түвшинд буй эд анги, ялангуяа кастерын түвшин. Мөн л автомашинаасаа бууж туулах замаа өөрөө шалгах болно.

Боломжтой бол том чулууг замаасаа зайлуулах .хэрэгтэй. Маш зөөлөн удаан яв. Хэн нэгнээр гаднаас харуулж байвал сайн. Зам нойтон халтираатай байвал илүү их анхааралтай явах. Хайргаар явж байвал автомашин хоорондын зайг сайн барьж яв.

Элс, цас

Элс, цасаар явахад баримтлах гол зарчмууд ижил төстэй. Бэрхшээл ихтэй зам байвал урьдаар өөрөө бууж шалга. Болж өгвөл нэг жигд хурдаар явах.

Дугуй хий эргэж эхэлбэл зогсоод ухар. Нэгдүгээр араа нь дугуйнд их хүч дамжуулдаг тул дугуй хий эргэхийг ихэсгэж мэднэ. Хүндрүүлэгчдээ хийсэн бол 2-дугаар араанаас хөдөлж болно. Энэ нь дугуй хий эргэхээс сэргийлнэ. Өндөрлөг газрыг сонгож үз, тэнд элс цасны зузаан бага байдаг. Дээр зөвлөсөн модон банз хэрэг болно. Зоогдвол хүрз хэрэг болно.

Цас, мөс, шавартай халтиргаа, гулгаатай замд дугуйны гинж их хэрэг болно. Эдгээр замыг туулахын өмнө дугуйндаа гинжээ зүй ёсоор нь хий. 1-5 метр яваад гинжээ чангал. Гинжтэйгээ хол явах нь дугуйнд халтай гэдгийг санаж байх.

Гинжтэй явах үед автомашины дэргэд хүн бүү байлга, гинж тасарвал аюултай. Хатуу хучилттай зам дээр цас мөс үгүй бол гинжтэйгээ бүү яв, энэ нь дугуй болон автомашины тэнхлэгт муу.

Өргөн дугуй намагтай, гүнзгий шавартай болон элстэй газарт сайн бол нарийн дугуй нь цас болон гүн биш шаварт сайн байдаг. Гүнзгий шавар элсэнд яваагүй бусад тохиолдолд өргөн дугуй нь шарваж гулсах аюултай гэдгийг санаж хурдан явах, эргэх, чиглэлээ өөрчлөх үед маш болгоомжтой байх хэрэгтэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.