ТОЙМ - RAV4-ИЙН СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕ #51

Тоёота компанийн анхны кроссовер гараад даруй 4 дэх үеийн загвар нь борлуулагдаад эхэлсэн байна. Хааяа нэг Улаанбаатарын гудамжаар явж байгаа нь харагдана. Хамгийн эхний загварын хувьд монгол улсад дэлгэрэх боломж олдоогүй юм. Яагаад гэхээр тэр үед бидэнд кроссовер авах бэл бэнчин байсангүй дөнгөж л машины бараа харж эхэлж байлаа шүү дээ. Харин 2000 оноос дараагийн үеийн загвар шинээрээ ч орж ирэн 2008 оноос үнэ хямдарсанаар японоос олноороо орж ирэх болов. Энэ дунд манайхны зөв рультэй гэгддэг тун ховор байлаа. Харин 3-р үе бол сэргэн мандалтын үе гэдэг шиг шинэ хуучингүй, баруун солгойгүй явах болов. Учир нь холын америкаас машин зөөдөг шинэ моод гарч ирсний ачаар зөв гэх рультэй нөхдүүд олширч зүүн зүгээс ч арлыхан ч дутахгүй тооны машин илгээсэн бололтой юм. Тэгэхээр үүн дээр тогтож жаахан ярилцавал ямар байна.

Америк RAV4 урд нүүрэн хэсэг
Евро RAV4 урд нүүрэн хэсэг Япон RAV4 урд 
Богино евро хажуугаасаа Япон хажуугаасаа

2005 оны сүүл, за бараг 2006 он юмуу даа шинэчлэгдсэн RAV4 гарлаа гээд монголд ч шинээрээ ирчихсэн хотын гудамжаар давхилдаж эхэллээ дээ. Эхэн үед өмнөхөө бодвол өргөн бандгар урт болсон байна гээд ам дамжин ярьж ,авсан нэг нь хараа дээгүүр явдаг байлаа. Нээрээ л өмнөх стилийг эвдсэн загвартай болж олон нийт ч муугүй хүлээн авсан. Гэхдээ аль зах зээлд гаргахаасаа шалтгаалж гадна дизайн, гэрэл гупер гэх мэт ямар ялгаатай байдаг талаар мэдлэг хүрэхгүй байв. Мөн оноосоо шалтгаалаад ялгаа бий. Энэ талаар зургаар үзүүлбэл илүү ойлгомжтой байх. Нилээд хэдэн жил өнгөрсөний дараа арлын японоос жаахан гүйсэн тэргүүд орж ирэн зарагдаж эхэллээ. Гярхай нэг нь анзаарсан л байх, за ихэнх нь анзаарагүй л байдаг. Хараад байсан нэг л өөр яах араггүй л RAV4 гэсэн бичиг байна аа. Гэхдээ л зөв рультэйгээсээ нэг л авсаархан юм шиг байсан байх. Учир нь энэ үеэс эхлэн 2 хаалгатай хувилбар огт байхгүй болж 4 хаалгатай урт болон богино гэсэн сонголттой болсоноос юм. За эхнээс нь сийрүүлбэл хойд америкийн зах зээл болох АНУ, Канадад зөвхөн урт нь борлуулагддаг бол төрөлх нутагтаа зөвхөн богино нь зарагддаг байх жишээтэй. Европын зах зээлд улсаасаа хамаараад урт богино янз бүр байна. 2008 оноос японд Kluger-ийн орон зайг нөхөхөөр гарсан Vanguard нь европт RAV4-ийн сайжруулалт болон гарсан байх жишээтэй. Орос Монголд бол шинээр нь урт кузовтойг борлуулсан байдаг. Тэнхлэг хоорондын зай нь 10 см-ээр урт бөгөөд арын тээшний хэсэг арай л урт юм. Үүнээс болоод салоны зай, багаажны зай ялгаатай байдаг. Мэдээж урт хувилбар нь тав тухтай, зайтай ба урд талын суудлыг эцэст нь тултал хойшлуулсан байхад арын суудлынхан чөлөөтэй сууна. Энэ арын суудал нь бас хойш урагш гүйх ба арагшлуулж эцэс дээр нь тавьсан үед шүү дээ. Харин богино загварт бол тийм их зай гарахгүй энгийн седанд сууж байгаа юм шиг л байна. Урд хянах самбарын хэсэг хатуу пластикаар хийгдсэн ба хөгжим, паарны удирдлага гарт ойр, хайгаад байхааргүй. Мөн л хаана зориулж гаргасан гэдгээсээ шалтгаалаад хөгжим, паарны удирдлагын дизайн нь өөр байдаг. Хаалганы дотор самбарын дизайн дажгүй, хэв оруулсан пластик бөгөөд ундааны сав хийх зай нь тусгаар биш болохоор ашиглахад жаахан төвөгтэй. Яг ундаагаа хийе гэхлээр алчуур энэ тэр автирк, түлхүүр тээгэлдээд заавал янзалж цэгцлэх болдог нь ядаргаатай. Хойд хаалганы самбар ч ялгаагүй. Урд суудлын суух хэсгийн талбай том, нуруун болон толгойн түшлэг өндөр боловч арын суудлын түшлэг нам, толгойн түшлэг бараг байхгүйтэй адил юм. Яахав суудлыг эвхэж нааш цааш болгодогтой л холбоотой байх. Арын суудлаа унагаахдаа тойрч очихгүйгээр багаажны хананд байх бариулаас татаж унагаж болдог. Гэхдээ суудлын завсар юу ч байхгүй суудал дээр юм байхгүй бол болно. Байвал тойрч очоод янзлаад тэндээс нь буулгачих учраас арын татдаг бариулын хэрэг байхгүй ч юм шиг. Багаажны хэсэгт ачааг янз бүрээр бэхэлж, тусгаарлах зориулалттай хаалт, тор, савааг номоос харж болох боловч ихэнхдээ байхгүй байдаг нь захиалдагтай холбоотой бололтой. Запас дугуй нь арын хаалганд гадна талд тогтоодог. Урт хувилбарт шалан доор зай байгаа боловч дугуй яагаад ч багтахгүй. Богинод бол бүүр ярих ч хэрэггүй. Арын суудлын яг ард урт нарийн хайрцаг бий жижиг сажиг зүйл хийхэд тохиромжтой ч нэг л хийгээ бол тэгээд мартах талдаа.

Евро салон  Япон салон
 Америк урд панел  Америк хөдөлгүүрийн хэсэг
 Япон хөдөлгүүрийн хэсэх  Евро арын суудал

 Багаажны хойд хэсгийн хажуу хананд хойд гэрлийн лампыг солих, данхраад хийх зориулалттай хөндийд литрийн масло, тостой алчуур, бохир бээлий зэрэг элдэв хогоо нүднээс далд нуух боломжтой нь зүгээр. Ингэсэнээр шалны доод хөндийг цэвэрхэн ашиглаж болохоор. Арын дугуйн арк дээр бас ундааны тавиур печений тавиур байх юм. Бодвол 3-р эгнээндээ суудалтай Вангуардад л зориулсан байх даа. Шөнийн цагт ачаа бараа буулгахад гэрэлтүүлэг тааруу шүү. Арын хаалганы захад байх сүүмгэр гэрэлд бараг л харагдахгүй талдаа. Арын хаалганд дугуй зүүдэг болохоор цоож нь дуу ордог боловч лентдэх төдийд л дуугүй болчихоно.

Евро хойд тал Евро багаажны хэсэг
Япон хойд тал Япон багаажны хэсэг
Америк хойд тал Америк багаажны хэсэг

Хонхор гүдгэр газрыг ташуу гарах үед нийтдээ хяхтнасан дуу гардаг. Үүнийг кузов дуу орчлоо гэдэг боловч үнэндээ хаалганы хуурайшсан резинүүд рамтайгаа хавирч дуугарч байгаа юм. Сүүлийн үеийн машины резиний чанар муудаад байгаан боловуу даа гэж бодож байна.

Урд их гэрэл нь мөн л хаана борлуулахаас шалтгаалж цайртай ба линзэн гэж байдаг ба линзэн гэрэлд кисенон гэрэл хийвэл тусгал нь сайжирна.

12 вольтийн гаралт урд хянах, дунд хйрцагт, хойд багажинд байдаг нь зэрэг олон зүйл залгах давуу талтай. Сүүлийн үед ФМ дамжуулагч, суудал халаагч, утас цэнэглэгч гээд жижиг цахилгаан хэрэгсэлээс гадна хөргөгч хөлдөөгч дугуй хийлэгч гээд ашиглах зүйл мундахгүй болсон.

Явдлын хатуу зөөлний хувьд бусад тансаг хэрэглээний кроссовертой харьцуулахад хатуудуу гэхэд болно. Энэ байдал нь арын суудалд илүү мэдэгдэнэ. Харин эргэлт тойруу дээр энэ байдал нь үнэхээр түшигтэй санагдана. Савалгаа бага гэсэн үг л дээ. Арын тэнхлэг нь мальти линк буюу олон татуургатай бүтэцтэй болохоор хөшүүн байх нь аргагүй. Энэ бүтэц нь дугуйг замтай сайн барьцалдуулах тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн байдаг. Сүүлийн үеийн Харриер, Эн-Икс 300 хайбридууд RAV4 ийн явах ангийг хэрэглэх болоод байгаа. Харин амортизатор пүршний уян байдал нь өөр өөр байж магадгүй юм. Үүнийг унаж үзэж байж л мэдэх байхдаа.

За одоо жаахан техник талаас нь үзье. Хөдөлгүүр нь бензин, дизель аль аль бий боловч монголд дизель нь бараг байхгүй. Харин европт байх юм билээ. Хойд америкт V6 3,5 литрийн хүчтэй хөдөлгүүртэй хувилбар бий. Бүх зах зээлд 2.4 литрийн 2AZ дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэй гаргадаг. Монголд бол голдуу ийм хөдөлгүүртэй. Буруу рультэй японых нь бол тэр чигтээ шүү дээ. Нилээн олон загварт байдаг болохоор сэлбэгийн олдоц гайгүй. Шатахуун зарцуулалт кросс дотроо бол бага. Кроп нь нийтдээ энгийн автомат, механик гээд 3 янз байнаа. Лонг хувилбарууд нь бүгд энгийн автомат кроптой бол богино 2.4 бензин мотортой нь CVT тэй. Ялангуяа буруу рультэй бол бүгд л тийм болж таараад байгаа. Ийм бол хөдөө гадаа явахдаа ачаа тээшээ тааруулж ачих, шавар шавхайд болгоомжтойхон явах хэрэгтэй. Энгийн автомат бол харьцангуй гайгүй. За түүний урд хойд хөтлөгчийн талаар ярих юм бас олдоно шүү. Үндсэндээ урд дугуйгаар маажихаар концепцтой. Дан энгийн урд хөтлөгчтэй, LSD буюу нэг тэнхлэгийн 2 дугуйг хий эргэлтгүй зэрэг эргүүлэх систем бүхий урд хөтлөгчтэй, төв дифференциал түгжигчтэй 4WD буюу 4 дугуйгаар хөтөлдөг гэсэн 3 янз байна. Эхний хувилбар бол энгийн урдуураа мааждаг седантай адил. Харин LSD-тэй бол давуу тал байнаа. Хэдий хойд дугуй маажихгүй ч цас шаварт урд 2 дугуй зэрэг зүтгэсээр байгаад л гарчих талтай. Зарим нь бүр бараг мосттойгоос дутахгүй л гэж ярина. За 4WD давуу талыг бүгд л мэднэ дээ. Гэхдээ RAV4 нэг онцлогтой. Тэр нь хойд хөтлөгч нь байнга зүтгээд байхгүй бөгөөд урд дугуй хий эргэнгүүт л цахилгаан муфтаар автоматаар залгагдаад түрээд эхэлнэ. Мөн л автоматаар сална. Үүнийхээ ачаар хөдлөхдөө хөнгөн зуураад байхгүй бензин харьцангуй бага иднэ. Хот дотор халтиргаа гулгаанд юу ч залгах шаардлагагүй. Харин шавар цас туулах бол салонд байх Lock товчлуурийг дарвал тэнхлэг 50:50 иар зүтгээд урд хойд дугуй ижил хүч гаргахад нэмэртэй. Гэхдээ энэ байдал хурд 40 км/цагаас дээш гарангуут л автоматаар канселдаж урд хоёроороо зүтгэж эхэлнэ. Тэгэхээр гүн цас шаварт 40-өөс дээш гаргахгүй бол зүтгээд байна даа. Өмнөх загвар нь центр лок төлөвлөөгүйн харгайгаар Х-трэйлд нам тавиулж байсандаа хөөрхий. Одоо бол үзнээ үзнэ.

Сүүлийн оны электроник ихтэйд нь VSC, TRC, DAC гэх мэт нь бий. Эдгээр нь халтиргаа гулгаанд түр тар гээд л ажиллах боловч шавар цасанд суугаад ирэхээр пайнагтаад эхэлнэ. Түүнийг нь салгаж байж л маажна шүү дээ. Шууд товчлуур байхгүй ба түр салгадаг нэг арга бий. Тэр нь уг нь тестийн арга боловч энэ зэргийн үед ашиглаж болоод л байна. Уул нь нэг олчихсон харж байсан боловч мартчихжээ. Хөнгөн жинтэй болохоор зарим үед алдарт бартаачдаас ч илүү явж мэднэ. Гэхдээ тэрхэн үедээ шүү дээ. Харин тэр DAC нь 15 км\ц дотор огцом уруу буухад тусалах боловч сайн ажилдаггүй гэх зэрэг яриа бий. Магадгүй 15 км\ц аас дээш гарсан хойно нь залгаад байж магадгүй л юм.

Цас шавар гэснээс тэр доод талын хуванцар хаалт гэж нэг хэрэггүй юм бий. Шаварт ороод л ухрахад урагдаад л салбайчихна. Бүүр аваад хаячихъя гэхээр гуперийн доогуур хамаг юм харагдаад онцгүй. Ихэнх нь аргалаад утсаар хүлчихсэн явж байдаг.

Сервис үйлчилгээг нь цаг тухайд хийгээд байвал хүнд эвдрэл гарах нь бага боловч сэлбэгийн тухайд шинээр нь захиалж авахаас өөр боломж бараг л байхгүй. Ер нь кроссоверууд хуучин задаргаа орж ирэх нь ховор байдаг. Гадаадын хуучин машины зах зээлд ч тэр эрэлт ихтэй учир задаргаанд орно гэхээсээ илүү бүтнээрээ борлуулагдах нь их.

Одоогоор өндөрлөхгүй бол учиргүй тулаад байхгүй байх шиг. Мэдээж хэцүү бартаат аяллыг RAV4-өөр хийхгүй нь ойлгомжтой. Түүнд зориулагдсан тусгай тэргүүд бий. Тэдэнтэй харьцуулаад ч хэрэггүй биз. За тэгээд Экселийг хүртэл Эверэстийн оройд гаргаж мэдэх монголчуудын хувьд хот болон хот орчмын хэрэгцээнд бол хангалттай явахаас гадна бензин зарцуулалт нь айлгаад байхааргүй нь давуу юм даа.


Автомашин сонирхогч Р.Энхболд

 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.