ТОЙМ: FORD F-150 RAPTOR #52

Та бүхэндээ өөрийн унаж байсан машинуудын давуу болон сул талыг тойм байдлаар бэлтгэн www.cardoctor.mn сайт, www.facebook.com/cardoctormn хуудсаар дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна. Би дараах машинуудын тоймыг та бүхэндээ хэсэгчлэн хүргэх болно.

  • Ford F-150 Raptor
  • Landcruiser 80
  • Landrruiser 100
  • Landcruiser 200 Euro
  • Landcruiser 200 Arab
  • Ford Ranger
  • TOYOTA FJ Cruiser
  • TOYOTA Tacoma
  • Mitsubishi Evolution Pajero
  • Mitsubishi Pajero IV
  • Mercedes-Benz G500
  • Mitsubishi L200

Дашрамд дурдахад хүн хүний автомашины хэрэглээ, ашиглалт өөр бөгөөд бичсэн тоймууд маань зөвхөн миний дүгнэлт тул зарим нэг талыг орхигдуулсан, буруу зөрүү ойлголт байх магадлалтайг анхаарна уу...

Доктор Авто Сүлжээ компанийн тамирчин Д.Болдбаатар болон ОУХМ Ч.Анар
Доктор Авто Сүлжээ компанийн тамирчин Д.Болдбаатар болон ОУХМ Ч.Анар
Түүх үүгээр эхлэв

Миний сайн найз Спортын Мастер Х.Батболд Монголд хамгийн анхны Ford F-150 RAPTOR цэнхэр өнгөтэйг оруулан ирж унаж байсан билээ. 2+2 буюу нэмэлт жижиг 2 хаалгатайг анх унаж байсан юм. Дараа нь түүнийгээ 4 хаалгатайгаар сольж одоог хүртэл түүнийгээ унаж байгаа билээ.

Миний хувьд Raptor-ийг авч унах уу? Эсвэл Toyota Tundra авч тоноглож унах уу гэдэг сонголтыг бүтэн жил найз нөхдийн тоноглосон, тоноглоогүй Raptor, Tundra-г харьцуулан унаж үзсэний дүнд хийж Raptor-ийн сонголтон дээр тогтсон юм.

Тэгээд 2014 онд ОУХМ Б.Ган-од дүүгийн шинэчлэгдсэн загварын хөх өнгийн шинэ F-150 Raptor-ийг авлаа. Хүсэж байсан шинэчлэгсэн Raptor маань 4 хаалгатай, урт кузовтой загвар нь бөгөөд сайжруулсан линзен гэрэл, миний дуртай хөх өнгөтэй байсан юм. Raptor-ийн гүн хөх өнгө бол бүр өнгө өнгө гэж би хувьдаа боддог.

2014 Ford F-150 Raptor-тай танилцсан сэтгэгдэл

6.2 литрийн багтаамжтай V8 SOHC 411 морины хүчтэй, хөнгөн цагаан блоктой хөдөлгүүртэйг би унаж байв. Хэмжээний хувьд Ланд Круйзерээс том атлаа 2580 кг жинтэй (ЛандКруйзер 200 дизель – 2750 кг, бензин – 2630 кг) учраас илүү хөнгөн. Үүнд моторын жин, урд крыло, копут зэрэг нь уралдааны машин шиг fiberglass материалаар хийгдсэн нь нөлөөлсөн.

Ингээд та бүхэндээ яагаад шинэчлэгдсэн Raptor-ийг хүлээж байсныг болон Raptor-ийн он оны ялгааг танилцуулая:

2010 онд анхны загвар танилцуулагдав

  • Стандартаар 5.7 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг суурилуулж байсан бөгөөд захиалгаар 6.2 литрийн хөдөлгүүрийг суурилуулж байв.

2011 оноос

  • 6.2 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг стандартаар суурилуулж ирсэн
  • 4 хаалгатай загварууд гарч ирсэн
  • Жолоочийн хянах өөрчлөгдөж 4.2 инчийн LCD дэлгэцтэй болсон
  • Алсаас удирдаж, асаах боломжтой болсон

2012 оноос

  • Урд суудал халахаас гадна сэрүүцүүлдэг болсон
  • Урд Torsen дифференциалтай болсон – маш том давуу тал
  • Капотны зураг өөрчлөгдсөн
  • Стандарт обуд нь өөрчлөгдсөн
  • Урд камер нэмэгдсэн

2013 он

  • Их гэрэл өөрчлөгдсөн. Хуучин гэрэл нь үнэндээ лаа байсан, ямар ч тусгалгүй. Шинэчлэгдсэнээр их гэрэл үнэхээр тод сайн тусгалтай болсон. Гэм нь Линзен тусгалтай учраас гэрэлтэй сууринаас үүдэлтэйгээр чичирдэг.
  • BeadLock дугуй нэмэлтээр тавьж болох болсон
  • Урд салоны голын хөгжимний хэсэг шинэчлэгдэж сайжирсан, хуучнаасаа хамаагүй дээр болсон.
  • 2013 оноос хойд рамны гулзайдаг тэр хэсгээр нь 2 дахин зузаан болгосон гэсэн албан бус сайжруулалт хийгдсэн гэдэг. Гэхдээ баталгаатай мэдээлэл биш.

2014/2015 он

  • Загваруудад өнгөний сонголт нэмэгдсэн

Жижиг сажиг өнгө болон өөрчлөлтүүд их орсон боловч гол нүдэнд харагдах, хэрэгтэй өөрчөлөлтүүдийг би жагсаан бичлээ.

Дээрх өөрчлөлтүүдийн эх сурвалжийг доорх линкээс авсан бөгөөд энд дарж ороод дэлгэрэнгүй харах боломжтой:

Анхны сэтгэгдэл

Зарим хүмүүс пикапд дургүй, зарим нь үнэхээр амьдралтай машин гээд дуртай байдаг. Миний хувьд пикап маш хэрэгтэй. Уралдааны мотоциклоо ачиж явах, хөдөө гадаа явах үед олон юм ачих үед багтахгүйн зовлонгүй, ачаанаас болж салон зурагдах, багтахгүй байх, муухай болон зовлон амсахгүй.

Дээрээс нь Форд Раптор бол жирийн нэг пикап биш SVT (Special Vehicle Team) буюу хамгийн анхны үйлдвэрээсээ Sport Truck юм. Жирийн F-150 ажлын тракыг өргөн болгож, явах эд ангийг нь өөрчлөөд илүү aggressive ( ширүүн) төрхтэй болгосноор үнэхээр сэтгэл татам болж чадсан.

Найзуудын Рапторыг зөндөө унаж үзсэн боловч өөрийн шинэ Раптороо унаад хөдөллөө...

V8 цилиндртэй 6.2 литр моторын хүнгэнэх дуу, үйлдвэрээсээ тавигдсан спорт яндангийн дуу яг таарсан хэт чанга биш бас энгийн биш. Хааз маш хөнгөн яг жижиг тэрэг шиг. Ийм том тэрэг, зарим хүмүүсийн хувьд ачааны тэрэг хааз авах, хаазны мэдрэмж нь жижиг тэрэг шиг эвтэйхэн.

Хотод эхлээд хэдэн өдөр хөдөлгөөнд оролцоход төвөгтэй байлаа. Хэт өргөн тул зам дээр буцах үйлдэл хийхэд төвөгтэй, манай гарааш дотроо давхар эргэж гардаг тэнд эхний маневр хийж 2 талдаа маш бага зайтай орох. За даа... орох гарах асуудал болох юм байна гэж бодов.    

Урд тэнхлэг нь үхтэл нь хөдөө яваад өндгөн тулгуур, гарны тулк, амартизатор нь сөнөцөн машин шиг маш их юм түчигнэж, рульнд чичрэгдэж мэдэгдэх юм. Шинэ машин мөн л байгаадаа гэж бодож нэлээд хямарлаа. Урдаа дуутай гэдгийг нь мэддэг байсан хэдий ч арай л их түчигнэх юм.

Дээрээс нь шинэчлэгдсэн Рапторын хөгжим сайн, голын хянах, хөгжим, жолоочийн хянах нь хуучин загвараасаа бүтэн өөрчлөгдөөд сайжруулсан дажгүй хэдий ч хямдхан хуванцар материалаар хийсэн салон, хаалганы зузаан онцгүй хавтас зэрэг нь энэ машиныг ажлын машин дээр суурилж хийсэн гэдгийг илтгэж байлаа.

Хөгжимний дуугаралт үнэхээр сайхан. Суудал доор үйлдвэрээсээ subwoofer-тэй, iPhone-г USB-ээрээ залгаад дуугаа руль дээрээсээ хялбархан удирдана. Тэр нь таалагдав. Заавал Bluetooth холбох шаардлага байхгүй. Мэдээж SONY-ийн хөгжим Bluetooth холболттой гэвч би Bluetooth-д нээх их дуртай биш.

Толь нь гайхалтай том, дээрээс нь жолооч талын толь нь дээрээ татдаг тольтой. Бусад машинд тийм толь байдаг ч би хэзээ ч хэрэглэж байгаагүй. Харин Рапторынх үнэхээр гайхалтай, толинд харагддаггүй хар бүс тэнд чөлөөтэй харагдаж байх нь тэр. Гайхалтай

Энэ машинд салоны фильтр байхгүй. Хачирхалтай. Ажлын зориулалттай машин дээр суурилсан, кабиныг тэр чигээр нь авч ашигласан болоод ч тэр үү салоны агаар шүүгч байхгүй. Хотод явсан ч хэд хоноод салон дээр тоос хурна.

Бас Рапторын хойд талд та ямар ч JEEP, Truck-д байхгүй чөлөөтэй зайг мэдэрнэ. Урд суудлаа хойшлуулаад өндөр хүн ард суусан ч таны өвдөг тулна гэж байхгүй.

Гишгүүр, урд хойд гупер бүгд төмөр бөгөөд тун сайн хийцтэй нь маш их таалагдав. Урд гуперийг зарим хүмүүс сольдог боловч надад өөрийнх нь хангалттай санагдаж байв.

Миний хийсэн TUNING

Хамгийн эхэнд хийх шаардлагатай байсан зүйл бол урд амортизаторыг солих шаардлагатай байлаа. Хуучин тэрэг унасан юм шиг урд тал нь байнга түчигнэх нь шаналгаатай бас давхихад арай л машиндаа жулдаад, харайлтанд ханах, шидэх нь хэвийн үзэгдэл байлаа. Гэсэн хэдий ч энгийн жийпнээс хамаагүй илүү.

3” инч амортизатор тавихаар төлөвлөөд FOX, KING, ICON 3-аас сонголт хийх шаардлага гарав. Энэ гурван тюнингийн амортизаторыг зарах гурвуулангын эрхийг нь манай 3 найз эзэмшдэгт бас асуудал байв.

Гэвч би өөрийн судалснаараа ICON-ийг сонгохоор шийдлээ. FOX, ICON үйлдвэрээсээ Eibach пүрштэй байсан нь KING-ээсээ давуу байв.

ICON нь урд шахалтын тохируулгатай, хойд тал нь шахалт, таталтаа (compression, rebound) замаасаа хамаараад гараараа тохируулж чаддаг нь надад маш том давуу тал байлаа. Мөн ICON үйлдвэрээсээ хойд гол төмрөө хамгаалсан хамгаалалттай байсан нь маш их таалагдав. Чулуу үсрээд голоо сэвтүүлснээс амортизатор тос хаядаг талтай.

ICON-ийн дилерээс 700 LBS даацтай пүрштэй амортизатор оо захиж аваад тавьчихлаа. Зарим хүмүүс шинэ машинд Приус 30 машины үнээр амортизатор авлаа гэж байв. Гэхдээ хэргийг нь гаргадаг хүнд бол хэрэгтэй л эд дээ.

Анхан шатны шаардлагатай тоноглолууд
  1. Элс, шавар, цасанд мотор өндөр эргэлт авах үед хүчлүүрийн халсан тос хүчлүүрээ амархан эвддэг тул тосны савыг томсгох хэрэгтэй
  2. Хүнд ачаа ачих, харайх үед хойд рам гулзайдаг. Ер нь энэ бол ажлын зориулалттай ачааны тэрэг биш гэдгийг санаарай. Ийм машинтай хүмүүс маш их харайдаг. Үр дүнд нь хойд тэвш бүхээгийн дундуур рам нь гулзайчдаг. Үүнийг 2011 оноос хойш тэр хэсгийн зузааныг 2 дахин нэмэгдүүлж хүчитгэсэн гэсэн. Юмыг яаж мэдхэв та их харайдаг, төмрийн хөрөө шиг явдалтай бол ямар ч байсан бэхэлгээ хийлгэсэн нь дээр гэж зөвлөж байна.
  1. Хэрвээ таных 2013 оноос өмнөх загвар бол мэдээж их гэрлээ сайжруулах хэрэгтэй, 2014 оноос хойш Линзен гэрэлтэй болсноор тусгал маш сайн болж хангалттай сайн гэрэлтүүлэх болсон.
  2. Bed Cover буюу тэвшний таг авах
  3. LED зурвас гэрэл. Спорт & Оффроад машинд хамгийн хэрэгтэй зүйл. Гэхдээ зөвлөхөд харагдахад нь сүртэй боловч кабины дээд хэсэг, дээврийн урд хийхгүй байвал зүгээр. Шөнө асаагаад явахад гэрэл урд салхины шил, салон дээр тусаад гялбаад төвөгтэй байдаг тул хэрэглэхэд хэцүү. Радиаторын сетканы цаана хийх нь хэрэглээнд хамгийн тохиромжтой юм байна гэж ойлгосон. Ядаж л хулгайд алдахгүй. Гэхдээ 2014 оноос хойшх загваруудын их гэрэл ер нь маш хурц даа.
  1. За их харайдаг хүнд юм ачдаг жолоочид бол рамны бэхэлгээ, хойд нумыг нь сайжруулж сольвол зүгээр байх надад асуудал байсангүй. Энгийнээрээ хангалттай.

Рапторын өөрийн OEM амортизатор хэдий 2.5” Fox Racing Shock ч машиндаа багадсан тохироогүй, ер нь бол хэрэг байхгүй. Маш их дуугарна, сэвнэ, дээрээс нь Монголд өвөл жаахан яваад л хүйтэнд царцаад тос хаяхгүйгээр сальникууд нь зад тавьчихна. WagnerAsia баталгаат хугацаандаа нэг удаа 4 амортизатор үнэгүй сольж өгсөн шүү...

Гэхдээ 3 инчийн ICON, KING, FOX хамгийн түрүүнд тавих хэрэгтэй!

Дутагдалтай талууд:
  1. Дээр хэлсэнчлэн салоны фильтргүй
  2. 2.5” сток амортизатор үнэндээ машиндаа жулдсан
  3. Гаднаасаа сэтгэл татам төрхтэй гэвч салоны хийц материал хямдхан
  4. Хойд хаалганы түгжээ 2,3 сар болоод л шинээрээ гацчихдаг. Заримдаа ч үнэхээр төвөгтэй шүү.
  5. Хойд суудал налдаггүй. 2014 он хүртэлх Тундранууд хойд суудал нь налдаг байсан. Хөдөө замд арын зорчигч нарт маш хэрэгтэй зүйл билээ.
  6. Урдаа Torsen дифференциалтай. Хойноо цахилгаан дифференциал цоожлогчтой гэхдээ төвийн дифференциал цоожлогч байхгүй. Оффроад тэргэнд байж боломгүй санагдав. Хамгийн хачирхалтай санагдсан юм. Элсэн манханы орой дээр тэгнэгдсэн үед урд хойд тэнхлэгээ түгжээд төвийн түгжээ байхгүй болохоор ямар ч нэмэргүй байлаа.

Дүгнэлт

Дүгнээд хэлэхэд унаад үзчихсэн байхад хөдөө гадаа их явдаг бид нарт маш их хэрэгтэй бас сэтгэл татам машин. Залуу хүмүүст спорт загвартай, явдал маш сайн. 2015 онд 2016 Ford Raptor гарна гэж бодоод машинаа зарсандаа харамсаад байна.

4 амортизаторыг 3” ICON –оор солиод түчигнэдэг асуудал ор моргүй байхгүй болсон. Хөдөө явахад ЛандКруйзер 200 шиг явах эд анги чив чимээгүй бас хотод G-Class унасан аятай гарын мэдрэмжээр эргэлт хийнэ.

Хотод эхлээд хэцүү санагдаж байсан боловч сүүлдээ тун давгүй санагдаж эхэлсэн. Ер нь машинууд зам тавьж өгөөд гэх үү дээ хэхэ. Түгжрээнд өргөн болхоос ямар ч машины урдуур амархан орно шүү.

Бензин идэлтийн хувьд 6.2 литрийн V8 аврага хөдөлгүүр хотод өвөл 24, зун 22 идэж байв. Шулуундаа тогтмол 110-115 км/ц явахад 13.5 литр иднэ, гайхалтай гэхдээ засмал зам дээр. Шороон зам дээр ер нь нэг дунджаар 17, 18 л, бартаатай үед юм уу жаахан давхих юм бол 20 хавьцаа иднэ. Дизель 200 –уудтай адилхан л зардал гарна даа. Гэм нь 160-аас дээш хурдлахгүй электроноор хязгаарласан. 160 км/ц хурдтай явбал харин 30 иднэ дээ.

Маш их таалагдсан зүйл бол шороон зам дээр 100-120 км/ц явж байхад 70-80 км/ц-тай явж байгаа юм шиг л мэдрэмж төрнө. Жолооч, зорчигч юу ч мэдрэхгүй онгоцны бизнес классын суудал шиг тохитой. Хол замд ядраахгүй үнэхээр их таалагдсан. Монголд шалгарсан машин болох Ланд Круйзер 200 ч Raptor шиг тохитой бартаат замд явахгүй гэдгийг харин баталгаатай хэлье.

2015 онд шинэчлэгдсэн загвар нь гарахгүй нь тодорхой болсон бөгөөд 2016 онд 2017 оны загвар гарах бөгөөд үйлдвэрээсээ 2.5” амортизаторыг 3” болгоод хөдөлгүүрийг 3.5 литрийн eco boost хос турботой болгосон байна.

Мөн бүтэн сайжруулсан хөнгөн цагаан хийцтэй болсноор бараг 400 кг-аар одоо байгаа загвараас хөнгөн болно гэсэн байна.

Хэдий хөдөлгүүр 6.2 литрийн V8-аас 3.5 литрийн хос турбо хөдөлгүүртэй болж багассан ч 411 морины хүчээс 430 морины хүчтэй болж сайжирч байгаа. Мөн идэлт ч гэсэн багассан байх. Гэхдээ л V8 хөдөлгүүр байсан бол дээр байсан юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.