ТОЙМ - TOYOTA HIACE #54

50 гаруй жилийн нүүр үзэх гэж байгаа энэ микро автобус нь Тоёота-гийн хамгийн удаан хугацаанд үйлдвэрлэж байгаа бага оврын автобус юм. 1967 онд анхных загвар нь тэр үеийн Корона суудлын загварын хөдөлгүүртэй гарсан гэнэ.


1300сс-тэй 70 морины хүчтэй байсан гээд боддоо. Одоо үед бол яаж хүнээ дааж байсан юм болдоо л гэж бодогдохоор. Гэвч анхны юм алдаа оноотой байсан байлгүй сүүлрүүгээ 1600сс болгоодхож. Тэр үедээ бас ойр зуур гэлтгүй хот хоорондын тээвэрт явж л байсан юм билээ.

Зөвхөн монголд л нийтийн тээвэрт микро явдгийн байх гэж бодсон чинь нөгөө японд чинь хүртэл явж байсан байх нь. Тэгэхээр манай нийтийн тээвэр 1967 оны түвшинд байгаан болов уу гэж нэг бодож үзлээ. Арай ч хэтийдсэн дүгнэлт байх. Зүгээр л тойроод гардаггүй дайраад гардаг жамтай юм байлгүй дээ. Бас нэг зүйл дурдахад япончуудын микро монголын микро гэсэн ойлголт өөр байдаг шүү. Тээр жил олуулаа нэг сангийн шугамаар японд очиход микро автобусаар аялана гэхэд бид хэд яаж багтах юм болоо гэж бодлоо. Тэгж байтал бидний боддог жижиг микро биш 24 хүний суудалтай Тоёота Коастер гээд автобус хүрээд ирлээ. Хөтөчөөс микро яасан бэ гэтэл тэр энэ автобусанд суунаа гэв. Тэгээд замдаа Хайэс таарахаар нь үүгээр явах байсан биздээ гэтэл үгүй ээ угаасаа л үүнийг захиалсан шүү дээ гэв. Тэгвэл Хайэсийг ямар автобус гэх вэ гэтэл шууд л минибас гэдэг юмаа гэлээ. Тэгэхээр ойлголт өөр байгаа биз. За жаахан хадуурчихлаа.

Монголд Хайэстэй одоо л танилцаж байх шиг байна. Одоо байгаа загвараас өмнөхийг нь бол монголчууд бараг мэдэхгүй дээ. Гадаадын байгууллагуудад мэр сэр явж байсныг нь худалдаж авч байсан хүмүүс бий байлгүй. Харин 2004 оноос гарсан загварыг албан байгууллага, компаниуд хэрэгцээндээ түлхүү ашиглаж байх шиг. Хувийн хэрэглээнд бараг байхгүй дээ, сайн мэдэхгүй юм. Солонгос микрүүд хувьд байдаг ч голдуу хүн зөөж мөнгө олох зорилгоор л байдаг. Яг сайхан хувийн машин шигээ цэвэрхэн унаад байгаа нь миний мэдэхийн л байхгүй. Монголчууд микрийг ажлын машин гэдэг өнцгөөс нь хардаг. Тэгсэн мөртлөө бөмбөгөр Дэликаг л хувийн хэрэгцээнд байхыг хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл Хайэс мөн ялгаагүй тансаг нь байдаг боловч ерөнхий загвар нь гойд биш ердийн солонгос микротой адил болохоор голдог байж магадгүй юм. За үндсэн яриандаа оръё.


Энэ удаад 2004 онд гарсан загварын талаар ярилцъя. Өмнөх үеийн загвараа бодвол эрэмгий ч гэх юмуу, тэвхгэр болсон нь шууд л ажиглагдана. Хажуу тал нүүрэн тал гээд илүү дутуу зүйлгүй цэвэрхэн болсон. Харин манайхны дуртай өндөр байдал нь үгүй болж арай л намссан гэх юмуу. Аргагүй дээ өмнөх төрх нь бүүр анх 1982 онд гарсан юм чинь 20 жилийн дараа улс орны зам харгуй сайжирч тийм ч өндөр байх шаардлагагүй болоо биз. Тэгэхдээ л монгол зангаараа харамсах сэтгэл төрөх юм. Энэ зам нь хэзээ бүрэн сайжирч машины өндрийн талаар бодохгүй болох бол.

Урд салхины шилийг нарийсгаж дээш өргөж өгсөн нь гадаад үзэмжид ч тэр дотроосоо харагдах байдалд ч сайнаар нөлөөлсөн. Урд шил доор байх нь хүчтэйхэн тоормозлоход л урагшаа гараад явчих вий гэсэн сэтгэгдэл төрүүлдэг бол энэ Хайэс тийм биш. Илүү хамгаалалтай ч юм шиг арай л итгэлтэй болно. Салоны хянах самбарын загвар дажгүй өөртөө тохирсон. Ийм бага зайд түүнээс илүү том бандгар хянах самбар хүсэх хэрэггүй. Магадгүй зарим нь Старексаас гоё биш гэх байх л даа. Старекс бол тэс ондоо концепцоор гарч байгаа. Хайэстэй дөхөж харьцуулах нь Ниссан Караван. Жолоочийн суудал яг дугуйн дээр учраас дээр байрлалтай орчин чөлөөтэй харагдана. Харин урд зорчигчийн суудлын түшлэг хөдөлдөггүй нь яг л мод. Удаан явбал чилж үхмээр. Ямар сайндаа хамгийн дүргүй хүнээ энэ суудалд суулга - гэх үг хүртэл гарсан байна лээ. Бидэнд л ийм загвар таарчихав уу. Захиалганд бол байдаг л байх.

Нэг таалагдсан юм нь механик кропны рычаг нь хүр хүр гэж мэдрэгдэх ч тэнээд байхгүй залгахад маш амар. Байрлал нь ч тэр. Жолоочийн урд хэсэгт бол орчин үеийн машин байна. Хойш эргээд нэг хараадахдаа. За бараг л 80 аад он санаанд бууна даа. Олон эгнээ вандан сандал ямар ч хувацар ороогүй цонхны ил рам, лидринээр бүрсэн аргалет хавтан, хойд хаалга нь дээд зэргийн залхуурсан гэмээр бүрээгүй шар аргалет. За нөгөө солонгос микроны хагас ачааных л ийм байдгийг мэдэх юм байна. Бидэнд олдсон нь ч гэх юмуу монголд байгаа нь ер нь хямдавтар, монголчуудын хэлдгээр таг стандарт, эсвэл ачааных нь байдаг бололтой. Өнөө тансгууд нь хаана байна аа. Арлын улсдаа л байдаг байх.

Яг судлаад үзэхэд Van, DX, GL, Grandcabin гэсэн хямдаасаа үнэтэй хүртлээ дөрвөн төрөл байдаг ба нэг төрөл нь дотроо ачааны, хагас ачааны, 2WD, 4WD, өргөн, нарийн, урт богино, өндөр, дунд, нам дээвэртэй төдөн суудалтай, суудал нь хөдөлдөг хөдөлдөггүй гээд нилээн нарийн үзэхээр юм байна. Ингээд хөөгөөд байхаар монголд хамгийн доод тоноглолтой буюу Van, DX нь байдаг бололтой. GL Grandcabin гэсэн томчуул бол үзэгдэхгүй гэхэд болно. Хөдөлгүүрийн хувьд ихэвчлэн 2.7 эзэлхүүнтэй. Энэ нь хуучны Прадо, Хайлаксд байдаг 3RZ-FE биш түүний оронд гаргасан сүүлийн оны Прадо Хайлаксд тавьж байгаа 2TR-FE гээд өөр хөдөлгүүр. Dual VVT-i системтэйгээрээ илүү сайжирсан юм байна. Мөн 1KD-FTV загварийн 3.0 дизель, 2KD-FTV загварын 2.5 дизель, 1TR-FE гэсэн газан хөдөлгүүртэй гаргадаг ажээ.

Шинээр нь авах тохиолдолд дээрх сонголтуудыг хийж болох боловч японоос ирдэг хэрэглэсэн машины хувьд ихэвчлэн 2.7 бензин. Жолоодоод явахад түүртээд байх зүйлгүй, урд хэсэгтээ зөөлөн боловч хой хэсэгт хатуу талдаа. Гэхдээ бүүр ч ачааны тэрэг шиг ойж буугаад байхгүй. Урд тэнхлэг нь манайхны хэлдгээр лоомон голтой гэх torsion bar spring, хойд талдаа нумтай юм байна. Нумтай гээд оцойтол нь ачиж болно гэж ойлгодог. Яг л заасан хэмжээнд нь ачих нь зөв.

 

Энэ удаад 2004 онд гарсан загварын талаар ярилцъя. Өмнөх үеийн загвараа бодвол эрэмгий ч гэх юмуу, тэвхгэр болсон нь шуу...

Posted by Cardoctormn on Monday, April 13, 2015

Өвөл дулаахан уу гэвэл харьцангуй дулаахан. Хойд салоны сэнс нь чимээ ихтэй л дээ. Гэхдээ караваны хажууд бол дулаахан шүү. Зун ч гэсэн кондишн сайтай. Элдэв хүнд электрон удирдлагууд багатай, мэдээж ABS, Brake Assistant-аас хэтрээд байхгүй, жолоочийн чадвар л шаарддаг гэхүү дээ. Бас нэг зүйл нь Делика шиг хүндрүүлэх горим байхгүй. Энгийн 4WD нь байнга л зүтгэж ба сална энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Хүндрүүлэгч хийгээд хэдэн удаа л ашиглав гэж хүнд нөхцөлд хэрэглэхгүйгээс хойш. Бас нэг зүйл мартсан байна. Гүйдэг хаалга нь мөн л сонголт ихтэй. Энгийн гараар хаадгаас авхуулаад товчлуур дардаг, алсын удирдлагатай гээд нэмэлт захиалгаар хийлгэх боломжтой. Хоёр талдаа гүйдэг хаалга хийлгэсэн ч болно. Үнэ нэмэгдэх тусмаа хана тааз нь улам л сайжраад байна. Ер нь бол амьдралын мөчлөг нь 10 жилээс дээш учраас түргэн өөрчлөгдөж хуучинд тооцогдохгүй л юм. Ангиллын хувьд дундаж ба Альфард, Веллфайер-н доор байдаг боловч дэлхийд танигдсан гэдгээрээ хол хаяна. Эвдрэл гэмтлийн хувьд тоймтой зүйл хэлэхэд хэцүү. Хөдөлгүүрийн хувьд Прадо, Хайлаксд тулгардаг асуудал гарах байх. Гэхдээ таг зогсоод байнга ухуулаад байна гэвэл ёстой үгүй. Байж л байна. Нилээн хэдэн хүний гар даачихаар хийсэн байлээ. Арга ч үгүй юмдаа голдуу л хатуу хүтүү газар нухлагдаж байдаг болохоор ингэж хийхгүй бол хэн авах билээ.

Автомашин сонирхогч Р.Энхболд (хуулбарлах хориотой)

Эх сурвалж: www.cardoctor.mn

 

 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.