TOYOTA PRIUS - ТҮГЭЭМЭЛ АСУУГДДАГ АСУУЛТЫН ХАРИУЛТ (FAQ) №154

Монголын Эко Машинуудын Холбоо ТББ нь Приус машин шинээр авах гэж байгаа болон аль хэдийнээ худалдан авалт хийсэн жолооч нарын дунд түгээмэл асуугддаг асуултын хариултыг бэлтгэн та бүгдэд хүргэж байна.

Энэхүү мэдээлэл нь Приус хэрэглэгчийн гарын авлага номонд орсон бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ЭНД дарж номыг унших боломжтой.

Prius авто машины талаар ерөнхий танилцуулга
  • Тоёота Приус машин нь 1997 онд анх Япон улсад худалдаанд гарчээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр борлуулагдаж байгаа Hybrid машинуудын 67.7% нь Тоёота Приус маркийн автомашин байна.
  • Тоёота Приус 10,11, 20-ийн хувьд 1.5 литрийн 1NZ-FXE I4 цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй бол Приус 30-ийн хувьд 1.8 L 2ZR-FXE I4 1.8 L 5ZR-FXE I4 гэсэн 2 янзын хөдөлгүүртэй худалдаанд гарсан.
  • Приус маркийн машин нь Япон улсад  NHW10, NHW11, NHW20, NHW30 гэсэн ангилалтай гардаг бол  Америкийн Нэгдсэн Улсад XW10, XW11, XW20, XW30 гэсэн кузовын загвараар 2003-2009 онд үйлдвэрлэгдсэн мөн Европын улсуудад 2004 оноос одоог хүртэл үйлдвэрлэгдэж байгаа юм.

ХУВИЛБАРЫН ЯЛГАА

  • Приус 20-ийн хувьд  S, S touring, G, G touring, G touring leather edition гэж 5 төрлөөр үйлдвэрлэгддэг. Үүнийг манай Монголд бүтэн G болон хагас G гэж ярьцгаадаг болсон.
  • Үйлдвэрлэж байгаа орноос хамаараад DOHC I4 VVT-i 1NZ-FXE хөдөлгүүртэй байдаг.
  • NHW20 Баттерэйний хувьд 160.000 км баталгаатай үйлдвэрээс гардаг бол цахилгаан мотор нь үйлдвэрээсээ 240.000 километрийн баталгаатайгаар үйлдвэрлэгддэг байна.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?

Prius бол Toyota компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий.  Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалтыг багасгадаг байна.

Арчилгааны талаар /Яаж арчлах тухай/

Тухайн жолоочийн өөрийн арчилгаанаас шалтгаална. Онцгойлох зүйл нь хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

Prius-ын дутагдалтай тал?

Хариулт: Цахилгааны гэмтэл байдаг ба манай оронд 100% оношилж чаддаггүй.

Prius-ын давуу тал?

Хариулт: Мэдээж эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрийн стандартаар 100 км замд 3л-4.5 л шатахуун зарцуулагдах нормтой байдаг.

  • Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд зундаа 100 км-т 3.5-5 л шатахуун зарцуулсан байдаг өвлийн улиралд 7-10 л бензинийг 100 км-т зарцуулдаг байна.
  • Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас /Дулаан гараашд байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг/ шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хамгийн гол хүчин зүйл нь их явах тусам бензин бага зарцуулдаг.
  • Ихэнх жолооч нарын дунд түгээмэл байдаг нэг асуулт нь Приус машин ус туулж чаддаггүй гэдэг энэ нь мэдээж буруу ойлголт юм. Приус машин нь энгийн бензин хөдөлгүүртэй автомашинтай адилаар ус туулж чадна. Хамгийн гол нь приус унадаг жолоочийн ур чадвараас шалтгаалдаг. Тиймээс ус болон цасанд энгийн машинтай ижил туулах чадвартай.

Агаар шүүгч болон коллектор яаж зөв цэвэрлэх, хэдий хугацаанд цэвэрлэх ёстой вэ?

Хариулт: Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг.

  • Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.
  • Хэрвээ та байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол дээрх давтамж илүү багасна гэдгийг анхаараарай. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж 2 байдаг ба энэ 2-г хамтад нь соливол илүү үр дүнтэй.

Моторын тос солих, ямар тос илүү тохирох вэ?

Хариулт: Моторын тосны хувьд улирал хамаарахгүй 5000 км тутамд солих хэрэгтэй. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай. Өвөл зуны аль ч улиралд үйлдвэрлэгчээс зааж өгсөн тосны зэрэглэлтэй тосыг хийж байна уу? Энэ талаар номын арын хэсэгт тодорхой бичсэн байгаа тул уншаарай

Ямар ч төрлийн өндөрлөгөөг ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХОРИГЛОДОГ гэдгийг анхаараарай!

Prius-ыг яаж зөв өндөрлөх вэ?

Пүршээр өндөрлөх:  Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг  үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.

Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.

Резин өндөрлөгөө: Машиныг өндөр болгох боловч резинэн материалаар хийгдсэн учир тээшний хэсэгт дуу оруулах магадлалтай. Сүүлийн үед гарч байгаа пластик өндөрлөгч нь хөдөлгөөнгүй зориулалтын байдаг тул ингэж өндөрлөх нь пүршээр өндөрлөснөөс арай илүү үр дүнтэй юм.

Мотор арчилгааны талаар

Хариулт: Аливаа тээврийн хэрэгслийн зүрх болсон моторыг сайтар ажиглан арчлах хэрэгтэй. Ингэхийн тулд моторын аюулгүй ажиллагааг алдагдуулахааргүй байхын тулд моторын тосыг сайн шалгаж тогтоосон км хүрэхэд моторын тосыг солих шаардлагатай.

Руль түгжигддэг нь ямар учиртай вэ?

Хариулт: Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт маш их байдаг юм. Энэ нь олон шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө хийлгэсэн мөн рулын аппарат шахуулах болон дууг нь даруулснаас ихээхэн шалтгаалдаг.

Мөн Traction Control Sytem буюу шарвалтын эсрэг системээс шалтгаалан руль түгжигддэг. Хурдтай зорчиж яваа тохиолдолд гэнэт дарах, халтиргаатай замд, шарвалтын анхааруулах гэрэл ассан үед эргэх үйлдэл хийх зэргээс хамаардаг.

Иймд зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулын дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байх, халтиргаатай замд буюу хальтиргаа үүсэх магадлалтай тохиолдолд анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм.

Баттерэйг хэрхэн шалгах вэ?

Хариулт: Приус машины өндөр хүчдэлийн баттерэйг шалгахдаа тестер ашиглан нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.

Салон дотор гэрлэн чимэглэл хийх нь зохистой юу?

Хариулт: Салон дотор гэрлэн чимэглэл хийж явах нь салхины шилэнд гэрэл ойх, гаднах орчны үзэгдэлт багасах, анхаарал сарних аюултай. Гэхдээ салон доторх гэрлэн чимэглэл нь таны сонголт учир салхины шилэнд ойхооргүйгээр суурилуулаарай. Мөн нэмэлт гэрэл тавихдаа гал аюулгүй байдлын үүднээс гал хамгаалагчийг нэмж холбуулах хэрэгтэй.

Дуу орсон Prius-ын дууг хэрхэн дарах вэ?

Хариулт: Приус машины салон нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг. хуванцар материал ихтэй учир жижиг жижиг хэсгүүдийн амлагаа хэсгүүдээр дуу орох нь их байдаг. Иймд салоны дууг дарахын тулд салоныг задалж жийргэвч хэрэглэн дууг дарах хэрэгтэй.

Гэхдээ та салоныг задалж чадахгүй бол салоноо эвдэх, түгжээнүүдийг хугалах аюултай тул салоны дуу дардаг авто сервист хандсан нь зөв юм.

Рулын аппаратын дууг арилгах боломжтой юу?

Хариулт: Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг солих билээ.

Антифризны сав цоороод шингэн алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг.

Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор шатах аюултай

Prius-д тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ?

Хариулт : Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Приус машины стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой.

Дэлгэцэн дээрх үндсэн хэлийг англи хэл рүү сольж болдог уу?

Дэлгэцэн дээрх япон хэлийг англи хэлээр солих боломжтой. Гэхдээ Монголд сольдог үйлчилгээ хараахан алга байна.

Гол болон их хэмжээний усаар гатлахад цахилгаан моторт хэрхэн нөлөөлөх вэ?

Приус болон бусад хайбрид хөдөлгүүртэй машинаар болж өгвөл гол болон их хэмжээний усаар гатлахгүй байх хэрэгтэй.

1-рт хайбрид авто машинаар их ус туулах, удаан хугацаагаар усан дотор зогсох зэрэгт цахилгаан системүүд гэмтэж болох аюултай.

  • Хэдий уснаас хамгаалсан жийрэг таг бий боловч удаан хугацаанд ашиглагдсан зэргээс жийрэг хатуурах, задлаад ахин угсрахдаа битүүмжлэлийг дутуу хийснээс ус орох магадлалтай.

2-рт хайбрид автомашин агаар шүүгчээрээ ус сорохдоо энгийн авто машинаас маш амархан байдаг байна. Яагаад гэхээр ихэнх энгийн автомашины агаар шүүгч хөдөлгүүрээс тусдаа байрлаж урт хоолойгоор агаараа соруулж авдаг бөгөөд энэ нь түргэхэн хугацаанд ус орсон ч агаар шүүгчийг нэвтэрч урт хоолойг дүүртэл сорогдтол нэлээн уддаг юм.

  • Мэдээж гүн усанд удаан орсон тохиолдолд ус орох нь гарцаагүй бөгөөд энгийн бензин хөдөлгүүр унтарч машин зогсдог. Харин хайбрид автомашины хувьд урт хоолой хийх зайд хайбрид систем байрласан байдаг учир агаар шүүгчийг шууд хөдөлгүүрийн дээр хийсэн бөгөөд богино хоолойгоор агаар сорж байдаг. Өөрөөр хэлбэл агаар шүүгчийг ус нэвтэрлээ л бол ус шууд хөдөлгүүрт сорогдож орохоор байгаа юм. Урд агаар соруулах хоолойгоор ус цутгахад л шууд хөдөлгүүр сорж авна.
  • Ингэхэд  хөдөлгүүр усанд унтарч зогсох боловч хайбрид систем ажиллаж цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар уснаас гараад явна. Хэсэг хугацаанд цахилгаан хөдөлгүүр ажиллаж баттерэйн цэнэг багасаж бензин хөдөлгүүр асах хэрэгтэй болно. Энэ үед л таны хөдөлгүүрт ус ороод зогссон бол асахдаа эвдрэх болно.
  • Эвдрэх эвдрэхдээ ноцтой эвдрэх болно. Яагаад гэхээр хайбрид нь стартер байхгүй бөгөөд цахилгаан мотор нь бензин хөдөлгүүрийг асаадаг юм.
  • Энгийн машины стартер 2-4 кВт чадалтай бол цахилгаан хөдөлгүүр дор хаяж 30кВт байгаа. Энгийн стартераар ус орсон хөдөлгүүрийг эргүүлэхэд хэд эргүүлээд гацаж ахин эргэхээ байдаг. Задлаад үзэхээр шатун тахийгаад гацсан байдаг ба гэмтсэн деталиудыг солиод хөдөлгүүр хэвийн байдалдаа орно.
  • Харин хайбридын хувьд маш хүчтэй цахилгаан мотортой тул шатуныг хугартал эргүүлж хугарсан шатуун хөдөлгүүрийн блок болон ойролцоох эд ангийг цөм цохидог ба маш хүчтэй нүдсэн дуу гарч явах аргагүй болгон хөдөлгүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй болгодог. Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг.
  • Тиймээс та машиныхаа хамрын урд үзүүр дээгүүр ус давсныг харсан л бол зогсоод шалгахад гэмгүй. Мөн усанд орсны дараа машин дан цахилгаан хөдөлгүүрээр яваад байвал сэжигтэй гэсэн үг. Даруйхан зогсож шалгах хэрэгтэй. Юуг шалгах вэ гэж үү?
  • Юуны түрүүнд агаар оруулах хоолойн урд ам  норсон эсэхийг, дараа нь агаар шүүгч норсон эсэхийг. Хэрэв агаар шүүгч норсон байвал цааш очлуурыг авч үзэх эсвэл тусламж дуудах хэрэгтэй. Ингэсний дараа аль цилиндрт ус орсныг тогтоож усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа эргэж угсран явна.

Үйлдвэрээсээ ухрахын камергүй машинд зориулалтын камер суулгаж болох уу?

Үйлдвэрээсээ ухрахын камергүй приус машинд 2 янзаар камер суулгах боломжтой юм. Үйлдвэрийн зориулалтын камерыг суулгаж дэлгэцээ солиулах, нэмэлтээр дэлгэцтэй хөгжим, ухрахын камер суулгах боломжтой. Гэхдээ эхний арга нь нэлээд зардал өндөртэй, харин 2 дахь нь зардал багатай.

EV –ыг тогтмол ашиглах нь сайн эсвэл муу юу?

Тогтмол ашиглахад муу зүйл байхгүй.

Шатахууны хувьд АИ92/95-ын аль нь илүү тохиромжтой вэ?

Үйлдвэрлэгчээс энгийн бензин буюу 91 болон 92 октантай бензинээр ажилладаг гэж заасан байдаг. Тиймээс манай оронд элбэг байдаг АИ-92 бензин хийх хэрэгтэй.

Моторыг усаар шүршиж угааж болох уу?

Моторыг усаар шүршиж угааж болохгүй. Зарим жолооч нар усаар шүршүүлж угаалгаад мотороо шатаасан үе байдаг. Иймд аль болох усаар шүршүүлж угаалгахгүй байна уу. Уурын угаалга гэх мэт өөр сонголт хийх боломжтой.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.