ТОЙМ - ТӨСӨӨЛЛӨӨС ИЛҮҮ ЛАНД КРУЙЗЕР 200 #55

Та бүхэндээ өөрийн унаж байсан машинуудын давуу болон сул талыг тойм байдлаар бэлтгэн www.cardoctor.mn сайт, www.facebook.com/cardoctormn хуудсаар дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна. Би дараах машинуудын тоймыг та бүхэндээ хэсэгчлэн хүргэх болно. Бусад тоймыг унших бол ЭНД дараарай.

  • Ford F-150 Raptor
  • Landcruiser 80
  • Landcruiser 100
  • Landcruiser 200 Euro
  • Landcruiser 200 Arab
  • Ford Ranger
  • TOYOTA FJ Cruiser
  • TOYOTA Tacoma
  • Mitsubishi Evolution Pajero
  • Mitsubishi Pajero IV
  • Mercedes-Benz G500
  • Mitsubishi L200
Дашрамд дурдахад хүн хүний автомашины хэрэглээ, ашиглалт өөр бөгөөд бичсэн тоймууд маань зөвхөн миний дүгнэлт тул зарим нэг талыг орхигдуулсан, буруу зөрүү ойлголт байх магадлалтайг анхаарна уу...

Ланд Круйзер 200 сери болон Лексус LX 570 загварын тухай тойм
Эдгээр машины тухай тойм материал бичих гэхээр надад өөрт “TOYOTA” компанийн борлуулалтын ажилтан шиг санагдаад байх юм. Гэхдээ эдгээр загвар нь үнэхээр эдлэж хэрэглэж, туршиж байсан олон загваруудаас маань манай Монгол орны эрс тэр уур амьсгал, бартаат замын нөхцөлд хамгийн төгс тохирсон, хэрэглээтэй загвар гэж шууд хэлнэ.
Анх 2008 онд худалдаанд гарсны дараа гудамжаар явж байхад нь хараад дотроо их л хачин загвартай, урагшаа хойшоо урт гупертэй, их гэрэл болон арын гэрлийн хэлбэр хэмжээ дэндүү илүү гарсан, харахад их бие намхан ер нь л таалагдаагүй. Гэвч өөрийн биеэр эдэлж хэрэглэж, таньсны дараа буруу ойлголт байжээ гэж дүгнэсэн.  

Ер нь ихэнх хүмүүс Ланд 200 гэдэг машиныг нэг л загварын тэрэг гэдэг ойлголттой байдаг. Гэтэл энэ тэрэг тоноглол, дотоод салон, тохь тух, хөдөлгүүр, явах эд анги, туулах чадвар зэргээрээ болон аль зах зээлд зориулагдсан гэдгээсээ хамаарч маш олон ялгаатай байдаг. Хамгийн энгийнээс тансаг хэрэглээ хүртлээ маш олон загвар бий бөгөөд тэр хирээрээ үнэ нь зарим загвараасаа 2 дахин үнэтэй байх тохиолдол ч  байдаг.

“TOYOTA” -ын хувьд Япон улсдаа, өөрийн дотоод зах зээлдээ хамгийн өндөр шаардлага стандартыг хангасан машинаа худалдаанд гаргадаг, иймээс Япон загварын Ланд 200 гэхэд бусдаас үнэтэй, илүү их тоноглол, тохь тухтай, шаардлага стандарт нь өндөр байдаг.  Бусад зах зээлийн хувьд тухайн орчин нөхцөлд тохируулж болон албан ёсны борлуулагчийн шаардлага стандартад нийцсэн машиныг нийлүүлдэг.  

Ерөнхийд нь энэ загварыг миний бодлоор 2 үндсэн төрөлд хуваана

Илүү тоноглолтой буюу ЛЮКС. Энэ ангилалд дараах стандартын тэрэгнүүд орно.

Euro 2,3,4 VX (Монгол нь Euro 2,3), дундад ази буюу манайхны хэлдгээр Араб VX.R, Japan AX-G, ZX, Euro 200, Australia VX, Хойд амеркийн буюу US, Canada стандарт.

Eвроп болон Хойд Америкийн зах зээлд зориулж зөвхөн люкс тоноглолтой нийлүүлдэг ба зөвхөн захиалгаар цэрэг, ажлын зориулалттай л нийлүүлэгддэг.

ЛЮКС загварууд нь V8 бензин, дизель хүчирхэг хөдөлгүүрүүдтэй, автомат удирдлагатай, савхин бүрээстэй, халдаг хөрдөг суудал, 6 шатлалт автомат хурдны хайрцаг, тансаг зэрэглэлийн хянах самбар, шарвалтын эсрэг систем, автоматаар өгсөх, уруудах систем, урд хойд камер болон 2 талын тольны камер, дуугаралт сайтай аудио видео систем, гидр тэнцүүлэгч, гадаад орчны дуу тусгаарлалтын систем, салхины шил нь хүртэл сайн чанарын мөн үнэтэй байдаг. Ер нь дурдаад байвал олон зүйлийн тоноглол стандарттай байдаг. Монгол, Араб люкс загварууд нь VX, VX-R гэсэн тэмдэглэгээтэй. Энэ хирээрээ энэ загвар нь GX, GX.L, GX.R загваруудаас бараг 2 дахин үнэтэй. Тэр хирээрээ явдал тохь тух нь ондоо билээ.

Энгийн ч бай, ЛЮКС ч бай дотроо бас дээд, доод, дунд гэх ангилалуудтай тэр болгоныг мэдэхийг хүсвэл дилерт нь хандах хэрэгтэй байх.

Лексус 570 нь ландкруйзер 200 загварын суурин дээр хийгдсэн бөгөөд зөвхөн 5700сс мотортой байх ба АНУ-д үйлдвэрлэгддэг илүү тансаг бүтэн тоноглолтой загвар юм.


Хэрэглэх үеийн сэтгэдэл

За анх 2010 онд GX Medium стандартын 1GR-FE 4.0L бензин хөдөлгүүртэй. 5 шатлалт механик хурдны хайрцагтай  “Хэт” ХХК-иас авсан Ланд 200 загвар унаж байлаа. Lexus LX 470 унаж байгаад шилжсэн тул хаалганы дотор бариулын томыг гайхаж бас нэг л бүдүүлэг харагдаад байв. GX стандарт загвар байсан тул хянах самбар, салон суудал хэт энгийн хямдхан санагдаж байв.

Авцуулах холбоосны салж нийлэх нь үнэхээр сайн хийгдсэн байв. Ямар нэгэн байдлаар өгсүүр газар хөдлөх зэрэгт үнэхээр тун сайн шийдсэн, эмэгтэй хүн унахад ч төвөггүй санагдаж байв. Машины явдал маш зөөлөн тохитой гэвч хөдөө явахад энгийн амортизатор нь асуудалтай байв. Хэтэрхий зөөлөн тул тохитой, бартаа сайн гаргах хэдий ч савалгаа ихтэй, хөндлөн зам, малын жимээр гарахад урд лап шууд цохиж байгаа нь мэдрэгдэж байлаа. Гайхалтай нь кузов, салон ямар ч дуугүй, Амьдралдаа унаж үзсэн хамгийн дуугүй машин, өнөөдрийг хүртэл Ландкруйзер 200 шиг салоны ямар нэгэн дуугүй машин үзээгүй л байна. Явах эд анги нь өмнөх загвар буюу Ланд 100, Лексус LX 470-аас илүү бахим гар, рулын шарнир, тэнцүүлэгчтэй хамгийн гол нь урдаа лоомон гаргүй пүрштэй болсон нь төгс шийдэл байлаа. Рамны бат бэх чанар, зузаан нь ч нэмэгдсэн байв. Тэр хирээрээ жин нь ч нэмэгджээ. GX загваруудад салон, шалны дуу тусгаарлагч хийгдээгүй нь бороо орох, чулуутай замд явахад доороос нүдэх чимээнээс тодорхой байв.

Дараа нь Euro 4 стандартын бүтэн тоноглолтой 4.5L хос турботой дизель хөдөлгүүртэй, 6 шатлалт автомат хурдны хайрцагтай “VX high” ангиллын Ланд 200 машинтай болов. Бүхэлдээ илүү тохитой явдал, хамаагүй тансаг салон гээд өөлөх зүйл үнэндээ алга байлаа. Нэг хөдөлгүүр хэдий ч Euro 4 стандартын буюу европд худалдаалагддаг загвар нь 285 морины хүчтэй, Араб, Монгол (Euro 2,3) стандартууд нь 235 морины хүчтэй ялгаа нь илт байв.

Миний хувьд бензин 4000сс, 4700сс, 4600сс, 5700сс, дизель 4500сс, Euro 4, Euro 3 болон 2 бүгдийг нь унаж байсан бөгөөд зөвлөхөд манайд бензиний чанар муу учир Монголд зориулан үйлдвэрлэгдсэн Euro 2 стандартын хөдөлгүүртэйг сонгох нь дээр гэж ойлгосон. Euro 3,4 хөдөлгүүрүүд нь манай бензин, дизель түлшийг голох тул тогтмол түлшний шүүр солих цаашлаад инжектор хүртэл асуудалд орж байлаа.

Дизель болон бензин хөдөлгүүрийн сонголтын хувьд та ямар хэрэгцээнд унахаасаа сонголтоо хийх нь зөв билээ. Ихэвчлэн хотод унадаг зундаа хааяа хөдөө явдаг бол би бензин 4600сс Euro 3 хөдөлгүүртэй VX загварыг нь зөвлөх байна.

Хөдөө ихэвчлэн явдаг, бартаат замд голчлон хэрэглэдэг бол дизель хөдөлгүүртэй GX механик Euro 2 загварыг нь зөвлөх байна.

Манайхан Араб буюу дундад азид зориулан хийгдсэн загваруудыг муу гэдэг нь дараах шалтгаануудтай. (VX.R, GX.R)

Халуунд зориулагдсан тул хөдөлгүүрийн термостат, радиатор болон форсунк, хаалганы жийргэвч резин, салникууд зэрэг маш олон деталь нь хүйтэн нөхцөлд зориулагдаагүй байдаг. Хүйтнээс үүдэж элэгдэл эвдрэл, салон халахгүй, пааргүй зэрэг асуудлууд үүсдэг.

Мөн манай ченжүүд ихэвчлэн хямдхан загварыг импортолж, зардаг тул битүүмжлэл, дуу тусгаарлагчгүй загварууд байдаг. Цоо шинэ араб загварууд нь хөдөө явахад тоос орох, голоор гарахад ус орох, бороо ороход дээвэр нь түжигнэх зэрэг асуудал үүсдэг нь хямдхан загвартай холбоотой. Бүх зүйлийг нь хэмнэж хийвэл мэдээж хямд шүү дээ. Мөн дундад азийн буюу араб загваруудыг БНХАУ-д Тянжинд угсардаг нь нөлөөлдөг байж магадгүй.

Лексус LX 570 нь мөн адил Ландкруйзерийн тансаг загвар бөгөөд нэг их бие, явах эд ангитай гол нь бүрэн тоноглолтой. Хөдөлгүүрийн хувьд зөвхөн 5700сс бензин хөдөлгүүртэй байна. Амортизаторын хувьд 200 VX high загварын адил гидр цахилгаан хосолсон амортизатортой тул өндөрсгөх, намсгах, хатуу зөөлнөө тохируулж болдог.

За тэгээд 570-аар та бартаанд байнга давхиад байвал гидр амортизаторын системийн дамп нь амархан эвдэрнэ. Дээрээс нь 570 бол хөдөө байнга явах, ачаа ачихад зориулагдаагүй гэдгийг анхаараарай. Тохитой явдал гаргах үүднээс маш нарийхан уян урд хойд пүрштэй байдаг.

VSC системтэй Ланд 200, Лексус 570-ийн уул өөд өгсөх, шавранд зүтгүүлэх, зүтгэхэд дугуйны эргэлтээ тохируулах систем нь өмнөх 470 загвараасаа муу санагдаж байв. Энэ нь систем муу гэхээсээ илүү машины жин хүнд байгаатай холбоотой санагдав.

Амортизатор, пүрш сольсны дараа харин явдал, жолоодлого үнэхээр сайхан болж байгаа нь мэдрэгдсэн. Хурдтай харайлгахад бөгсөө баруун шиддэг асуудал нь хойноо чулактай, хөндлөн татуургатай тул Ланд 80, 100, 105-ийн адил байсаар байв. Хойноо гартай эсвэл чулактай хэдий ч хөндлөн татуургыг өөрөөр шийдсэн бол энэ асуудал гарахгүй байх байсан болуу. Чадварлаг жолооч нарын хувьд шарвалт, тэнцвэрийн системийг унтрааж хөдөө давхих нь тулсан бартаа сааданд эргэлт хийх боломжийг олгоно. Гэхдээ энэ зөвлөмжийг аль болох дагахгүй байхыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл бартаа саадыг та урьдчилан харахгүй тул хурдаа тохируулан явах нь зүй.

Хурдны хувьд 4000сс V6 хөдөлгүүр 180 км/ц, Лексус 570 болон евро стандартын 4500сс V, дизель хөдөлгүүртэй Ланд 200-ын хувьд 220 км/ц дээр автоматаар хязгаарлагдаж байв.


Лексус ч тэр, Ланд ч тэр савхин сандал нь Герман тэрэг шиг жинхэнэ арьс биш учир зуны халуунд удаан явахад хөлөргөж таагүй байлаа. Сандалын хөргөлтыг ажиллуулсан ч тийм аятай биш. 3 дахь эгнээний сандал ер манай нөхцөлд огт хэрэггүй зүйл болох нь ажиглагдав. Байнга сойлттой явж багажны зай эзэлнэ. Авчихаар шалан дээр том түгжээний нүхтэй. Гол нь салон дуугуй машин тул сойсон сандалын жижиг сажиг чимээ сонсогдоно.


Дутагдалтай тал

Ланд 200-ын цорын ганц дизель 4500сс V8 1VD-FTV хос турботой хөдөлгүүрийн үйлдвэрийн алдаа.

Дизель 4500сс V8 1VD-FTV хос турботой хөдөлгүүртэй 2008-2010 оны загварууд үйлдвэрээсээ поршин, кольц, турбо, фланж алдаатай. Үүнээсээ үүдээд хөдөлгүүрийн масло идсээр байгаад турбогоо эвддэг. Манайхан зөвхөн турбог нь солиод яваад байдаг. Гэтэл дахиад л эвдэрнэ. Би өөрийн унаж эдэлж байгаа машиныхаа хөдөлгүүрийн гэмтлийг үндэслэлтэйгээр олох гэж маш их оролдсоны үр дүнд “ТOYOTA”-ийн нийтэд нээлттэй зарладаггүй гэмтлийн шалтгааныг засах материалыг нь олж бүрэн засуулсан билээ. Та үйлдвэрийн гэмтэлтэй дизель Ланд 200 унаж байгаа эсэхээ шалгахыг хүсвэл доорхи хүснэгтээс хөдөлгүүрийн дугаараараа шалгана уу. Магадгүй та тийм загварыг унаж байгаагаа мэдэхгүй ч яваа юм билүү. Мэдээж эвдэрсэн хойно нь бүрэн засуулна гэвэл танаас дор хаяж 10-аад сая төгрөгний зардал гарахыг найрсгаар анхааруулъя.

 
Хэрвээ таны машины хөдөлгүүрийн дугаар 1VD-0043951 ээс өмнөх бол
  1. Поршин
  2. Кольц
  3. Турбо фланж
  4. Вакуум помпоо солино.


1VD-0043952 -оос  1VD-0050094-ийн хооронд бол
  1. Турбо фланж
  2. Вакуум помпоо солино.


1VD-0050095 -аас 1VD-0092701-ийн хооронд бол
  1. Турбо фланж солино.


1VD-0092701-ээс хойших буюу 2010 оны 6 сараас хойш үйлдвэрлэгдсэн бол  дээрх үйлдвэрийн алдаа засагдаад гарсан болно.

Гэхдээ шинэ ч бай хуучин ч бай эдгээр хөдөлгүүр 50000км - 60000 км яваад баруун крышка-ны калапан суудаг.


1GR-FE 4.0 V6 хөдөлгүүр
Энэхүү хөдөлгүүр нь миний өмнөх тойм дээр бичиж байсанчлан маш сайн хөдөлгүүр юм.  FJ Cruiser, Tacoma, Hilux, Prado, Fortuner зэрэг загварууд болон Ланд 200 зарим загварт суурилуулдаг.


Гэвч 3 тонн шахам жинтэй, байнга 4 дугуйгаар байнга зүтгэдэг машинд энэ хөдөлгүүрийн мушгих хүч буюу Torque нь багадсан. Тийм болохоор манай орны бартаат замд хурдлах, шавар, элс, цасанд их бярдаж зүтгүүлээд байх юм бол таны машин шинэ байсан ч 10000 км явахад л энэ хөдөлгүүрийн доод эд анги дийлэхгүй.


Амoртизатор.
Таны 200 бүрэн тоногтой VX High загвар биш л бол үйлдвэрээсээ TOKICO брэндийн энгийн тосон амoртизатортой гарсан байгаа. Гэвч хөдөө ихэвчлэн явдаг хүн бол машиныхаа амортизаторыг зайлшгүй солих хэрэгтэй.
 
Монгол, Араб, Евро гээд бүр тэр ч байтугай дизель, бензин хөдөлгүүртэйгээсээ хамаараад үйлдвэрээсээ бүгд өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн даацтай пүрштэй байдгийг анхаараарай. Манайхан харж байхад 200 гэсэн нийтлэг утгаар нь солиод байдаг.
 
Миний хувьд ARB OLDMAN, Bilstein, хамгийн сүүлд TJM тавьж туршиж үзэж байна. Хотод явдал бага зэрэг хатуу болох ч эдгээрийн алийг нь ч тавьсан хөдөө бартаа, шулуун засмал замд явдал, жолоодлого сайжирч машины тогтвортой байдал сайжирна.

Таны тэрэг харин KDSS системтэй бол (VX, Евро, Америк нэмэлт тоноглол, Япон AX-G) бол урдаа хэт өндөр амартизатор тавихгүй байхыг хүсье. Миний тэрэг өндөр амoртизатор тавьснаас болж KDSS тэнцүүлэгчийн систем эвдэрч нилээн чирэгдэл болж байв.


KING, ICON уралдааны амoртизаторууд.

Мэдээж эдгээр нь огт өөр зарчимаар хийгдсэн тул таны тэрэг харьцуулшгүй явдлын ялгаатай болно. Мэдээж тэр хирээрээ үнэтэй. Хэрвээ та ийм амoртизатор тавиад хөдөө явж байсан бол эргээд энгийн амoртизатортой 200 унаж чадахаа байна гэдгийг баттай хэлье.


Рулийн аппарат, Гидрийн хүчлүүр

Ланд 200, Лексус LX 570 ер нь Toyota-ын их болон дунд гарын жийпнүүд рулийн аппарат тултал дарж ажиллуулах үед их өндөр элэгдэл үүсдэг. Үүнээс үүдэж бохирдсон тос рулийн аппарат, гидрын хүчлүүрийг амархан эвддэг. Та рулиэ гараж дотор болон, огцом эргэлт зэрэгт ихэвчлэн тултал нь дардаг бол тун удахгүй эвдэрнэ. Эдгээр загваруудыг унадаг бол аль болох рулиэ тултал дарахгүй байхыг хичээх хэрэгтэй. 3 удаа комоор нь сольсон гашуун туршлагаас зөвлөж байна.

За тэгээд өөр дутагдал гээд хэлчих зүйл үнэндээ алга даа. Манайхан араб 200 муу гээд байдаг нь ондоо стандарт, өөр өртгөөр үйлдвэрлэдэгтэй холбоотойг дээр дурдсан билээ.


Тоноглол
Миний хувьд амoртизатор, дугуйнаас өөр тоноглол үндсэндээ огт хийж байсангүй өөрийн гэрэл хангалттай тод хурц, гупер, ачаа хийх шаардлага онц гарсангүй. Төмөр хөнгөн цагаан гуперууд энэ машин дээр үндсэндээ зохицдоггүй, та байнга хөвчид мөн шавартай модтой газраар явдаггүй л бол эдгээр нь их үнээр машиныхаа үзэмжийг гутаахын зэрэгцээ улам хүнд болгож түлш зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Харин дизель хөдөлгүүрүүддээ агаарын хоолой тавих нь ухаалаг тоноглол болно.
 
Хөдөлгүүрийн компьютерыг хүчтэй болгож үзлээ. Дизель 200-н хувьд загвар болон үнээсээ хамаараад хүчтэй огцом хааз авч түлш зарцуулалт багасаж байлаа. Гэхдээ Герман улсад үйлдвэрлэснийг нь тавих хэрэгтэй юм байна гэж ойлгов.


За бас тэгээд төмөр обудаа хайлшин үзэмжтэй обудаар солих гэж байгаа бол оригинал хайлшин обуд тавихыг зөвлөж байна. Манайд элбэг зарагддаг хятад хайлшин обуд мөн оригинал TOYOTA TRD обуд аль болох тавьхаас зайлсхийгээрэй. Эдгээр нь хайлшны хатуулаг бат бэх чанар муу тул обуданд чулуу орох, хүчтэй мөргөх зэрэгт амархан хагардаг.

Бартаанд явдалыг нь сайжруулах үүднээс дугуйг томруулан тавьж үзсэн боловч түлшний зарцуулалт өндөрсөж хавирах, хөнгөн явдал багасах тал ажиглагдаж байв. Байнга хүнд бартаант явдаггүй, энгийн амортизатортой бол дугуйн размер стандарт байх нь дээр.


Дүгнэлт
Хэрвээ та хөдөө гадаа бартаат замаар их явдаг бол Ланд 200, хот хооронд хатуу хучилттай замаар ихэвчлэн унадаг бол Лексус 570 сонгохыг зөвлөе. Тохь тух, найдвартай байдлаараа ижил ангиллын ямарч тэрэгнээс илүү гэдгийг баталгаатай хэлж чадна. Хэдий спорт загвар бус, залуу хүнд харьцангуй тохиромжгүй гэж хэлэхээр машин ч гэсэн энэ 2 загварын тэргийг би амьдралдаа хамгийн удаан хугацаагаар одоог хүртэл унаж байна.


Дакар Ралли-д энгийн машины төрөлд Ланд 200 байнга түрүүлдэг бөгөөд манай улсаас анх машинаар энгийн машины төрөлд ОУХМ Н.Лхамаагийн баг ч энэ тэргийг сонгосон нь учиртай билээ. Хөдөө замд явдлын хувьд шулуундаа FORD Raptor, Nissan Patrol Y62 илүү тохь тухтай, жолоодлого сайтай хэдий ч урт хугацааны туршид ашиглалт, үйлчилгээ, найдвартай байдал бүх төрлийн бартаанд ( уул, хад, элс, ус, шавар, цас ) жигд өндөр туулах чадвар, салоны чимээгүй байдал зөв хийцээрээ аль алинаас нь хол илүү билээ.
 
За тэгээд энэхүү тойм нь зөвхөн  өөрийн туршлага, үзсэн туулсан дээрээ үндэслэсэн бичсэн гэдгийг уншигч та анхаараарай.
 
Хүндэтгэсэн ОУХМ Ч.Анар
 

ТӨСӨӨЛЛӨӨС ИЛҮҮ ЛАНД КРУЙЗЕР 200Амьдралдаа унаж үзсэн хамгийн дуугүй машин, өнөөдрийг хүртэл Ландкруйзер 200 шиг салон...

Posted by Cardoctormn on Sunday, September 20, 2015
 

АВТОМАШИН ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЛЭГИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРАвстрали тив. 45 хэмийн халуун. Эргэн тойрон 360 градус торолгүй толь...

Posted by Cardoctormn on Saturday, September 19, 2015

 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.