ТОЙМ - ЯВДАГ ХАУС LEXUS LX 570

2011 оны Lexus LX 570 нь офф-роад чадвартай люкс ангилалд багтах SUV автомашин билээ. Анхны LX цувралыг 1996 оноос танилцуулж эхэлсэн бөгөөд цаг уур, зам харгуйн ямар ч нөхцөлд зорчигчын тав тухыг дээд зэргээр хангаж чадах, улмаар хот болон хөдөөд ашиглах, загварын хувьд хэний ч нүдийг унагахаар тийм л SUV болгохыг зорьсон байна. Мэдээж $68,000 ам.долларын Тоёота Лaнд Круйзер автомашин дээр суурилж бүтээгддэг энэхүү LX570 автомашинд сүүлийн үеийн бүхий л шинэ техник, технологийг шингээж гаргадаг юм.

Бүхий л Лексaс автомашиныг Япон улсад угсарч үйлдвэрлэдэг ба LX-ийн хувьд Ёшивара үйлдвэрт үйлдвэрлэгддэг харин хөдөлгүүрийг Тахара-д үйлдвэрлэдэг юм.

2011 оны өөрчлөлт

Lexus LX 570 автомашинд өмнөх онуудаас онцгой өөрчлөлт хийгээгүй байна.

Танилцуулга
Улмаар дээд зэргийн люкс кабинтай бөгөөд түүнийг арьс болон модон оруулга, халж хөрдөг суудал, интертайнмент систем зэргийг хийж дээд зэргийн тав тухыг бий болгодог байна.

Мэдээж энд дууны системийг дурьдалгүй өнгөрч болохгүй байх, түүнд Mark Levinson-ийн дууны системийг 19 ширхэг спийкерийн хамтаар (Нэмэлтээр суулгадаг) суурилуулж өгсөн тул та дуу сонсож байх үедээ яг л амьд тоглолт үзэж байгаа мэт сэтгэгдлийг авч чадах болно. Улмаар LX 570 нь электрон удирдлагатай гидр тохируулгатай амортизатортай бөгөөд замдаа тохируулан кузовыг өндөрсгөж, намсгаж болох юм. Энэхүү гидр тохируулгатай амортизатор нь хэт хурдлах үед автоматаар агаарын эсэргүүцлийг багасгах мөн аюулгүйн байдлын үүднээс кузовыг доош суулгаж өгдөг бөгөөд урд тэнхлэгийг 6.1 см, хойд тэнхлэгийг 4 см нормаль хэмжээнээс буулгаж харин оффроад жолоодлого хийх үед систем нь урд тэнхлэгийг 5 см, хойд тэнхлэгийг 6.1 см хэвийн хэмжээнээс өндөр болгож өгдөг байна. Хэвийн үед газраас тэнхлэг хүртлэх өндөр нь 226мм ба өндөрссөн үедээ 302мм, намссан үедээ 175мм болдог.

Энэхүү системийн нэр нь Active Height Control (X-AHC) ба үүнтэй хамтаар Adaptive Variable Suspension system (AVS) буюу компьютерын тооцоолуурын тусламжтай замын нөхцөлд тохируулан түүний агших сунах давтамжыг тохируулдаг систем юм байна. Мэдрэгчүүд нь автомашины дугуйн бүрийн хурд, хөдөлгүүрийн эргэлт, хүчлүүрийн хөдөлгөөн, тормозны ажиллагаа зэргийг үндэслэн кузовын ганхалтыг амортизаторын давтамжийг өөрчилснөөр тэцвэржүүлэх юм. Мөн жолооч үүнийг товчлуурын тусламжтай тохируулах боломжтой.

Түүний өмнөх загвар болох Ланд Круйзер 100 цуврал дээр суурилсан LX 470 автомашин нь зах зээлд ойролцоогоор 10 жил борлуулалтаараа манлайлсан бөгөөд шинэ LX 570 зах зээлд нэвтрэхдээ 5.7 литрийн хөдөлгүүртэй, шинэ өнгө төрхтэйгээр мэндэлсэн юм.

via GIPHY

Гадаад байдал

LX 570-ийн нийт урт нь 5 м бөгөөд 1.92 м өндөртэй улмаар маш бадриун их биетэй болсон ба салоны зай ч түүнийг дагаад маш томтой болсон юм. Урд нүүрний хэсэг трапец хэлбэртэй болсноор түүнийг эрч хүчтэй харагдуулах болсон. LX570-ийг хаанаас нь ч харсан дэгжин гоёмсог хэн ч хараад сүрдмээр хийцтэй болсон төдийгүй нүүрэн хэсгийг харснаар та түүний хүчирхэг байдлыг мэдрэх бөгөөд улмаар их гэрэл болоод кaпoтны тодорч нааш гарч ирсэн байдал нь түүний хир булчинлаг байгааг илтгэж байна.

Ингэж л хийхгүй бол хэрхэн түүний ах болох Ланд Круйзер 200-аас ялгарах билээ. Их биеийн будаг нь холоос харвал маш гэрэлтэй ойртоод харвал маш чанартай будгаар будагдсан нь мэдрэгдэх ба их гэрэл, капотны дөвийж гарсан байдал нь түүнийг эрч хүч дүүрэн халуухан харагдуулж байна.

Хойд гэрэл нь их гэрэлтэйгээ адилхан товойж гарч ирсэн LED гэрэл бөгөөд маш спортлог, далавч шиг хэлбэртэй юм. Гэрэл нь асаагүй үедээ ч гэсэн маш гоёмсог харагдаж байлаа. Арын хаалга нь хойд гупертэйгээ шаталсан хэлбэрээр харагдах бөгөөд хойд хэсгийг сайхан харагдуулам болжээ.

Дугуй нь Dunlop Grandtrek AT22 дугуйтай бөгөөд маш сайн хээтэй ачаар газартай сайн барьцалдах ба дуу чимээ багатай дугуй юм. Хажуугийн толь маш том бөгөөд харагдац сайн улмаар машины гадаад үзэмжинд чухал эерэг нөлөөг үзүүлж байна. Хойд хэсэг, урд нүүр, баруун толинд камер байршуулсан ба ухрах болон хажуугийн, урд талын байдлыг харснаар таны аюулгүйн байдалд чухал дэвшил болж байна. Замд туршилт хийж 120 км/ц хурдтай явах үед салхины дуу хажуугийн толь хавиас л гарч байснаас өөр дуу чимээ ер гарч байсангүй. Үр дүн нь тэд энэ тал дээр их хичээж ажиллажээ.

Их биеийн загвар, хувилбар болон нэмэлтүүд

2011 оны Lexus LX 570 нь full-size SUV буюу их гарын жийп ангилалдаа орж тэрч утгаараа ганцхан хувилбартай. Стандартаар түүнд 20 инчийн хайлшин обуд, электрон удирдлагатай амортизатор (өндөр нам, хатуу зөөлнийг тааруулах боломжтой гидр тохируулгатай амортизатор) кисенон автомат тохируулгатай их гэрэл, урд манангийн гэрэл, автомат шил арчигч, автомат толь, люк, зурвас ачаа, түлхүүргүй асаалтын систем зэрэг олон хэрэгтэй зүйлсийг тавьж өгсөн байна.

Кабин дотор 4 хэсэгт тусдаа үлээх автомат эйркондишний удирдлага, байрлалыг автоматаар өөрчлөх боломжтой руль, халдаг урд суудлууд (жолооч тал 10 тохиргоотой, зорчигч тал 8 тохируулгатай, 2-уул автоматаар суудлыг тохируулна) автомат дэлгэгдэж хураагдах арьсан хийцтэй 2-р эгнээний суудал болон 3-р эгнээний суудлуудаар тоноглож өгсөн байна.

Мөн электрон хэрэгслүүдийг дурьдах хэрэгтэй байх. Үүнд урд болон баруун толинд байрлах камер (20 км/ц дотор хурдтай хөдөлгөөн эхлүүлэх үед урдуур тань машин эсвэл саад гарч ирэхэд урд болон баруун толины камер мэдэрч автомашиныг зогсоох ач тустай), ухрах камер, навигэйшн систем, дууны удирдлагатай зам болон цаг уурын талаарх мэдээлэл өгөгч, Лексас-ийн тусламжийн албатай холбогдох болон "Цэнхэр шүдээр" /Bluetooth/дамжуулан гар утсаа автомашиндаа холбон үүрэн холбоонд холбогдох, 6 СД-чэйнжер бүхий 30 Гб дуу хадгалах хатуу дисктэй /HDD/дууны систем, сансрын радио болоод нэмэлт аудио оролтын залгуур (i-pod/USB) зэргээр тоноглогдсон байна.

Мөн хойд зорчигчдод зориулсан DVD плэйeрт нэмэлтээр утасгүй чихэвч авч болох бөгөөд ингэснээр тус тусын хийх зүйлсээ хийхэд саад учрахгүй болж байна. Ойролцоогоор $4,000 гаруй ам.долларыг нэмж төлснөөр Luxury багцаар автомашинаа сайжруулж болох бөгөөд үүнд хөрдөг урд суудал, халдаг руль, халдаг 2-р эгнээний суудал, хөргөгч, сайжруулсан арьс болоод модон оруулгууд зэргээс бүрддэг байна.

Хүчин чадал болоод үзүүлэлт

2011 оны Lexus LX 570 нь хүчирхэг том их биедээ тааруулж 5.7 литрийн оруулах болон гаргах клапангийн нээгдэх хугацааг тохируулдаг Dual VVT-i системтэй V8 хөдөлгүүрээр тоноглогдсон ба түүнээс 383 морины хүч, 545 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай болжээ. Хүчирхэг хөдөлгүүрт тохирсон 6 шатлалт автомат хурдны хайрцаг суурилуулж өгсөн байна. Энэхүү хөдөлгүүр болоод хурдны хайрцагийг 2007 оны Тоёота Tundra автомашинаас өвлөн авсан ба энэхүү шинэ үеийн LX цувралд нийт 35 шинэ өөрчлөлтийг шингээж өгсөн байдаг байна.

LX 570 нь 0-100 км/ц хурдыг 7.2 секундэд авах бөгөөд 400м газрыг 15.8 секундын  дотор туулах чадвартай. Мэдээж LX 570 автомашиныг хийхдээ рам-их биеийн бие даасан бүтэцтэй хийж урд тэнхлэгийг үл хамаарах, хойд тэнхлэгийг хамаарах тэнхлэгтэй хийснээр оффроад жолоодлогод хэзээд бэлэн болсон байна.

Түүний кузов болон рамыг маш сайн чанартай материал болоод зөв архитектурын бүтэцтэй  хийснийг бид энгийн ганц тест хийж шалгаж үзэв. Автомашины кузовт гажилт өгөхөөр энхэл донхол замд зогсоож байгаад бүх хаалгуудыг нээж хааж үзэхэд үнэхээр маш сайн үр дүнг үзүүлж байна. Түүний кузовт ямарч гажилт байхгүй байгаа нь хаалгууд ямарч завсаргүй хаагдаж, гажилтгүй нээгдэж байгаагаар тодорхойлогдож байна.

Тиймээс LX-ийн ерөнхий инженер Hideki Watanabe-д бид бүхэн ийм сайн автомашин бүтээснийх нь төлөө баярлах хэрэгтэй байх... Анх шинэ үеийн LX 570 автомашиныг Нью-Иорк Авто шоун дээр 2008 онд танилцуулж байсан ба Тоёота-ийн 3UR-FE хөдөлгүүртэй юм энэхүү хөдөлгүүрийг Тоёота Тундра, Тоёота Секоя болоод Тоёота Ланд Круйзер автомашинд ашигладаг байна. Хөдөлгүүрийг хөнгөн цагаан блок болон тагтай хийж өгчээ.

Түүний хурдны хайрцаг нь шинэ электрон удирдлагатай АТ ба механик горимд шилжүүлэн жолоодох боломжтой. 4 дугуйгаар хөтлөх түүнд Torsen LSD төвийн дифференциал суулгаж өгснөөр энгийн жолоодлоготой үед хүчийг хойд тэнхлэгт 60% дамжуулах бөгөөд замын нөхцөлөөс хамааран электрон Traction Control (TRAC) ба Vehicle Stability Control (VSC) системийн тусламжтай мэдээллийг боловсруулж урд ба хойд тэнхлэгүүдэд хүчийг автоматаар тохируулан хуваарилж өгөх юм.

Шинэ "Crawl Control" систем нь оффроад жолоодлогын үед тормоз болоод хөдөлгүүрийн хүчийг автоматаар зохицуулж бага хурдаар автомашинд тохиромжтой, танд тухтайгаар замыг туулах систем бөгөөд түүний хурдыг төв удирдлагын функцаас 3 өөр төрлийн горимд тохируулан удирдах боломжтой (Ухрах үед ч мөн адил). Улмаар Hill-start assist control (HAC) буюу өгсүүр нөхцөлд зогсож байгаад автомашиныг хөдөлгөх үед автомашин хүч алдаж ухрахаас сэргийлсэн системийг суурилуулж өгсөн нь уул хадтай манай орны нөхцөлд, мөн өвлийн улиралд ч маш тохиромжтой туслах систем болжээ.

Аюулгүй байдал
  • 2011 оны Лексaс LX 570 автомашин нь стандартаар сайжруулсан ажиллагаатай ABS, 10 ширхэг аюулгүйн дэр мөн урд суудлын толгойn амраагч дэр зэргийг стандартаар суурилуулсан байна.
  • Мөн сонголтоор Lexus Pre-Collision System-ийг суурилуулваас радарын тусламжтайгаар мм-ийн хуваариар мэдэрч, аюул тохиолдож болзошгүй гэсэн үед систем нь автоматаар суудлын даруулгыг чангалж, тоормосны дөрөөн дээр гишгэх үед Brake Assist системийн тусламжтай тоормосны хүчийг нэмэгдүүлэх чадвартай.
  • Түүний урд тэнхлэг нь 4 поршентой тоормосны системтэй бөгөөд ABS, EBD-Electronic brake-force distribution, BA-Brake assist системийн хамтаар ажилладаг.
  • Электрон хязгаарлагчаар дээд тал нь 260 км/ц хурдлах болсон байна.

Салоны дизайн ба тусгай нэмэлтүүд

Салон хар өнгөтэй төдийгүй спортлог, люкс байдлыг танд мэдрүүлэх бөгөөд түүний люкс байдлыг танд мэдрүүлэхийн тулд салоныг маш сайн сайжруулан хөгжүүлсэн нь мэдрэгдэж байна. LX 570 нь ингэснээр энэ хэдхэн жилийн дотор автомашины акулууд болох Мерседес-Бенц, БМВ авто үйлдвэрлэгчтэй салоны люкс тал дээр хэдийнээ өрсөлдөгч болсон нь тодорхой байна.

Хойд багажны хэсэг 115 вольтын гаралттай ба жолоочийн суудал нь байрлалыг санах 3 төрлийн санамжтай. Жолооч талын суудал 14 янзын, хажуугийн зорчигчийн суудал 12 янзын тохируулгатай ба үүн дээр мөн суудлын бүсэлхийн хажуу тулгуурын өнцгийг тохируулах боломжтой. Урд 2 суудлын голд тохойн тавиуртай.

Кабины байгаа байдал загвар зэрэг нь дээд зэрэглэлийн люкс седан автомашинаас ширхэг бүрийг нь хуулж авсан нь харагдаж байна.

Түүний 8 суудлыг бүгдийг нь сайн чанарын савхиар эсгэж өгсөн ба 2-р эгнээний суудлыг 60/40 хувийн хуваарилалтаар хуваагддаг бөгөөд 3-р эгнээний суудал 50/50%-ийн хуваарилалттай. Гэхдээ 3-р эгнээний суудлын хөл болоод толгойн зай үнэхээр бага хэмжээтэй, тийм ч болохоор энэ суудлууд бол хүүхдүүдэд зориулсан суудал юм.

Мэдээж 2 болоод 3-р эгнээний суудлуудыг хурааж тээшний зайг томруулж болох бөгөөд аялал зугаалгын үед дотор нь хангалттай багтаж унтахаар том зайтай болдог юм байна.

Шатахуун зарцуулалт

Яг л Бойнг-747 юм уу сансрын хөлөг унасан дайтай бензинийг шатааж өгнө дөө. Түүний шатахууны сав 93 л бөгөөд нэмэлт банктай. Ингэснээр 93+45=138 литр шатахуун хадгалах багтаамжтай болно. Албан ёсоор шатахуун зарцуулалтыг 14.8л/100 км-т гэж зааж өгсөн бөгөөд 2.8 тонн жинтэй LX 570-ийн хувьд боломжийн үзүүлэлт юм. Гэхдээ амьдрал дээр энэ үзүүлэлт шулуун замд 15.5л/100 км гэж зааж байлаа.

Түүний өрсөлдөгчид бол өнөөдрийн байдлаар Ренж Ровер загварууд, нэмээд Cadillac Escalade, Lincoln Navigator, Infiniti QX, Mercedes-Benz GL-Class орох бөгөөд цаашлаад Ауди Q7, BMW X5, Porsche Cayenne загварууд орж байна. Гэхдээ түүхийнхээ хугацаанд LX загварууд маш хүчтэй маркетингийн тусламжтайгаар өдгөө Ренж Ровер загвартай шууд өрсөлдөгч хэдийнээ болжээ. Lexus LX 570-д том биеийн хэлбэр, хурд, спортлог төрх, офф-роад гени, уламжлалт люкс байдал зэрэг нь түүний бусдаас онцгойрох имиж юм.

АНУ-д албан ёсоор үндсэн үнэ нь $79,400 ам.долларын үнэтэй зарагдаг байгаа ба үүн дээр тээврийн зардал $875 ам.доллар нэмэгдэж зарагдах юм байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.