ТОЙМ - ИХ ХОТЫН ДЭГЖИН IST

#REVIEW

Нэг ийм загвар Улаанбаатарын гудамжаар мэр сэр үзэгдсээр нэлээн хэдэн жил боллоо. Гэхдээ Vitz, Corolla шиг элбэгшихгүй байгаа нь нэг учиртай юм. Хэн дуртай нь аваад нугаслаад хаявал хаяхаар хугацаа өнгөрлөө. Гэвч цөөн хэвээрээ байгаад байгаа нь онцлог. Энэ нь түүнийг зохион бүтээх үзэл баримтлалаас үүдэлтэй юм. Уул нь бол өчүүхэн жижиг компакт машин хэмжээний хувьд Vitz ээс ялгараад байх юм байхгүй.

Гэтэл түүнийг анх төлөвлөхдөө жижиг гэдэг утгаар нь биш өндөр зэрэглэлтэй байлгах зорилгыг тавьсан байна. Өөрөөр хэлбэл жижиг машин ч бас тансаг байж болдог юм гэж харуулахыг зорьжээ. Тиймдээ ч үнэ нь ахиухан болжээ. Одоо л учир нь олдож байна. Цаанаа үнэ нь олигтой хямдарч өгөхгүй байгаа учраас манай машины наймаачид олноор авчрахгүй байгаа юм.

Хөдөлгүүрийн хувьд  1.3 ба 1.5 литрийн хөдөлгүүртэй бөгөөд NZ серийн хөдөлгүүрүүд юм.  Кроп нь бүгд 4 шатлалтай автомат бөгөөд CVT тавигдаагүй юм. Урд тэнхлэг хойд тэнхлэгийн бүтэц Vitz-тэй адил бүтэцтэй. Тoyota-гийн бусад жижиг загварууд ямар билээ тийм л байдаг. 4 дугуйгаар мааждаг загвар бий боловч урдуураа мааждаг нь элбэг. Хойд тэнхлэг нь хагас хамааралтай, тусдаа пүрш амортизатор. Өндөрлөх боломжтой, гэхдээ тэгэх хэрэггүй гэж хэлэх байна. Урд тэнхлэг страт бүтэцтэй болохоор дуу орох нь бага ба орсон ч солих зүйл бага юм. Мэдээж шатахуун зарцуулалт багадаа орно. Дунджаар 7 литр. Түүнээс их идүүлэх үү бага идүүлэх үү гэдэг нь таны чадвараас шалтгаална.

Гадна дизайны хувьд жижиг машинд баймааргүй тансаг болсон гэхэд болно. Урд их гэрлийн хэлбэр, шулуун тууш том урд нүүр нь хоорондоо маш зохицсон учир тийм ч хямд мэт харагдахгүй. Хажуу талаасаа ч гэсэн хэт бөмбөгөр биш хэт дөрвөлжин биш яг л таарсан классик стиль. Харин эгц хойноосоо бол трапец маягийн, палааж шиг ч гэж хэлж болмоор юм. Гэхдээ тийм ч муу биш шүү. Ихэнх нь хайлшин ободгүй байдаг ба өөрт нь зохисон колпактай бөгөөд хайлшин обуд тавихдаа үзэмжийг нь сайн бодохгүй бол таны машиныг колпактай байснаас нь доор харагдуулж мэдэх юм.

Салоныг орж үзэхэд жижиг машинууд дотроо бол арай өргөн юм шиг санагдлаа

Салоныг орж үзэхэд жижиг машинууд дотроо бол арай өргөн юм шиг санагдлаа. Урд баганыг урагшлуулж шилийг налуулж өгснөөр хянах самбарыг бандгар том хийхэд нэмэр болсон байна. Хянах самбарын гадаргууг зүгээр нэг гөлгөр хийчхээгүй, торлосон хээ оруулж өгснөөр хямд биш мэт харагдуулж чадсан байна. Харин хянах дэлгэц нь голдоо ба тал дээр ганц уул торойж байгаа мэт юм. Голдоо хийх нь түр зуурын дизайны үзэгдэл гэх юм уу даа.

Дараагийн шинэ загвартаа эргээд рулийн урдаа хянах дэлгэц нь байрлах болсон. Хурд хэмжигчийг ганцааранг нь тодруулж цагаан болгосон нь холоос сондгойроод долир мэт харагдуулна. Усны температур заагч байхгүй ба цэнхэр улаан гэрлээр хүйтэн, хэт халсан гэдгийг мэдэх боломжтой. Паарны удирдлага нь том 3 дугуй эргүүлдэг хэлбэрийнх бөгөөд хэрэглэхэд ойлгомжтой. Хөгжмийг дээр хэсэгт суурилуулсан нь гарт ойр болжээ.

Ингээд жолооны ард суугаад рулийн дээд зайгаар хараад үзээрэй, эл хуль хоосон оргиод их эвгүй байна. Бүүр ямар ч зураас ховил энэ тэр байхгүй мөлгөр гээч. Тэгэхдээ дасна даа дасна. Бас нэг зүйл нь тэр мөлгөр гадаргуугаас нар гялбаж болзошгүй юм билээ. Тиймээс урдаа хар өнгийн алчуур юм уу даавуу тавих хэрэгтэй. Рычагны урд хэсэгт голлосон 2 ундааны тавиур байна. Арай л доор юм шиг.

Хаалганы дотор талын хослол дизайныг чамбай гаргажээ. Мөнгөлөг өнгийн хослолыг донжийг нь оруулаад хийсэн байна. Шинэ дээрээ бол гоё харагдах байх. Ийм дизайны шийдэл нь нэлээн хэрэглээд тос, хөлстэй гараар бариад байвал мөнгөлөг будаг нь элэгдэж хуураад муухай харагддаг л даа. Бүх шилийг нэг даралтаар юм уу, таталтаар хааж болдог “All Аuto” систем хүртэл бий. Хааж байх үед юм хавчуулагдвал автоматаар зогсдог.

Суудлын материал нь дунд гарын седануудад хэрэглэдэг арай чанартай материал бөгөөд суудлын ховил, гоёлын оёдлыг тун сайн гаргаж өгчээ. Дээр дурдсанаар жижиг авто машинд чанарлаг салон хийхийг зорьсон байна. Арын суудлын түшлэг урагш бууснаар томоохон хэмжээний зүйл ачих боломжтой юм. Хойд суудлын өвдөгний зай ердийн хэмжээтэй, хөлөө жийгээд доош гулгаад суухаар биш, яг л сайхан эгц суухад зориулагдсан. Холын замд бол ойр ойрхон зогсож биеийн чилээгээ гаргах хэрэгтэй.

Ерөнхийдөө бол 30 хүртэл насны эмэгтэйчүүдэд маш сайхан зохихоор загвар юм. Эрэгтэй хүнд бол арай л эмэгтэйлэг харагдана. Гаднаас нь та хараад үзээрэй, дэлгүүрт байдаг гоёмсог лакдсан эмэгтэй цүнх санаанд чинь орох вий. Эцэст нь хэлэхэд энэ бол хотын чамин загвар. Хөдөө гадаа явах уу гэж асуух ч хэрэггүй. Хөдөө явна гэвэл өөр сонголт бий шүү дээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.