ЖОЛООНЫ ЭРХ СЭРГЭЭХ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

“Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Х.Одбаяраас тодрууллаа.

-“Тэгш зам” төслийн хүрээнд жолооны эрх сэргээх шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөл бүрдсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдал, соёлыг төлөвшүүлэх талаар цогц мэдгсэг олгох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэх сөрөг үр нөлөөг таниулах зорилгоор ЦЕГ-аас “Тэгш зам” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох сөрөг үр дагавартай байсан юм.

Иймээс эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлэх компьютерт суурилуулсан программ хангамжийн тусламжтайгаар электрон хэлбэрээр тодорхой хугацаанд үнэн зөв бөглөснөөс хамааран төв компьютер болон шалгуулагчид тэр даруй тэнцсэн эсэх мэдээлэл гарах юм.
Ингэснээр хариу нь хурдан гарахаас гадна илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдэж байна. Энэхүү системийг өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн байгууллагад цагдаа жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар туршихад алдаагүй хэвийн гэсэн үзүүлэлт гарсан.

-Шалгалт өгөх гэж буй иргэд гаднаас интернэт ашиглан шалгалт өгч болох уу?

-Дахим шалгалтыг интернэт орчинд авахгүй. Харин сургалтын танхимд жолооны эрх сэргээлгэх шалгалт өгөх хүмүүс компьютер дээр тест бөглөх хэлбэрээр шалгалтаа өгнө.

Жолооны шалгалтыг цахимаар авахын давуу тал олон бий. Тухайлбал, шалгаж байгаа мэргэжилтний цагийг хэмнэнэ. Мөн хамгийн гол нь үнэн шударга, бодитой байх болно.
Шалгалтын үйл явц нь хүний хүчин зүйлээс хамааралгүй болохоор зөвхөн тестийг зөв бөглөсөн, ном уншсан, хичээлээ ойлгосон хүн л шалгалтад тэнцэнэ гэсэн үг.

-Цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан шалгалтын хугацаа, журамд өөрчлөлт орох уу?

-Жолооны курст сурах болон шалгалтын хугацааг Хууль зүйн сайдын 2014 оны А/158 журмаар баталсан байдаг. Одоохондоо шалгалтын хугацаа болон журамд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.

Гэхдээ цаашдаа журамд нэмэлт өөрчлөлт оруулах, цахим хөтөлбөрийг хангах нэмэлт журам гаргах зэрэг дараа дараагийн үйл ажиллагааг явуулна. Журмын өөрчлөлтийг шат дараатай бага, багаар оруулах юм. Дромын шалгалтын журамд өөрчлөлт оруулах ажлыг судалж байгаа.

-Шалгалт өгөх гэж буй иргэн ямар нэгэн төлбөр хураамж төлөх үү?

-Тухайн иргэний суралцаж буй жолооны сургуулиас үзэх ёстой хичээлээ үзсэн, дадлагаа хийсэн, энэ хүн тэдэн цагийн тийм хичээлд суусан гэх мэдээллийг бидэнд дэлгэрэнгүй өгдөг. Манайхаас хяналт тавьдаг. Тийм учраас ямар нэгэн мөнгөн хураамж авахгүй.

Иргэд цахим шалгалт өгөөд эхлэхээр тухайн хүний компьютерт “Та замын хөдөлгөөний дүрмийн хэд дэх зүйл заалтыг алдсан байна” гээд шууд хариуг нь гаргаж, нэгдсэн дэлгэцэн дээр тухайн хүний тэнцсэн, тэнцээгүй талаарх мэдээлэл гарч ирнэ. Ингээд тэнцсэн тохиолдолд тухайн хүний материалыг автоматаар хэвлэж, бүх мэдээлэл нь манай нэгдсэн санд орно. Үүнд ямар нэг хүний хүчин зүйл, механик ажиллагаа байхгүй учир автоматаар тэнцүүлнэ гэсэн зүйл байхгүй. 

Эх сурвалж | http://www.ikon.mn/n/mte

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.