Х.ОДБАЯР: ЗӨРЧЛИЙН ОНООГ НӨХӨЖ ХАСНА

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам хэзээнээс, хэрхэн хэрэгжих талаар Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх, Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Х.Одбаяраас тодрууллаа.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг дагаж гарсан Зөрчлийн оноо тооцох журам хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дагаад нийт 26 журам батлагдсаны нэг нь Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам юм. Зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлэхийн тулд хийгдэх бэлтгэл ажлууд байгаа. Тухайлбал, цахим системд шилжих, програм зохиох гээд асар их ажил байна. Журам батлагдсанаас хойш холбогдох байгууллагууд эдгээр ажлуудыг хийгээд явж байгаа. Бидний зүгээс яг тэдэн гэхэд шаардлагатай систем, техник хэрэгсэл бэлэн болно гэж хэлэх боломжгүй байна.


Зөрчлийн оноо хасах процессын үйл ажиллагаа явагдаж байгаа.


Журам хүмүүсийн нүдэн дээр ил хэрэгжээд, зөрчил гаргасан жолооч нарын оноог хасахгүй байгаа хэдий ч хуулийн дагуу журам нь есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн оноо хасах процессын үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг.

- Зөрчлийн оноог нөхөж хасна гэсэн үг үү?

- Тийм. Жолооч зөрчил гаргахад бэлэн бусаар торгож байгаа. Бэлэн бусаар торгоно гэдэг маань тухайн жолоочтой холбоотой мэдээ мэдээллүүд жолоочийн бүртгэлийн санд хадгалагдсан гэсэн үг. Тухайн мэдээллийг үндэслэн жолоочийн есдүгээр сараас хойш гаргасан замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг тооцож, журмын дагуу оноог нь нөхөж хасна.

Жолооч зөрчлийн оноогоо хасагдсан эсэхийг хянах вэб сайтыг хийж байгаа. Одоогоор хараахан бэлэн болоогүй байна. Вэб сайт бэлэн болмогц замын цагдаагийн байгууллагын зүгээс нэгдсэн байдлаар мэдээлэл өгөх болно.

- Torguuli.mn вэб сайтаар ороод торгуулиа шалгадаг шиг зөрчлийн оноогоо хасагдаж байгаа эсэхийг хянадаг вэб сайттай болно гэсэн үг үү?

- Тийм ээ. Бэлэн бус торгуулийн системд шилжсэнээс хойш torguuli.mn вэб сайт руу ороод автомашиныхаа дугаар серийг бичээд хэдэн удаа дүрэм зөрчсөн, хэдэн төгрөгийн торгуультай байгаагаа хардаг шиг тийм вэб сайттай болно.

- Одоохондоо жолооч нар есдүгээр сараас хойш гаргасан замын хөдөлгөөний зөрчлөө хянаад зөрчлийн оноо нь хасагдсан эсэхийг тооцоолох юм байна. Тийм үү?

- Тэгэлгүй яах вэ. Ер нь бол зөрчлийн оноо хасах энэ зохицуулалт нь цоо шинэ зүйл биш гэдгийг хэлмээр байна. 2000 оны эхэн үед жолоочийн сахилгын талон гэж байсан. Талоноо гурав цоолуулбал хүчингүй болдог байсан. Энэ нь жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд үр дүнтэй арга байдаг.

Замын хөдөлгөөний дүрэм бол бүх нийтээр дагаж мөрдөх дүрэм. Хэн нэгэн давуу эрх эдэлж, дүрмээ биелүүлээд явж байгаа бусад жолоочийн эрхийг зөрчиж болохгүй. Замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчдөг цөөхөн хэдэн жолооч байгаа. Даган дуурайдаг бас нэг хэсэг байдаг. Тэдгээрээс болоод дүрмээ баримталдаг олонх хохирох ёсгүй. 

ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛИЙН ОНООГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ?

  • Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш НЭГ жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй ХОЁР жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү урамшуулал хамаарахгүй.

 

  • Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
  • Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.

Эх сурвалж | iKon.mn

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.