ЗӨРЧЛИЙН ОНООГ ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС ТООЦОЖ ЭХЭЛНЭ

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам хэзээнээс, хэрхэн хэрэгжих талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат, ЦЕГ-ын харьяа Лицензийн төвийн орлогч дарга П.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.

ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчлэн батлагдсан хууль 2015 оны 9-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Тус хуулийг дагалдан гарсан 26 журмын нэг нь Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам юм. Техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа учраас энэ журам одоогоор мөрдөгдөж эхлээгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Зөрчлийн оноог нөхөж тооцохгүй байхаар тогтоод байна.


Журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад оршино.


Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хүртэл хасна гэж тус журамд орсон.

Зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан.


Онооны систем нь замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй жолооч нарт төр албадлагаа хэрэглэж байгаагийн нэг хэлбэр юм.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчлэн батлагдсан хууль 2015 оны 9-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээс хойших статистик мэдээг харахад зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна. Энэ бол эрхзүйн зөв зохицуулалтын үр дүн гэж харж байгаа.

Замын хөдөлгөөний дүрэмд 80-аад зөрчил багтсан байдаг. Эдгээрээс 17 зөрчилд нь онооны систем хамаарч байгаа. Энэ 17 зөрчил зам тээврийн осол болж төгсдөг” гэлээ.

Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгох юм байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвийн орлогч дарга П.Эрдэнэбат “Зөрчлийн оноо дууссан болон эрх нь хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн оноог сэргээнэ гэж заасан байгаа.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журамд зааснаар зөрчлийн бүртгэлийн оноо дууссан жолооч хоёр цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгөөд тэнцсэн бол зөрчлийн оноог сэргээнэ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч зургаан цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгөөд тэнцвэл жолоодох эрхийг нь сэргээж, зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээнэ.
Эрх сэргээх замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахимаар авах бөгөөд шалгалтын дүн тэр даруй гарч, иргэд шууд харах боломжтой. Шалгалтыг хэдэн ч удаа өгч болно” гэлээ.

Эх сурвалж | www.iKon.mn

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.