РАДИАТОР СЭТГЭНЭ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ? №245

Та гадуур явахдаа радиатор сэтгэнэ, гагна гэсэн үгийг олон удаа харсан байх. Сэтгэх гэдэг үгийн утга нь энэ үйлчилгээний утгийг шууд илэрхийлэх бөгөөд бөглөрсөн нүх сүв мэтийг сэтгүүрээр ухаж хатгаж нээхийг хэлдэг. Тэгвэл эндээс радиатор яагаад бөглөрдөг талаар эхэнд нь ярих нь зөв.

БҮТЭЦ

Радиаторын бүтэц нь маш олон жижиг нүх сүвээс бүрдэж (хөргөх гуурс, ялтас) түүгээрээ хөргөлтийн шингэнийг дамжуулах үүрэгтэй бөгөөд халсан шингэний илчийг сэнс болон хүйтэн агаарын туслалцаатай хөргөж цааш дамжуулах зориулалттай байдаг. Харин салоны радиатор халуун шингэнийг сэнсний туслалцаатай салон руу үлээж дотор температурыг нэмэх үүрэгтэй байдаг.

БӨГЛӨРӨХ

Хэрвээ салоны радиатор бөглөрвөл паар хүйтэн бүлээн үлээж эхэлдэг бөгөөд ихэнх тохиолдолд радиатор бөглөрснөөс болсон байдаг. Харин моторын радиатор бөглөрвөл хөдөлгүүр халах, хянах дээр анхааруулах гэрэл асах, хөргөлтийн шингэн асгарах, буцлах үзэгдэл илэрдэг. Радиаторыг бөглөрөл нь доорх зүйлстэй салшгүй холбоотой.

  • Удаан хугацааны туршид хөргөлтийн шингэнийг солиогүй
  • Хөргөлтийн шингэн хольж хэрэглэсэн
  • Авто химийн бүтээгдэхүүний зүй зохисгүй хэрэглээ байдаг.

АНХААРАХ ЗҮЙЛС

Тиймээс хөргөлтийн шингэнийг солихдоо бүрэн асгаж байж солих, өнгө холихгүй байх, антифриз болон coolant-ийг хооронд нь холихгүй байх зэрэг энгийн зүйлсийг мөрдөх хэрэгтэй.

Мөн жолооч нар хөргөлтийн шингэний их бага гоожилтыг тогтоолгүйгээр шууд авто химийн бүтээгдэхүүн хэрэглэх нь олонтаа. Авто химийн бүтээгдэхүүн нь их цоорлыг битүүлэхгүй маш бага хэмжээний шүүрлийг битүүлэх бөгөөд их цооролттой бол мэргэжлийн засварын газарт хандах хэрэгтэй. Бага зэргийн гоожилтыг мөн л үзүүлж байж шийдэх бөгөөд гоожилт зогсоогчийг нэг дор хийхгүй бага багаар хэрэглэж зогстол нь үр дүнг байнга хянаж байгаарай.

СЭТГЭХ АЖИЛЛАГАА

Нэгэнт битүүрсэн радиаторын дотор талд маш их нялцамхай эд тогтож нүх сүвийг нь бөглөсөн байдаг. Ингэснээр хөргөлтийн шингэн нарийн сувгуудаар дамжиж чадахгүй бага эргэлт хийж паар халуунаар үлээхгүй, мотор халах зэрэг дээр дурдсан үзэгдлүүд гарна. Сэтгэхийн тулд:

  1. Радиаторыг бүрэн салгаж авна
  2. Дээд эсвэл доод хэсгийн нэг талыг нь өрмөөр нээнэ (лааз задалдаг шиг)
  3. Суваг бүрт нимгэн төмөр оруулж нааш, цааш хөдөлгөх зарчмаар бөглөсөн эдүүдийг гаргаж авна (хэрвээ удаан хугацаанд явсан бол хатуурсан байдаг)
  4. Сувгийн бөглөө гарсан тул өндөр даралттай усаар 2 талаас нь хөөж үлдсэн жижиг хэсгүүдийг гаргана.
  5. Нээсэн талыг битүүлж гагнана.
  6. Хийгээр үлээлгэж битүүмжийг шалгана.
  7. Угсарна