ШИНЭ ЦАГИЙН MINI, MCLAREN P1, FERRARI F430 ЗЭРЭГ ОЛОН ШИЛДЭГ АВТОМАШИНЫ ЗАГВАРУУДЫГ ЗОХИОН БҮТЭЭСЭН ДИЗАЙНЕР ФРАНК СТЕФЕНСОНООС АСУУХ 7 АСУУЛТ

“McLaren P14 (2017 онд гарах 650S) загвар P1-ээс хамаагүй солиотой байх болно гэдгийг амлаж байна.”

C/D: Та өөрийн кареераа Европ дахь Фордоос эхэлж байсан. Тэнд Escort RS Cosworth дээр ажиллаж байснаараа хамгийн анх олонд танигдсан шүү дээ. Энэ талаараа яривал?

FS: Миний кареерийн онцлох цаг мөчүүдийн нэг яах аргагүй мөн. Хэрэв энэ машиныг харах юм бол ар хэсэгтэй том далавчтай бөгөөд төгсгөл хэсэгтээ бас нэг жижиг спойлер байдаг. Намайг анх үүнийг хийхээс өмнө хуучин 3 далавчтай, яг л Fokker DR. I онгоц шиг дундаа нэг далавчтай байсан. Ингээд хэсэг маргалдсаны эцэст нэгийг нь авч орхисон. “Машинд 3 далавч ямар хэрэгтэй юм.” Тиймээс энэ нь дээр байсан.

C/D: Та үүний дараа BMW рүү явсан. Тэнд X5 болон R50 Mini-гийн загваруудыг зохион бүтээсэн.  Энэ загвар бол таны замыг зааж өгсөн загвар гэдэг шүү дээ?

FS: Би өөрийн гэсэн хүүхэдгүй хүн л дээ. Гэвч ээж маань хэлэхдээ Mini-г харах болгондоо өөрийн ач зээ шиг гэж хэлдэг. Анх Mini-гийн загвар дээр өөр өөр дизайнер болон баримлын модель бүтээх хүмүүсээс бүрдсэн 15 баг өөрсдийн дизайны саналаа явуулж байсан юм. 95 оны 10 сард байлаа.

Мэдээж манай баг эцсийн өдөр хүртэл ажиллаж, загварыг танилцуулах өдрийн өмнөх шөнө дунд бид өөрсдийн загвараа дуусгаад ууж эхлээд байв.

Тэгээд би сүүлийн удаа загвараа шалгаад тойрч байтал нэг зүйлийг хараад таг хөшиж орхив. Юу болсон гэхээр бид машиндаа яндан хийхээ таг мартсан байв. Бүгд энэ үед юу хийхээ мэдэхгүй балмагдаж байлаа. Харин энэ үед би нэгнээс нь ууж байсан Будвайзер пивоны лаазыг аваад талыг нь тайраад, сайтар өнгөлж байгаад өөрсдийнхөө баримал дээр зоож орхисон юм.

Үүний дараа  бидний бүтээл шалгарч, Крис Бейнгли (Сүүлд BMW-ийн ерөнхий дизайнер болсон) манай загварыг хараад “Гайхалтай бүтээл болжээ Франк. Энэ загвар маш их амжилтыг чамд авчрах болно. Гэхдээ дахиж модель хийж буй багийнхнаараа ийм нарийн деталь яндан хийлгэж цагийг нь битгий үрээрэй” гэж хэлсэн юм. Түүний бодлоор үүнийг хийхэд маш их анхаарч 6, 7 цаг зарцуулсан гэж бодсон байх.

C/D: Таныг анх Маранелло (Ferrari-ийн өлгий нутаг) руу явах уу гэж асуухад хэр гайхсан бэ?

FS: Mini-гийн дараа маш олон газраас над руу залгаж байсан боловч би тэндээс явахыг хүсээгүй юм. Гэвч удалгүй нэг мэргэжлийн headhunter надруу утасдаж, нэг компани ахлах дизайнераар ажиллуулах санал тавьж байна гэхдээ ямар компани гэдгийг нь надад хэлээгүй юм. Тэд над руу онгоцны тасалбар явуулсан ба би яагаад яваад ирж болохгүй гэж бодоод билетийг хартал Италийн Турин лүү нисэх онгоцны тасалбар байсан.

Үүнийг хараад яах аргагүй Fiat байнаа л гэж бодсон юм. Мэдээж Fiat байсан бөгөөд би тэндэхийн дизайны ахлахтай хоолонд орж, ахлах инженерүүдтэй уулзсан юм. Энэ үед би ямар нэг студийн менежерийн албан тушаал юм байна гэж бодсон. Гэвч тэд энэ бол Ferrari болон Maserati-гийн загварын төв гэдгийг хэлэхэд би идэж байсан бялуугаараа гахаж цацаж эхэлсэн. Ferrari өөрийн дизайны захиралгүй байсан болохоор бие даасан Пининфарина (Pininfarina) болон Джуджаро (Giugiaro) зэрэг дизайны компани болон дизайнеруудыг бүх зүйлдээ ашигладаг байж.

Тиймээс тэдэнд энэ бүхнийг удирдан явуулах хэн нэгэн хэрэгтэй байна. Лука ди Монтеземоло тэнд ажиллаж байсан багийнхантай таарч тохирохгүй байна гэсэн юм. Харин миний хувьд “ Би хаана гарын үсэг зурах вэ?” гэсэн хүн байсан бөгөөд шууд тэндээ шинэ ажилдаа орсон.

C/D: Та Ferrari F430, Maserati MC12-н загварыг зохион бүтээж өөрийн мөрөөдлийн ажлаа хийж байсан. Гэвч яагаад үүнийгээ орхиод Fiat руу явсан бэ?

FS: Тэр үед яг л диваажингаас там руу явж байгаа юм шиг байсан. Маш их зүйлсийг хийж ирсэн Fiat компани яг л сүйрлийн ирмэг дээр байсан. Серджио Маркионне захирлаар ирээд бараг бүх хүмүүсийг ажлаас нь халж эхэлсэн. Намайг бараг хүчээр дизайн хариуцсан захирлаар тавьсан.

Тухайн үед би ямар нэгэн буруу юм юу хийлээ гэж бодож байлаа. Гэвч тэд надад юу ч хэлээгүй,  зүгээр л 10 сарын дотор амжилт олох ямар нэгэн шинэ машин хий үгүй бол Fiat гэдэг компани байхгүй болно гэж хэлсэн юм. Иймээс бид нэгэн гайхалтай санааг гаргасан.  Хамгийн амжилттай бүтээгдэхүүн болох Panda-г авч бүх биеийг нь задалж түүн дээрээ шинэ биеийг угсарч өгсөн. Энэ бол шинэ 500 байсан юм.

C/D: Alfa-д хэсэг завсарласны дараагаар та McLaren-руу орсон. Маранеллотой харьцуулахад Вокинг танд уйтгартай нам гүм санагдаж байсан болов уу?

FS: Тийм ч их биш. Энэ төвшинд автын үйлдвэрлэлд ажилладаг хүмүүс бүгд маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тийм ч байх ёстой. Ferrari-д байх үед шалан дээгүүр энд тэндгүй овоолсон их цаас, хүмүүс өрөөний цаанаас нэг рүүгээ орилсон эсвэл нэг рүүгээ юм шидэлцсэн тийм байдаг байлаа.

Энэ бол мэдээж хүсэл эрмэлзэл мөн боловч энэ таныг ямар нэгэн зүйл бүтээхэд тус болдог зүйл нь биш. P1-г хараарай. Хэн ч үүнийг сэтгэл хөдлөлгүй уйтгартай загвар гэж хэлж чадахгүй.

C/D: Та тухайн үед Рон Деннистэй хэрхэн нийцэж ажиллаж байв?

FS: Намайг анх McLaren P1-г эхлэх үед Рон тусалж чадах зүйл байна уу гэж асуусан юм. Би яагаад болохгүй гэж “Бидэнд өмнөх оны (2009) оны Льюис Хэмилтоны Формула 1-ийн машиныг өгчих” гэж хэлсэн юм. Тэгээд бид түүнээс үндсэн загварыг нь авч ажиллаж эхэлсэн. Бид студид сар орчим сууж шинэ загвараа гаргахаар ярилцаж ажиллацгааж байлаа.  Энэ бол P1-г бүтээх том алхмын нэг байсан бөгөөд одоогийн нягт нямбай спортлог бөгөөд хурц өнцгүүдийг дарж өгсөн тийм загвар бий болсон юм.

C/D: Тэгвэл та өнгөрснөөсөө юуг өөрөөр хийхийг хүсдэг вэ?

FS: Би энэ автын үйлдвэрлэлд ажилладаг хүмүүсийн хамгийн азтайчуудын нэг байх. Миний туулж ирсэн кареер үргэлж л өсөж дэвшиж ирсэн. Тэр бүү хэл шилжилт бууралт нь хүртэл ингэж санагддаг юм. Ferrari-гаас Fiat руу шилжсэнээрээ би шинэ Fiat 500-г зохион бүтээсэн. Миний өмнө нь хийсэн бүхэн одоогийн байгаа байр сууринд маань хүргэсэн. Яг л миний хүсэж байгаа байр сууринд минь. Та бүхэн харин дараагийн загварыг хүлээж байгаарай . McLaren P14 (2017 онд гарах 650S) загвар P1-с хамаагүй галзуу байх болно гэдгийг амлаж байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.