ЦАХИЛГААН МАШИНЫ 120 ЖИЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ - ЭХЛЭЛ

Бидний мэдэх цахилгаан машин хөгжөөд аль хэдийн 100 гаран жил болжээ. Өнөөдөр цахилгаан машин үйлдвэрлэлээрээ толгой цохиж буй Тесла motors болон General Motors-ийн 20 жилийн өмнө гаргасан EV1 загвараас ч өмнө цахилгаан машины хөгжил эхтэй.

Дотоод шаталтын хөдөлгүүрээс ч өмнө цахилгаан машин бүтээхээр мөрөөдөгсөд энэ чиглэлээр олон туршилт хийсэн байдаг.  Өнөөдрийн цахилгаан машин нь түүхэн хөгжлийн явцад өмнө нь огт байгаагүй шинэ зүйл мэтээр буруу ойлгогдож байна. Тэгэхээр энэ бүхэн хэзээ, хаанаас хэрхэн эхэлснийг хамтдаа мэдэцгээе.

1830-д онд Шотландын Robert Anderson гэгч эрхэм батарейгаар ажилладаг моторт тэргийг зохион бүтээжээ.Гэхдээ батарейгаа цэнэглэж болдоггүй байв. Уг машин тэр үедээ л ид шидийн мэт ажилладаг тээврийн хэрэгсэлд тооцогдож байв.
Мөн Robert Davidson анхны цахилгаан вагон зүтгүүрийн хувилбарыг 1837 онд зохион бүтээж байжээ. Харин өмнөх зүтгүүрээс илүү сайжруулсан, илүү том загвар 1841 онд бүтээгдсэн бөгөөд энэ зүтгүүр 6 тонн ачааг 2.4 км газар зөөх чадалтай байсан.

Гэвч энэ загварт шинэ батарей хэрэгтэй болсон ба шинэ цахилгаан хөдөлгүүрийн ажиллагааг харсан уурын хөдөлгүүрийн ажилчид өөрсдөд нь аюул тулгарч байгааг мэдээд Davidson-ийн цахилгаан зүтгүүр болох “Galvani-г эвдэж байжээ.

1859 онд батарейг цэнэглэж болох боломж бүрдсэнээр цахилгаан машин бүтээх санаа биелэх боломжтой болж ирсэн юм. Шотланд эрдэмтэн William Moriison 1887 онд өөрийн цахилгаан тэрэгний патент авах хүсэлтээ өгч байжээ.

Түүний зохиосон машин 1888 оны парад дээр хамгийн анх удаа олон нийтэд харагдсан бөгөөд 4 морины хүчтэй, 32 км/цаг хурдлах боломжтой байв. Нийтдээ 24 ширхэг батарейгаар 80 км зайг туулж байсан нь тухайн үедээ шинэ ололт, шинэ дэвшлийг авчрав. 1893 онд Morrison-ийн өөрөө явагч машин Чикаго хотод болсон Дэлхийн үзэсгэлэнд шуугиан тарьсан бүтээлээр нэрлэгдэж байлаа.

ЭЛЕКТОБАТ

Electrobat энэ тийм ч гоё нэр биш байгаа биз? гэсэн ч энэ загвар хамгийн анхны хэмнэлттэй цахилгаан тэргээр тооцогдож байв. Pedro Salom болон Henry G.Morris нар машин, завинд батарей ашиглах патентыг 1894 онд өөрсдийн нэр дээр авч байжээ. 700 кг батарейтай анхны том, удаан автомашиныг тэд зохион бүтээж, улмаар 1896 онд сайжруулалт хийн хойд дугуйгаар хөтөлдөг, илүү хөнгөн, 40 км газрыг 30 км хурдтай туулж чаддаг болгосон байна.

Electrobat нь бензин тэрэгтэй 8 км замын уралдаанд уралдан ялж байсан түүх бий. Morris ба Salom-ийн хувьд 1896 он яах аргагүй амжилтын жил байсан бөгөөд багагүй хэмжээний ашгийг олж үүнээсээ урамшин компани байгуулан ажиллах болсон. Тэр үед таксиг морин тэрэг орлож байсан ба тэд өөрсдийн загвараар хэд хэдэн цахилгаан тэрэг үйлдвэрлэн New-York хотын морин тэрэгтэй өрсөлдөж байлаа.

Төд удалгүй өөрсдийн санааг Issac L.Rice гэгчид зарж түүнтэй хамтран EVC буюу Цахилгаан тэрэг компанийг байгуулжээ. 1900 он гэхэд тэд том хөрөнгө оруулалтыг татан 600 цахилгаан тэрэг үйлдвэрлэн такси тээвэрт үйл ажиллагаа явуулах болжээ. Гайхалтай амжилттай байсан компани хэт хурдан томорсны улмаас төсөөлөөгүй асуудлууд урган гарч ирснээр 1907 онд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Тэдэнд батарей нийлүүлдэг байсан компани бол одоогийн Exide юм. Улмаар тэдний технологийг өөр нэгэн компани худалдан авч 1000 гаруй цахилгаан машиныг зах зээлд гаргасан бөгөөд энэ нь алсын хараа сайтай, Америкийг хөдөлгөгч эрхмүүд болох Ransom Olds, Henry Ford нарын ирээдүйн шийдвэрт чухлаар нөлөөлсөн байна.

ХАНАЖ ЦАДАХЫГ ҮЛ МЭДЭГЧ

Цахилгаан машинаар уралдахад тохирно гэдгийг баталсан үйл явдал болов. Бельгийн Camille Jenatzy 1899 онд өөрийн зохион бүтээсэн цахилгаан тэргээрээ хэд хэдэн хурдны дээд амжилтыг тогтоож, инновацыг сурталчилж байжээ.

Тэрээр өөрийн бүтээлээ “The Never Satisfied” буюу ханаж цадахыг үл мэдэгч гэж нэрлэн цахилгаан машинаараа 100 км/цагаас дээш хурдлан рекорд тогтоов. Торпед хэлбэртэй тус машинд 25 киловаттын хос мотор ашигласан бөгөөд үүнээс 134 морины хүч гардаг байв.

ТАНЫ МЭДЭХ НЭРСҮҮД

Зүүн талд суугаа эрхэм бол Studebaker юм
Зүүн талд суугаа эрхэм бол Studebaker юм

19-р зууны сүүл 20-р зууны эхээр автомашины салбарын ололт амжилт, нээлт дэлхий даяар цуурайтаж байлаа. Баячуудад зориулсан цөөн тооны автомашиныг зах зээлд гаргаж, уурын хөдөлгүүр ноёлж, цахилгаан машины шинэ үе гарч, хойноо хөтлөгчтэй бензин автомашинууд ар араасаа гарч байв. 

Ransom Eli Olds анхны олон нийтэд зориулсан Oldsmobile машиныг боловсруулахаасаа өмнө морьгүй цахилгаан тэргийг хэсэг хугацаанд үйлдвэрлэж байжээ. Түүний үйлдвэрт гал гарснаас хойш тэрээр дахиж цахилгаан тэрэг үйлдвэрлэхээ больсон билээ.

Түүхэнд тэмдэглэн үлдсэн өөр нэг тэрэг бол 23 настай Dr. Ferdinand Porshe-гийн зохион бүтээсэн Egger-Lohner C.2 Phaeton  загвар юм. Дэлхийн 2-р дайны дараа түүний хүү Porshe компанийг байгуулж байсныг хүн бүр мэдэх билээ. 1898 оны цахилгаан машин 129 кг жинтэй, 5 морины хүчтэй, 35 км/аг хурдалж байв. Аль 1893 оны Morrison-ийн машины хажууд энэ үзүүлэлт тийм ч сэтгэл татам биш хэвээр л байв.

Тэгтэл Studebaker гэгч эрхэм 20 зууны цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт цахиур хагалан орж ирсэн юм. Бензин хөдөлгүүрийн ирээдүй нэгэнт гэрэлтэй, хөгжих нь тодорхой болсон үед Edison болон Henry Ford хоёул цахилгаан машины ядаж нэг загвар ч болтугай гаргахыг шийдсэн байна. Нэг л зүйл тэдэн саад болж байлаа.

Тэр үед газар бүрт гэрэл цахилгаан очоогүй дэд бүтэц сул байсан юм. Үүнээс болж жолооч нар дэд бүтцээс хэт хамааралтай болж байлаа. Үргэлжлэл бий...

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.