ХУВЬСГАЛ ХИЙСЭН ХУВЬСАЛ - TOYOTA COROLLA

Гиннесийн номд орсон энэхүү автомашиныг бат бөх чанараараа бага гарын жийп гэхэд хилсдэхгүй. Toyota Corolla-ийн седан ангилалд хийсэн хувьсгалын талаар За рулём Монгол сэтгүүл ийнхүү өгүүллээ. Нийтлэлч С. Өнөболд, зургийг Э. Бадрах.

Cаяхан дэлхийн 100 гаруй улс оронд 23 хэлээр гардаг Гиннесийн амжилтын ном уншиж байтал автомашинтай холбоотой хэд хэдэн сонирхолтой баримт олж харлаа.

Тодруулбал, дэлхийн хамгийн хурдан автомашин болох Shelby Supercars Ultimate Aero TT 411,76 км/ц хурдалж 2,8 секундийн дотор 100 км/ц хүрдэг байхад Flatmobile гэх хамгийн намхан автомашин ердөө 4.8 см өндөртэй аж. Цаашлаад, автомашины түүхэн дэх хамгийн урт цувааг 2005 оны 10 сарын 9-нд 249 ширхэг Mazda MX-5 үүсгэж Li-Ion батарейтэй Mira EV цахилгаан машин нэг цэнэгээрээ 555 км зам туулж дээд амжилт тогтоожээ.

Тэгвэл ямар автомашин Гиннесийн номд борлуулалтаараа нэгт жагсдаг гэж бодож байна? Энэ бол 2000 оны сүүлээр борлуулалтаараа 25 саяд хүрсэн Toyota компанийн Corolla юм. 2006 онд Corolla 40 жилийн ойгоо тэмдэглэж энэ хугацаанд 10 гаруй удаа загвараа солиод зогсохгүй нийт үйлдвэрлэсэн тоо нь 32 саяын босгыг давжээ. Бас л овоо байгаа биз?

Харин би энэ удаа 9-р үе буюу 2005 оны E130 кузовтой Corolla-г онцолж бичихийн сацуу өмнөх, дараах үеийг давхар дурдах болно.

Corolla-г анх харвал жижиг, навтгар юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ номыг гаднах хавтсаар нь дүгнэдэггүй биз дээ? Юу ч гэсэн салоны талаар хэдэн үг хэлье.

Манай хэд өнгөрсөн зун Toyota Corolla, Kia Optima-аар Улаанбаатараас Хөвсгөл рүү 7 хоногийн аялалд гарсан юм. Би Optima-г хол замд ямар машин гэдгийг сайн мэддэг болохоор энэ удаад зориуд Corolla-д сууж хол замд туршиж үзэхээр шийдсэн. Өргөн, цэлгэр салонд суугаад ирж очихын 2000 км зам туулахад хөл гар бадайрч, нуруу чилсэнгүй.

Худалч хүнд бараг жолоо барих биш гэрийнхээ буйдан дээр тухалж суусаар байгаад таарсан. Жолооны хүрд хэт том, хэт жижиг биш учраас барихад эвтэйхэн, жолоодоход аятайхан. Ард сууж байсан 175 см-ээс дээш өндөртэй хүмүүсийн өвдөгөөр тулаагүй чөлөөтэй байсан.

Би урд сууж 185 см өндөртэй жолоочтой машинаа ээлжилж барьсан юм. Мань эр нэлээн өндөр, биерхүү байсан тул суудал нь холгоод жолооны ард эвгүй байх болов уу гэж бодож байлаа. Гэхдээ сүүлд нь ямар машин байна гэж асуухад нөгөөх чинь олон машин сольсон хүний хувьд тэр бүр ийм тухтай суудлын тэрэгтэй таарч байгаагүй гэв. Би ч бас ялгаагүй суудал нь ярих юмгүй янзтай байсантай санал нийллээ.

G загварын удирдлагын самбар нь цагаан өнгөтэй, товчлуур ихтэй.
G загварын удирдлагын самбар нь цагаан өнгөтэй, товчлуур ихтэй.
Х загварын хянах самбарын голд зөвхөн хурд заагч байдаг бол G загвар нэмээд тахометртэй
Х загварын хянах самбарын голд зөвхөн хурд заагч байдаг бол G загвар нэмээд тахометртэй

Салонд байж болох бүх рычаг товчлуурыг гар доор эвтэйхэн байрлуулжээ. Харуй бүрийд салоны гэрэл хангалттай тод. Хэмжээндээ таарсан хатуу конс, хааз, тоормостой. Гоёмсог, харахад аятайхан урд самбарын хянах дэлгэцээр мэдээлэл авах боломжтой. Урд босоо багана нь хэт өргөн байсан учраас үзэгдэх орчин бага зэрэг хязгаарлагдана.

Аялал яг наадмын үеэр таарч Элсэн тасархайгаар дайрсан болоод ч тэр үү машины дээвэр дээр өндөг шармаар тийм халуун байхад сайн кондишны ачаар салонд сайхан сэрүүн. Харин Хатгалд очсон хойноо далайн эргийн хажууд хоноглож байсан тул үүрээр машиндаа ороод паараа асаатал тэр даруйд яг л зууханд гал түлсэн мэт дулаахан болчихно. Нэмээд, салоны фильтр салонд тоос шороо оруулахгүй.

Чигчий хуруугаар сольж болмоор зөөлөн ажиллагаатай автомат хурны хайрцаг сэтгэлд тод үлдэж ээ
Чигчий хуруугаар сольж болмоор зөөлөн ажиллагаатай автомат хурны хайрцаг сэтгэлд тод үлдэж ээ
Гараар тохируулдаг суудалтай тул тааруулсны дараа бага зэрэг хөдөлж үзээд эвтэйхэн эсэхийг шалгаж байгаарай.
Гараар тохируулдаг суудалтай тул тааруулсны дараа бага зэрэг хөдөлж үзээд эвтэйхэн эсэхийг шалгаж байгаарай.

Эхлээд гараар тааруулдаг суудлыг тохируулах гэж нэлээн ноцолдсон. Гэхдээ энэ нэг их сүртэй юм биш л дээ. Хүн хүний хувьд өөр л байх. Зарим нь автомат тохируулагчид дуртай бол миний хувьд ямарваа нэгэн байдлаар аккумулятор салсан, машин тэргээ ийш тийш чирэх үед цахилгаан удирдлага ажилладаггүй, тухгүй байдаг болохоор гар тохируулагч нь илүү боломжийн.

Нэгэнт амралтаар явж байсан учраас Corolla-ийн 437 литрийн багтаамжтай багаажид загасны уурга, дэгээ, цүнх, дулаан хувцас гээд их юм чихлээ. Ялангуяа седан гэж бодохоор том багаажтай санагдсан. Нэмээд ослын дугуй ч орчихно.

Жолооч маань нэлээн хаазалдаг учраас 100-110 км/ц хүргэсэн ч жолоодлого сайн, эгнээ байраа түвэггүй эзэлж байсан. Шулуун зам руу гараад хурдаа 150 км/ц хүргээд жолооны хүрдээс гараа салгахад галт тэргээр явж байгаа юм шиг л чиглэлээ өөрчлөлгүй, чигээрээ явна. Ер нь манёвр сайтай, эргэлтээр аль болох бага радиусаар орж гарч байсныг онцолмоор байна.

Хойноо гурван хүн суухаар зайтай. Хол замд гарсан ч голд суугаа хүний бие чилж барихгүй.
Хойноо гурван хүн суухаар зайтай. Хол замд гарсан ч голд суугаа хүний бие чилж барихгүй.

Чигчий хуруугаараа сольж болмоор тийм зөөлөн, гарын аяар ажилладаг автомат хурдны хайрцгийн араа шилжилт сэтгэлд тод үлдлээ.

Миний бодлыг уншиж байгаа юм шиг цаг тухайд зөв араандаа орж, мэдэгдэхгүй ажиллана. 1,6 литрийн 125 морины хүчин чадалтай хөдөлгүүр нь яах аргагүй сайн байсан тулдаа 1,5 тонн жинтэй Corolla-аар 200 км/ц нисэж үзлээ. Чадалтай хөдөлгүүртэй гэхээрээ заавал их иднэ гэсэн үг биш шүү.

Харин ч шатахуунд хэмнэлттэй юм гээч! Хот дотор идэж уух юмаа цуглуулж бүтэн өдөр дэлгүүр хоршоогоор хэсэхэд 9 литр зарцуулсан. Аялалдаа гарахын даваан дээр шатахууны савыг дүүргээд огцом хурдалж, гүйцэж түрүүлэн хүчлэх маягаар нийт 600 км туулж байж шар гэрэл ассан. Тэр ч байтугай шар гэрэл ассанаас хойш 70 км явна! Миний санахын 110 км/ц хурдтай явахад 100-д 6 литр идэж байсан шүү.

Давуу тал: Зай ихтэй, тав тухтай салон, сайн тоормос, шатахуунз зарцуулалт бага, явдал гоё, зөөлөн, он удаан жил найдвартай ажиллах автомашин. Сул тал: Духны гинж, катушнкны резин, цахилгаан хүчлүүртэй рулийн аппарат
Давуу тал: Зай ихтэй, тав тухтай салон, сайн тоормос, шатахуунз зарцуулалт бага, явдал гоё, зөөлөн, он удаан жил найдвартай ажиллах автомашин. Сул тал: Духны гинж, катушнкны резин, цахилгаан хүчлүүртэй рулийн аппарат

Тоормосны тохируулгын хувьд ангилалдаа бараг нэгт орох байхаа. Хол замд явсныг хэлэх үү огцом тоормослох үе байлгүй яахав. Гол нь тухай бүрт шууд зогсож газарт шигдэж байсан юм.

Сайн наклад, пиланзын хувь нэмэр гэж байгаа байх л даа. Ер нь манайхан Японоос ирсэн машины нэг юм нь хяхтнаад дуугарвал тэрийг нь аваад хаячихдаг, эсвэл хятад наклад хийж пиланзаа өөрсдөө зурдаг. Тэр тусмаа 180,000-190,000 км гээд их гүйлттэй машины пиланз сэнсэрснээс болж хурдтай явж байгаад тоормослохоор далбилздаг.

Гэхдээ үйлчилгээ хийгээгүй, эсвэл хямд пиланз авсан тохиолдолд ганцхан Corolla ч гэлтгүй бүгд тэгнэ л дээ. Өөрсдөө зорж барьж монголчилж байхаар шинээр авсан нь хамаагүй дээр. Тэгээд хоёрын хооронд 20-30 мянгын наклад авснаас болж эргээд тортог ялгарч, хурдан элэгддэг тул гурван сарын дараа гэхэд аль хэдийнээ пиланзаа идээд эхэлчихдэг.

Тэгэхээр сайн наклад, пиланзтай Corolla-ийн тоормосны системд онц үнэлгээ өгөхөөр шийдлээ. Харин огцом тоормослоход руль нь жолоо булааж бага зэрэг хажуу тийш болж байсан.

Нэлээд их зайтай хаалганы карманд гар цүнх, бичиг баримттай хавтас чөлөөтэй багтана
Нэлээд их зайтай хаалганы карманд гар цүнх, бичиг баримттай хавтас чөлөөтэй багтана
Хуучны загвар гэдгийг илтгэх тод жишээ бол салон дахь үнсний сав юм. Одоо ч ийм юм ховордож дээ.
Хуучны загвар гэдгийг илтгэх тод жишээ бол салон дахь үнсний сав юм. Одоо ч ийм юм ховордож дээ.

Сул ажиллагааны үеэр хөдөлгүүрийн ажиллагаа сонсогдохгүй, зарим үед ч бүр хөдөлгүүр ассан уу гэмээр. Гагцхүү шороон зам руу гарахад урд дугуйн арк яг л мөндөр орохын адил чихэнд чийртэй байсан тул хөгжмөө байнга чангалж, султгаж байв. Миний бодлоор энэ дуу чимээ нь цахилгаан рулийн аппарат муудсантай холбоотой байсан болов уу.

Мэдээж Япон шиг гоё замтай газар ийм руль асуудалгүй байх ч манайд нийцэхгүй.

Corolla-ийн газраас тэнхлэг хүртэл 150 мм өндөр нь хотын нөхцөлд хангалттай юм. Яахав, шороон замд намхан санагдаж болох ч засмал замаар бол пуужин л гэсэн үг.

Гэхдээ хот ч гэлтгүй, аяллын турш янз бүрийн л газар давж гарч байсан. Сонирхол хөдлөөд бартаат замаар туршиж үзтэл бөөрөөрөө ганц хоёр шүргэхээс өөр элдэв юм болсонгүй. Бага гарын жийп шиг л зөөлөн явдалтай, сайн юм аа. Зундаа лагерь гардаг гэр бүлд яг тохирох юм шиг санагдлаа.

Есдүгээр үеийн Короллаг танихын аргагүй болтол өөрчилсөн Наанадаж л хурц хэлбэртэй кузов, пөмбөгөр капот, налуу босоо багана, ондоо хэлбэртэй радиаторын тортой.
Есдүгээр үеийн Короллаг танихын аргагүй болтол өөрчилсөн Наанадаж л хурц хэлбэртэй кузов, пөмбөгөр капот, налуу босоо багана, ондоо хэлбэртэй радиаторын тортой.

Манайхан энэ машины япон чанар, баталгаа болон тав тухад дуртай. Хүсвэл та хэд Corolla-д суугаад урд самбар чичирч дуугарахыг шалгаад үзээрэй. Угсралтын хувьд сайн гүйцэтгэлтэй болохоор бараг юу ч сонсогдохгүй дээ. Сайн бэхэлгээтэй болохоор эргэлт хийхэд кузов яажигнаж дуугарахгүй.

Гэтэл зарим шинээр гарч ирсэн илүү үнэтэй машины урд хавтан тачигнадаг биз дээ? Япончууд ч муу машин хийнэ гэж байхгүй л дээ. Сэлбэг эд ангийн хувьд Corolla тэгж их эвдрээд байдаггүй учраас ойр ойрхон засуулах шаардлага гардаггүй. Гэснээс, надад шинэ Corolla хуучнаа бодвол хэврэг юм шиг санагдаад байх юм.

Үйлдвэрийн бодлого байх л даа. Танк шиг юм хийгээд байхаар засвар үйлчилгээ, сэлбэг авах нь багасаж, машинаа солих нь удаан байдаг.

 437 литрийн багаажид янз бүрийн юм хийж байрлуулахад амар санагдлаа
437 литрийн багаажид янз бүрийн юм хийж байрлуулахад амар санагдлаа
Үйлдвэрээсээ 14 эсвэл 15-тай обудтай дугуйг илүү гоёмсог харагдуулмаар байвал 16-тай обуд тавьж болно. Ингэсэн тохиолдолд дугуй нимгэрэхийг анхаарна уу.
Үйлдвэрээсээ 14 эсвэл 15-тай обудтай дугуйг илүү гоёмсог харагдуулмаар байвал 16-тай обуд тавьж болно. Ингэсэн тохиолдолд дугуй нимгэрэхийг анхаарна уу.

Харин Axio загвараас эхлээд CVT хурдны хайрцагтай болсноор хурдны хайрцгийн тос буруу хийх эсвэл задалж угсрахдаа ганц утсыг нь гэмтээснээс болж араа шилжилт удааширч CVT-г тэр чигээр нь солих хэрэг гардаг.

Нэмээд, Alion, Premio, Ist гээд Toyota-ийн 1500-тай бүх машинд байдаг VVT-i хөдөлгүүрт синтетик тос хийдэг учраас дотор талын нагар, тортог суухаас гадна явж байхдаа өөрөө унтарчихдаг.

Загварын хувьд илүү дээр болсон ч шинэ, анхаарал татахуйц гоёмсог үзэмжээр муу чанарыг нууж далдалсан гэмээр. Мэдээж Axio нь 2006 оны бусад загварын машиныг бодвол харьцангуй дээр хэдий ч хуучны, бидний сайн мэдэх E120, E130 кузовтой Corolla-г бол яав ч гүйцэхгүй.

Гэлээ гээд Corolla-г зохион бүтээсэн Япончууд яах аргагүй худалдан авагчдадаа санаа тавьжээ. Гиннесийн номд орсон Corolla-г хэр сайн автомашин болохыг би биш дэлхий даяар зарагдсан борлуулалтын тоо л нотлох байх даа.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.